Монгол улс боломжуудаа алдсаар байна

5232533554ff998a106491Эдийн засаг эдийн засаг бас дахин эдийн засаг гээд ар дээр нь зөв зүйл яривч ачир дээрээ өөр зуураа хуваагдан талцсаар байтал Монголын боломжууд алга болсоор л.

Алга болох ч гэж дээ боломжуудаа харийнханд, өрсөлдөгчдөддөө алдсаар байна. БНХАУ-ын дарга Си Зиньпин хэдэн өдрийн өмнө Ялалтын баярт оролцохоор Москваг зорихдоо зам зуур Казакстанд нэг хоног буугаад өнгөрчээ.

Энэ нэг хоногийн хугацаатай айлчлалаараа Хятад Казактсаны удирдагч нар эртнээс ярилцаж байсан томоохон төсөл дээр үзэглэсэн гэнэ. Тодруулбал оросууд ч ярьдаг, хятадууд ч хэрэгжүүлэхээр төлөвлөж буй, манайхан ч оролцохоор элдвийг санаачилдаг “Торгоны зам” төсөл, байгалийн хийн хоолойн төсөлтэй холбоотой томоохон баримт бичигт Казакстаны ерөнхийлөгч Нурсултан Назарбаев, Хятадын дарга Си Зиньпин нар үзэглэсэн байна.

Сүүлийн хэдэн жил манай улсын төр засгийн тэргүүнүүд гадаад дахь айлчлалаараа энэ төсөлтэй холбоотой асуудлуудыг багагүй хөндөнярьж байсан. Тэгвэл байгалийн баялгаараа манай улсаас ч дутахгүй хэмжээтэй Казакстан Хятадын талын асар их хөрөнгө оруулалтыг татаж чадсан гэнэ.

Энэ бол бас л нэг боломж байсан. Үүний өмнөхөн дөрөвдүгээр сард бидний хэдэн жилийн өмнөөс л тоомсорлодоггүй байсан Тувагийн Элегестийн нүүрсний ордыг Оросын тал бүх асуудлыг нь дор нь шийдэж орхиод одоо олборлож Хятад руу гаргах л үлдээд байна. Энэ тухай манай толгой эдийн засагчид халаглан ярьж, бичсээр байна.

Тавантолгой, Оюутолгойгоороо гайхуулж бардамнасаар байтал манай улсын эргэн тойронд Сибирь, Казакстанд том том ордууд нээгдэж эхнээсээ ашиглалтад орж үр шимийг нь хүртэх дээрээ тулж байна.

Оросын газар нутагт судлагдсан нүүрсний нөөц нь нийт зах зээлийн хэрэгцээнээс илүүдэлтэй байгаа.

Тиймээс сүүлийн үед ОХУ-ын Засгийн газар аль нэг бүс нутгаа сонгон нүүрс олборлолтыг хөгжүүлэх бодлого барьж байна.Энэ бодлогын дагуу Дорнод Сибирь, Алс Дорнодын бүс нутгийн нүүрсний орд газруудад хөрөнгө оруулж байна. Үүнд Эльгиний, Эгийн гол хоорондын, Каа-хемскийн, Чаданскийн болон бусад ордуудыг сонгож авчээ. Түүний дотор ойрын ирээдүйд Якут дахь Эльгиний орд газар, Тувагийн Эгийн гол хоорондын, Ар Байгалийн Апсатын орд газруудыг нүүрс олборлолтын шинэ төвүүд болгохоор төлөвлөжээ.

ОХУ-ын нүүрсийг авдаг уламжлалт газрууд бол Европ болон Ази Номхон далайн орнууд. Дараа нь ТУХН-ийн орнууд, Ойрхи Дорнод орно. Оросын экспортолсон нүүрсний хэмжээ жил ирэх тутам өсч байна.

Олон жилийн турш Оросын нүүрсний хамгийн том худалдан авагч нь Их Британи байсан ч 2009 оноос Хятад улс энэ байрыг эзэлжээ. 2007-2012 онд Оросоос Хятад руу нийлүүлсэн нүүрсний хэмжээ 30 дахин өсчээ.Энэ нь Ванины боомт дахь «Дальтрансуголь» нэртэй хөлөг онгоцонд нүүрс ачигч терминалын хүчинч адлыг бүрнээр нь ашиглаж чадсантай холбоотой аж. Түүнчлэн «Кузбассразрезуголь», «Мечел» зэрэг том компаниуд Алс Дорнодын эрэг дагуух өөрсдийн боомтуудыг ашиглаж Хятад руу нүүрс нийлүүлдэг.

Товчхондоо Оросын илүүдэлтэй нүүрс Хятад руу асар их хэмжээгээр зөөгдөж өмнөд хөршийн эдийн засагт нүүрсний илүүдэл үүсгэж үнийг унагаж байна. Харин монголчууд энэ тоглолтоос хоцорч эхэлсэн нь гашуун үнэн.

Үүгээр ч зогсохгүй жилийн өмнөхөн хоёр хөршийн төрийн тэргүүнүүд дараалан айлчилж үр дүнд нь хийхээр төлөвлөгдсөн, манай улсын оролцохоор болсон олон улсын төслүүд биднийг тойрч эхэллээ. Хэдийгээр ашиггүй боловч Монголыг тойруулан транзит тээврийн зам харгуйгаа барьж Орос, Хятад хоёр хөрш маань бие биедээ ашигтай “том наймаа”-гаа үргэлжлүүлсээр байна.

ОХУ, Монгол, БНХАУ гурван улсын хооронд яригдсаар ирсэн томоохон төслүүдэд сүүлийн үед Казакстан идэвхтэй оролцож, үнэ цохин, ашигтай саналаар илүүрхэж байгаа нь Оросын ч Хятадын ч хэвлэлүүдэд бичигдсээр байна. Байгалийн хийн асар урт хоолойг Казакстаны нутгаар дайруулах яриа ч ажил хэрэг болох дөхжээ. Уг нь энэ хоолой л гэхэд Оросоос Монголыг дамжин өмнөдийг зүглэх ёстой байлаа. Гэвч монголчуудыг дотроо талцаж хуваагдсаар байх зуур энэ төслийг ч бид өрсөлдөгчдөдөө алдаж байгаа нь туйлын харамсалтай.

батаар.мн


URL:

Сэтгэгдэл бичих