Улаанбаатар хотын гэр хорооллын дахин төлөвлөлтөд БНХАУ-ын компаниуд хамтран ажиллахаар боллоо

SAM_22431

Нийслэлийн ИТХ-ын дарга Д.Баттулга Бээжин хотод албан айлчлал хийлээ. Айлчлалын хүрээнд нийслэлийн ИТХ, нийслэлийн Засаг даргын Тамгын газрын санаачилгаар Бээжин дэх Монгол Улсын Элчин сайдын яам, Бээжин хотын Ардын Засгийн газар хамтран  “Улаанбаатар хотын гэр хорооллын дахин төлөвлөлт ба хөрөнгө оруулалт 2015” уулзалтыг  Бээжин хотод зохион байгууллаа. Уулзалтад НИТХ-ын дарга Д.Баттулга, Монгол Улсаас БНХАУ-д суугаа онц бөгөөд Элчин сайд Ц.Сүхбаатар, Бээжин хотын орлогч дарга Чэн Гань, нийслэлийн Засаг даргын Хот байгуулалт, хөрөнгө оруулалтын асуудал хариуцсан орлогч С. Очирбат болон НИТХ-ийн төлөөлөгчид, Монголын талаас  29 аж ахуйн нэгжийн 60 гаруй, БНХАУ-ын Төрийн болон хувийн хэвшлийн 30 гаруй компанийн 60 гаруй төлөөлөгч оролцов.
Уулзалтын эхэнд Монгол Улсаас БНХАУ-д суугаа онц бөгөөд бүрэн эрхэт Элчин сайд Ц.Сүхбаатар нээж үг хэллээ. Тэрээр  уулзалтад оролцогчдод баяр хүргэж,  амжилт хүсээд, өнөөдрийн уулзалтаар түншээ олох, хамтран ажиллахад Элчин сайдын яам бүх талаар туслах болно гэдгээ илэрхийлсэн юм.
Уулзалтын хүрээнд нийслэлийн  Сонгинохайрхан дүүргийн 5дугаар хороо,  Ханын материал орчимд төсөл хэрэгжүүлэгч Жи Ди компани, БНХАУ-ын Чайна констракшн болон Жи Дун компаниудтай хамтран ажиллах “Санамж бичиг”-т гарын үсэг зурлаа. Жи Ди компани нь Сонгинохайрхан дүүрэгт 53,5 га талбайд дахин төлөвлөлт хийх бөгөөд эхний 22 айлын газрыг чөлөөлж ажлаа эхэлж байгаа юм.
НИТХ-ын дарга Д.Баттулга “Улаанбаатар хотын Гэр хорооллын дахин төлөвлөлтийн төслийг хэрэгжүүлэхэд инженерийн болон нийгмийн дэд бүтцийн асуудлыг нийслэлээс шийдэж  байна. Цаашид борлуулалт болон бусад асуудалд байж болох бүх хэлбэрээр дэмжлэг үзүүлж, хөрөнгө оруулагчдад таатай нөхцөл бүрдүүлэх боломжийг хангаж ажиллана” гэдгийг онцлон хэллээ.

Харин Бээжин хотын орлогч дарга ноён Чэн Гань “Улаанбаатар хот бол дэлхийн хурдтай хөгжиж буй хотуудын нэг. Хөрөнгө оруулалтын сайн орчин, боломж байгаа гэж би бодож байна. Энэ уулзалтад оролцож байгаа манай компаниуд Бээжин болоод бусад хотын дахин төлөвлөлтөд ажилласан туршлагатай компаниуд. Тиймээс Улаанбаатар хотын гэр хорооллын дахин төлөвлөлтөд хамтран чин сэтгэлээсээ, хүчин чармайлттай, чанарыг эрхэмлэж оролцоорой гэж би хүсч байна” гэлээ гэж Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.


URL:

Tags: