Дипломат албанд цагаачлагчид

Нэгэн байгууллагад цэвэрлэгч сонгон шал­га­руулж авах зар нийг­мийн сүлжээнд тавигд­жээ. Цэвэрлэгчийн аж­лын байранд тавих шаард­лага их энгийн гэнэ. Англи хэлний то­дор­хой мэдлэгтэй, компью­терийн гол хэрэглээний програм дээр ажиллах чадвартай бол шал угааж, ширээ сандал арчиж чадна гэж үзжээ. Боломжийн л шалгуур юм байх. Харин манай улсаас гадаадад суугаа дипломат төлөөлөгчийн газарт ажиллах хүнд хэлний мэдлэг, компьютер дээр ажиллах чадвар шаарддаггүй. Монголд цэвэрлэгч хийхийн тулд хэл,  компьютер сурах гэж үйлээ үзэж байснаас гадаадад очоод Элчингийн ажилтан болчихвол хэчнээн амар байх вэ. Ийм тэнгэр, газар шиг ялгаатай хоёр ажлын байранд тэмээ, ямааны зөрүүтэй ийм шаардлага байдаг нь хачирхалтай. Инээдтэй, эмгэнэлтэй ч юм шиг. Гэвч энэ бол бодитой мэдээлэл буюу манай гадаад харилцааны салбарт сүүлийн хэдэн жил гарсан гол “ахиц” болжээ.

5-18-4_700x700

“Элчин сайдын яамдад төрийн байгууллагад нэг ч удаа ажиллаж үзээгүй, тухайн үеийн удирдлагууд нь томилчихсон, компьютер дээр ажиллаж үзээгүй, мэргэжлийн дипломатын шалгалт өгөөгүй 70 гаруй хүн ажиллаж байна. Тиймээс энэ хүмүүсийг дипломат албаны болон хэлний шалгалтад оруул гэдэг шаардлагыг тавьсан. Шалгалтандаа тэнцвэл үргэлжлүүлэн ажилла, тэнцэхгүй бол зайгаа тавьж өг гэдэг зарчим барьж байгаа. Ирэх зургадугаар сард амралтаа зохицуулаад Монголдоо ирж шалгалтаа өгөөрэй гэсэн. Элчин сайд нарт хүмүүсээ шалгалтад бэлдүүлж, аль болох тэнцүүлэх талаас нь ажилла гэдэг үүргийг өнгөрсөн нэгдүгээр сард өгсөн”

 

Дипломат төлөөлөгчийн газарт ажилладаг хүн тухайн суугаа орныхоо хэлийг мэддэггүй, Монголдоо төрийн албанд ажиллаж үзээгүй, дипломат албанд шаарддаг төрийн тусгай шалгалт өгөөгүй хүн олон байгааг салбарын сайд нь илчиллээ.  Гадаад хэргийн сайд Л.Пүрэвсүрэн  өнгөрсөн долоо хоногт Төрийн ордонд болсон “Сайдын цаг” ээлжит уулзалтын үеэр хэвлэлийнхэнд хийсэн мэдээлэлдээ гадаадад суугаа Монголын дипломат төлөөлөгчдийн газарт ямар ч шалгалт өгч, шаардлага хангаагүй нийт 70 хүн ажиллаж байгааг онцолсныг энд тоймлов.

Өнөөдрийн байдлаар Монгол Улсын 46 дипломат төлөөлөгчийн газар, 32 консулын газар гадаадад ажилладаг гэнэ. Элчин сайдын яамдад 340 гаруй хүн ажиллаж байгаагаас 70 нь хэн нэгний, улс төрийн намын шахааны хүн болох нь дээрх мэдээллээс тодорхой байна. Хэрэв ном журмаар нь шалгаруулж явуулсан бол цэвэрлэгчийн дайны мэдлэгтэй хүн ажиллаж байх байв.

