Н.Эрдэнэбаатар: Г.Буяндорж гэдэг залилангийн компанийн 40 хувийг дуучин Ариунаа эзэмшддэг

5796516201e7bdf8big

“Ноёд групп”-ын гэх тодотголтой Г.Буяндоржийн араас арван жил хөөцөлдөж, 27 удаа шүүх хуралд оролцож явжээ та.

-Улаан луйварчин гэдгээ хэнээс ч нуугаагүй хүн бол Г.Буяндорж шүү дээ. Би чинь архины үйлдвэр байгуулаад Г.Буяндоржид өөрийн хувиа зарсан хүн. Сүүлд Дархан аварга А.Сүхбатад зарсан архины үйлдвэр гэхээр уншигчид андахгүй. Үлдэгдэл 570 сая төгрөгөө авах гэж арван жил хөөцөлдөж, шүүх, цагдаа, шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрыг үүдийг элээсэн дээ.

-Нэг хүний араас арван жил хөөцөлдөнө гэдэг их тэсвэр тэвчээр байх шүү?

-Г.Буяндорж бид хоёр чинь нэг айлын хүргэцүүл явсан юм шүү дээ. Тэгэхээр энэ хүнд хайрлах сэтгэл, ичих нүүр, нэр төр гэж байхгүй. Зүгээр л залилангийн машин. Би өөрийгөө алдартай луйварчин Г.Буяндоржийн араас хөөцөлдөөд амьд үлдсэн азтай хүн гэж боддог. Өр ширээ нэхээд сүйрсэн гэр бүл, аж ахуйн нэгжүүд олон бий. “Зоос банк”, Сангийн яам, барилгын компани худалдаж аваад, эргээд ноцуулсан С.Билэгт, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас гадна “Цэн трейд”-ийн Ц.Эрдэнэбат гээд олон хохирогч бий. Бүр нас барсан хүн ч байгаа юм. “Цэн трейд”-ийн Ц.Эрдэнэбат гэхэд 4,2 тэрбум төгрөгөөрөө хохирч ах дүүсээрээ орон байргүй болж, үхэл хагацал салахаа байсан. Одоо зайлуул тал цус харвачихсан хүн явж байдаг сурагтай. Г.Буяндоржийн гай ингэж олон хүний амьдралд хар мөрөө үлдээсэн. Түүний замд тааралдсан хүн бүхний амьдрал сүйрч байсан гээд бод.

-Монгол Улс чинь хууль тогтоомжтой. Яагаад бусдыг залилан мэхлэх бололцоог олгоод байсан юм бэ?

-Бусдаас залилсан мөнгөө гэр бүл болон намдаа зарцуулдаг байхгүй юу. МАН-д хандив тусламж зөндөө өгсөн. Дарханд хүртэл намын байр барьж өглөө гээд мандан бадарч байхад өр ширээ авч чадаагүй хохирогчид уурлана биз дээ. УИХ-ын гишүүн Ц.Нямдорж энэ луйварчинг цээжээрээ хамгаалсан. Сайд байхад нь зөндөө олон хохирогч нар өргөдөл бариад очиход шалгуулахгүй л гэдэг. Энэ нам хандив нэрээр хахууль авсан учраас Г.Буяндорж гэдэг луйварчинг элгэндээ тэвэрч, энхрийлэн хамгаалж ирсэн. Их эрт зогсоож болох байтал нам өөгшүүлж улаан луйварчин болох замыг нь зассан. Тэгээд тэр замд нь тааралдсан цагдаа, шүүгч, нотариатч, шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын ажилтнууд шоронд орж ажилгүй болдог.

-Дуучин Ариунаа нөхрийгөө гэм зэмгүй, бүтээн байгуулагчийг төр засаг хамгаалсангүй гэх мэтээр яриад байдаг шүү дээ?

-Эхнэр нөхөр хоёулаа “чорт” гэдэг үг байдаг даа. Г.Буяндорж гэдэг залилангийн компани байлаа гэж бодоход 40 хувийн хувьцаа эзэмшигч Ариунаа байж таарна. Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас өр төлбөрөө төлөхөөс зайлсхийсэн гэдгээр гомдол гаргаж Г.Буяндоржид эрүүгийн хэрэг үүсгээд байтал прокурор Үүлэн хэрэгсэхгүй болгосон. Ямар хуулиар хэрэгсэхгүй болов гэхэд “Дуучин Ариунагийн хүсэлтээр” гэсэн юм даг. Зурагтаар гардаг дуучин авгай энэ залилангийн мөнгө, луйвараар олж ирсэн хоол унд, байр гээд цааш түлхэхгүй нь ойлгомжтой. Г.Буяндорж намдаа хандив нэрээр хахууль өгсөн учраас хамгаалсангүй гэж гомдоллох нь зөв шүү дээ. Ард түмний төлөө явна гэсэн нам нь үзэл баримтлалаасаа гажаад луйварчны орогнох оромж болсныг илтгэж байгаа хэрэг.

-Та олон жилийн турш хэвлэлд хандсан хүн. Бас сөрөг дайралтыг амссан байх?

