ҮХ-ийн “манаач” П.Очирбатын “маск”-ны цаана хэн нэгний эрх ашиг нуугдах учиргүй

14313888265551429acb31e

Монгол Улсын анхны Ерөнхийлөгч П.Очирбаттай холбоотой таагүй мэдээлэл их гарах боллоо. Монгол Улсын Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн гишүүн байсан, одоо Үндсэн хуулийн “манаач”-аар ажиллаж байгаа энэ эрхэм аль нэг компанид ажиллаж, тус компанийнхаа эрх ашгийн төлөө дуугарч болох уу гэдэг бодол түүнтэй холбоотой мэдээллээс урган гарч байна. Уг нь энэ хүн Монгол Улсын эрх ашиг, ард түмний дуу хоолой болох учиртай гэж бодож явсан минь буруу байж.П.Очирбат гэдэг хүний хувьд бол Үндсэн хуулийн Цэцийн гишүүн хийж, өндөр цалин авчихаад бас болоогүй “ММС” компанийн Төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүнээр ажиллах нь Монгол Улсын анхны Ерөнхийлөгч байсныхаа төлөө авах шан харамж гэж тэр бодсон бололтой. Гэхдээ та эндүүрч байна…

Саяхан Кайманы аралд бүртгэлтэй “Mongolian mining corporation” буюу “ММС” компанийн ТУЗ-ийн гишүүнээр ажилладаг, уг компаниас сар бүр 24 мянган ам.доллар авдаг болохыг 2014 оны тайландаа оруулан бичжээ.

Түүнийг захирлуудын зөвлөлийн гишүүд 2010 оны есдүгээр сарын 16-нд нэр дэвшүүлснээр энэ албан тушаалд томилсон аж. Мөн түүнийг Урамшууллын хорооны дарга, Аудит болон нэр дэвшүүлэх хорооны гишүүнээр тус тус ажилладаг болохыг ч тус компани тайландаа дурьджээ.

Гэтэл Үндсэн хуулийн Цэцийн гишүүн, ард түмний дуу хоолой болох ёстой энэ хүн Тавантолгойн асуудлаар нэг компанийн эрх ашгийн төлөө яриад, шүүмжлээд байж боломгүй л байх. Яахав, нөгөө компанийнх нь өмнөөс авч үзвэл сард 24 мянган ам.доллар өгдөгийн хувьд өөрсдийг нь дэмжиж, үг хэлэх ёстой байх. Харин нөгөө талаас нь харвал П.Очирбат уг компаниас цалин авч, зөвлөхөөр ажиллах ч ёсгүй юм. Түүнд хуулиар хориглочихсон учир тэр шүү дээ.

Үндсэн хуулийн 64 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Үндсэн хуулийн Цэц, түүний гишүүн үүргээ гүйцэтгэхдээ гагцхүү Үндсэн хуульд захирагдах бөгөөд аливаа байгууллага, албан тушаалтан, бусад хүнээс хараат бус байна” гэж заасан. Мөн Төрийн албаны тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1.1-д зааснаар Үндсэн хуулийн Цэцийн гишүүн нь төрийн тусгай албан тушаалд хамаарч байна.

Цэцийн тухай хуульд “Үндсэн хуулийн Цэцийн гишүүн нь  Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 5-д “… Цэцийн гишүүн Засаг захиргаа, нам-улс төрийн болон худалдааны үйл ажиллагаа эрхэлж, үйлдвэрчний эвлэлийн удирдах ажил хийж болохгүй” гэж заасан. Энэ мэт хуулийн зүйл заалтыг тэрбээр зөрчиж байна. Иймд түүнд хууль зөрчиж, аль нэг компанийн эрх ашгийн төлөө дуугарч байгаагийнх нь төлөө хариуцлага тооцох эрх зүйн үндэс бий.

-Үндсэн хуулийн Цэцийн гишүүн П.Очирбат та “ММС” компанийн ТУЗ-д ажиллах ёстой юу?

-Үгүй л дээ, гэхдээ л би ажилладаг юм…Бараг л түүнээс ийм асуулт асуувал ингэж хариулахаар нөхцөл байдал үүсээд байна. “ММС” компанид ажиллах ёсгүйгээ мэдсээр байж ажиллаж, хууль зөрчиж буй нь түүний хувьд байж боломгүй явдал.

Тэрбээр 2007 оны 9 дүгээр сарын 11-нд “Зууны шуудан” сонинд өгсөн ярилцлагадаа Тавантолгойн асуудлаар ингэж хариулж байжээ.

-Тавантолгой ордын лицензийг үндэсний компаниудын эвсэл эзэмшиж байгаад талархах нэгэн байхад шүүмжлэгсэд цөөнгүй байна. Дотоодын компаниудад Тавантолгойн нүүрсийг олборлоод, үйлдвэр байгуулаад явах техник технологийн, хөрөнгө мөнгөний чадамж бий юу
-Тавантолгойг монголчууд дангаараа босгож чадахгүй. Энд дэлхийд өрсөлдөх технологи, менежмент, дэд бvтэц, хөрөнгө хэрэгтэй. Энэ бүхнийг гаднаас авна. Эцсийн шийдвэр гараад Тавантолгой төсөл босоод ирвэл би энэ “тоглоом”-оос гарна. Миний зорилго олз ашиг биш, Тавантолгойн ордыг монголын ард түмний тусын тулд ашиглах явдал. Яах гэж би уул уурхайн инженер болсон билээ дээ.

Түүний энэ хариулт Үндсэн хуулийн Цэцийн гишүүн, мөн “ММС” компанийн ТУЗ-д ороогүй байх үедээ өгсөн ярилцлага. Харин өнөөдөр түүний байр суурь өөрчлөгдсөн нь харагдаж байгаа юм.

Мөн тэрбээр тус компаниас авдаг цалингаа хөрөнгө орлогын мэдүүлэгтээ тусгаагүй аж. Тэрбээр хөрөнгө орлогоо дараах байдлаар мэдүүлжээ.

Мэдүүлэг гаргагчийн нийт орлого-60824.49 мян.төгрөг

Мэдүүлэг гаргагчийн гэр бүлийн гишүүдийн нийт орлого-2966.69 мян.төгрөг

Орон сууц-1

Үнийн дүн -40000.00 мянган төгрөг

Автомашин- Toyota,Land Cruiser 100-1

Нийт үнийн дүн-90000.00 мянган төгрөг

Газар эзэмших байдал- 1157 м2-1, 700 м2-1

Үнийн дүн нь- 24240.00 мянган төгрөг

Хадгаламж, бэлэн мөнгө, дансны үлдэгдэл-2211400.00 мянган төгрөг хэмээн мэдүүлсэн байна.

Ц.Цацрал


URL:

Нэр: zochin Огноо: 14 May 2015

hun yagaad iim ih hanj tsaddaggui ih shunaltai baidag yum boloo

Сэтгэгдэл бичих