Дипломат алба нь төрийн тусгай албанд тооцогддог учраас Элчин сайдын яаманд ажиллах хүн бүр төрийн тусгай албаны шалгалт өгч байж ордог байна. Гэтэл шалгалт өгөөгүй, зарим нь шалгалтад тэнцээгүй, бүр 3-4 удаа шалгалт өгөөд унасан 20 гаруй хүн ч гадаадад ажиллаж байгаа гэнэ. Энэ тухай илүү баримттай болгох үүднээс Гадаад хэргийн сайд Л.Пүрэвсүрэнгийн хэлсэн үгээс иш татав. Тэрээр “Сайдын цаг”  уулзалтын үеэр “Элчин айдын яамдад төрийн байгууллагад нэг ч удаа ажиллаж үзээгүй, тухайн үеийн удирдлагууд нь томилчихсон, компьютер дээр ажиллаж үзээгүй, мэргэжлийн дипломатын шалгалт өгөөгүй 70 гаруй хүн ажиллаж байна. Тиймээс энэ хүмүүсийг дипломат албаны болон хэлний шалгалтад оруул гэдэг шаардлагыг тавьсан. Шалгалтандаа тэнцвэл үргэлжлүүлэн ажилла, тэнцэхгүй бол зайгаа тавьж өг гэдэг зарчим барьж байгаа. Ирэх зургадугаар сард амралтаа зохицуулаад Монголдоо ирж шалгалтаа өгөөрэй гэсэн. Элчин сайд нарт хүмүүсээ шалгалтад бэлдүүлж, аль болох тэнцүүлэх талаас нь ажилла гэдэг үүргийг өнгөрсөн нэгдүгээр сард өгсөн” гэв.

Шаардлага хангаагүй ажилтнууд одоо хэл болон төрийн тусгай албаны шалгалтдаа бэлдэж байгаа гэх. Дипломат ажилтнууд гурван жилийн хугацаагаар томилогддог бөгөөд хоёр жил болсон хүнийг харж үзнэ гэнэ. Тодруулбал, үүрэгт ажлын хугацаа нь хоёр жил ба түүнээс дээш хугацаа өнгөрсөн бол хүний амьдрал юм гэж яамнаас харж үзээд ажлаа дуусгаад хурдан ирүүлэх болзол тавьжээ. Харин нэг жил ба түүнээс бага хугацаанд ажиллаж байгаа нь эх орондоо ирж шалгалтаа өгнө. Тэнцвэл үргэлжлүүлэн ажиллах, үгүй бол дараагийн хүмүүстээ зайгаа тавьж өгөх болох нь. Л.Пүрэвсүрэн сайдын гадаадын ажилтнуудаа шалгасан дүн, тавьсан шаардлага нь ердөө энэ.

Гадаадад суугаа дипломат ажилтнууд улсын нүүр царай болж, тухайн оронд Монголыг сурталчлах, хоёр орны хооронд гүүр болж ажиллах учиртай. Дээр нь тус оронд ажиллаж, амьдарч буй нутаг нэгтнүүдийнхээ эрх ашгийг хамгаалах, тэдэнд заавар зөвлөгөө өгч дэмжин ажиллах ёстой. Мэдээж дипломат байгууллагаас хамааралгүй хэрэг зөндөө бий. Өнгөрсөн жил гэхэд манай улсын 297 гэмт хэрэгт холбогдсоноос 89 хүн амиа алдсан. Он гарсаар 38 иргэн гадаадад амиа алдсан тоо байна.

Гэтэл гэмт хэрэгт холбогдсон хүмүүсийн дунд дипломат албанд нөлөө бүхий ажил хийдэг хүн ч багтсан байх жишээтэй. Элчин сайд, түүний ажилтнууд гэмт хэрэг, тэр дундаа хар тамхи зөөсөн, худалдсан хэрэгт холбогдсон тохиолдлууд хэдэн жилийн өмнөөс эхтэй. Элчингийн ажилтан хар тамхи зөөхөд оролцсон, зуучилсан, согтуугаар машин жолоодсон, авдар авдраар нь архи, тамхи захиалсан, тэр бүү хэл хүчингийн хэрэгт холбогдсон гээд мэдээллүүд тухайн үед дуулиан болдог байв.