-Би хэвлэлд Г.Буяндоржийн луйврын талаар зөндөө яриад сөрөг дайралтанд өртсөн. Энэ луйварчнаас санхүүждэг, мөнгө авдаг гар хөл нь болсон сэтгүүлч гэх нэртэй ганц нэг нөхдүүд над руу их дайрсан. Муу арга зальтай Г.Буяндорж хохирогч руу их дайрдаг. Тэгэнгүүт зарим нь замаасаа гажаад, өргөдөл гомдлоо татаад авдаг явдал ч гарч байсан. Хөлсний бичээч нараараа “Би энхийн цагаан тагтаа Н.Эрдэнэбаатар бол болдоггүй этгээд” гээд бичүүлж байх жишээтэй. Улаан цайм дайруулж, гүтгүүлэхдээ гарамгай гэж жигтэйхэн. Миний хэрэг дээр хяналт тавьж байсан прокурор “Г.Буяндорж таны хохирлыг барагдуулчихсан гээд байна шүү дээ. Та мөнгөө авчихсан хэрнээ худал яриад байгаа юм биш үү” гэлээ. Тэгэхээр нь би “Та надад итгэхгүй байж болно. Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар худал хэлэх үү” гэсэн. Г.Буяндорж мөрдөн байцаагч, прокурорт болохоор хээвнэг “Эрдэнэбаатарт аль хэдийнэ өрөө өгчихсөн” гэсэн байдаг. Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас “Г.Буяндорж шүүхийн шийдвэр гүйцэтгэхээс арван жил зайлсхийсэн” гэж эрүүгийн хэрэг хүртэл үүсгэх санал хүргүүлсэн ч намынхаа ах нараар даруулчихаж байсан. Хууль хяналтынханд улаан цайм, нүүрэн дээр чинь худал хэлнэ.

-Хууль хяналтынхан хүртэл хохирогч болчих гээд байдаг болсон юм биш үү?

-Сэлэнгэ аймгийн хоёр шүүгч Г.Буяндоржид хууртагдан хууль бус шийдвэр гаргасан эрүүгийн хэрэг нь шүүхээр орно. Үл хөдлөх хөрөнгийн ажилтан, нотариатч нар санаатай, санамсаргүйгээр Г.Буяндоржийн хамсаатан болчихсон. Өөрөө хахууль өгүүлчихээд дараа нь илчлээд хоёр цагдаа, өөрийн ажилтнуудаа шоронд хийсэн гээд бод. Ажилтнууд нь “Г.Буяндорж захирал цагдаад мөнгө аваачиж өгөөд бичлэг хий” гэж мэдүүлсээр байтал шоронд хийчихсэн. Яаж ч бодсон харуул хамгаалалтын ажилтан Г.Буяндоржийн өмнөөс арван сая төгрөг хахуульд өгөх үү. Ийм л шийдвэр гаргадаг шүүхтэй байлаа шүү дээ.

-Арван жилийн турш явахад их цөхөрнө үе гарч байв уу?

-27 удаа шүүхээр ороод л хад мөргөнө шүү дээ. Энэ хугацаанд 200 гаруй сая төгрөгийн хохирол шууд амссан. 570 сая төгрөгөө авах гэж ид хийж бүтээх арван жилээ үрэн таран хийлгэж гэр бүл, найз нөхдөө ч алдсан. Харин Ц.Элбэгдорж Ерөнхийлөгч болсоноор шүүхийг шударга болгож үнэний нар мандсан.

-Та мөнгөө авсан уу?

-Ямар ч хүүгүйгээр 570 сая төгрөгөө арай гэж авсан. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрынхан гэр орныг нь битүүмжилж, Ариунаагийн алдарт улаан машиныг хураан байж авч өгсөн. Үгүй мөн их болсон шүү. Зөвхөн хүү, инфляцийн уналтаас үзэхэд 270 сая төгрөг нэмж авах юм билээ. Арай гэж үндсэн мөнгөө салгаж авсан болоод санаа амарсан гэх үү дээ. Тэр луйварчин батлан даалтаар гарч ирчихээд өөр бас бус хүнийг зальдаад яваа сураг дуулдана л дээ. Их залуудаа луйвар хийгээд амтанд орчихоод салж чадахаа байсан этгээд шүү дээ.

-Таны мөнгийг тэр дор нь гаргаад өгсөн үү?

-Шүүхийн шийдвэр гарсан эцсийн мөчид хүнээс авч өгнө лээ. Зальдагч нар чинь өөр дээрээ ямар ч дансгүй, эд хөрөнгөгүй явдаг юм шүү дээ. Тэр ч бүү хэл “Ноёд групп” гэдэг компани улсын бүртгэлд ч байдаггүй. Хаана мөнгөө байршуулсан, нууснаа хэлэхгүй шүү дээ. Дарханы төмөрлөгийн үйлдвэрээс 1,2 сая ам.доллар зальдаж авчихаад алга болгосон Эрүүгийн хэргээ хүртэл замхруулах гээд цагдаа, прокурортай хуйвалдаад яваа сураг бий. Одоо Г.Буяндоржоор тоглуулдаг хууль хяналтын тэнэг хүн олдохгүй л болов уу гэж найдна. Би үүнийг яагаад ярив гэхээр Г.Буяндорж бол бусдад сануулахаас аргагүй луйварчин, бичиг баримт хуурамчаар үйлдэхдээ гаршсан этгээд гэдгийг сэрэмжлүүлж байгаа юм. Нөгөөтэйгүүр хохирогч нарт нь битгий шантар, битгий ай, та нарын талд үнэн байгаа учраас ялна гэж хэлмээр байна.

Б.Энхмааa /Zaluu.com/


URL:

Нэр: Зочин Огноо: 17 May 2015

Yum bolgon eeljtei baidag hoino hynii nandin yumaar togloson bol uuruu bas nandin zyileere toglyylah tsag irj taaraa ARIYNA gej ergyy amitan iim yumtai syydag olon saihan zalyy ergyylj bsanbaij taaraa

Сэтгэгдэл бичих