Жишээ нь, Монгол Улсаас Болгар улсад суугаа Элчин сайдын зөвлөх мансууруулах бодисын сүлжээнд орооцолдож, дипломат халдашгүй байдлаа ашиглан олон удаагийн үйлдлээр олон сая долларын мансууруулах бодисыг хил нэвтрүүлж байсныг АНУ-ын болон Болгарын тусгай албад илрүүлсэн талаар мэдээлэл 2005 онд цацагдаж байв. Энэ нь дипломатч Д.Шатарбалын хэрэг юм. Тэрээр албанаасаа хөөгдөж ирж байсан жишээ ч бий. Мөн ХБНГУ-д Элчин сайдаар сууж байсан Б.Даваадоржтой холбоотой 201800 еврогийн хэрэг тус улсын хэвлэлээр нэлээд шуугиан тариад байгаа тухай Монголын хэвлэлүүд мэдээлж байв.

Мөн 2011 онд ОХУ-д суугаа манай улсын ЭСЯ-ны хоёрдугаар нарийн бичгийн дарга А.Батсайханыг Польш улсад саатуулсан талаарх мэдээлэл тухайн үедээ бас л их дуулиан болж байв. Элчингийн ажилтнууд өөрийн болон бусдынхаа нэр дээр олон авдар архи, тамхийг хил дамнуулж захиалдаг тухай олон хүн мэддэг ч тэр бүр ил гаргадаггүй. Энэ нь мэргэжлийн хүнийг томилоогүй, удирдах хүмүүс өөрийн хүнээ томилуулдагтай холбоотой нь хэнд ч ойлгомжтой.

Ер нь бол гадаад хэлний дээд сургууль төгссөн хүмүүс Гадаад яаманд ажилд оронгуутаа удалгүй дипломат албанд дэвшин ажилладаг жишээ олон. Дипломат албанд мэргэжлийн бус шагналын хүн очдог  гэдэг үнэн болох нь Л.Пүрэвсүрэн сайдын мэдээллээс илт.

Төрөл садангийн цус ойртсон томилгоо Элчин сайдын яаманд давамгайлдаг байсан бол одоо хэн нэгэн улстөр­чийн гар, хөлийн хүн, туслах, зөвлөхүүд, намын ажилтнуудаар дүүр­дэг болжээ. Ёс төр, дэг журамтай албанд ямар ч шалгуургүй, хэн дур­тай нь цагаачилдаг байд­лыг одооноос халах хэрэг­тэйг дээрх тоо ха­руулж байна. Үгүй бол Монголын нэр хүндийг гадаа­дад өргөх битгий хэл унагасаар байх болно. Ийм нэгэн цэвэрлэгчийн ажлын байранд тавьдаг шал­гуураас дор хүмүүс гадаа­дад эх орны нүүр царай, нэр төр болон ажил­лаж байгаа нь харамсалтай.

Энд нэмэлт мэдээлэл өгөхөд НҮБ 198 гишүүн оронтой. Манай улс НҮБ-ын гишүүн бүх оронтой дипломат харилцаа тогтоох уриалга гаргасны дагуу Гадаад хэргийн яам болон, өмнөх сайд Л.Болд маш идэвхитэй ажилласан гэдгийг Л.Пүрэвсүрэн сайд онцолж байсан. Одоо дипломат харилцаа тогтоогоогүй 10 гаруй орон үлдсэн байна. Аливаа тусгаар улс өөрийн төлөөлөгчийн газартай байх ёстой учраас манайх ч гэсэн олон оронтой дипломат шугамаар харилцахыг чухалчилж байгаа аж.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин


URL:

Сэтгэгдэл бичих