Тавантолгойн хуваарилалтын сураг ба “Шэнхуа Энержи”-гээс ирсэн захидал

9c3fae6c7fc6d763original_700x700

ТАВАНТОЛГОЙН ШИНЭ ЗАХИРЛЫН ТОМИЛГООНЫ ЦААНА

Өнгөрсөн долоо хоногт “Эрдэнэс Тавантолгой” компанийн шинэ захирлыг томиллоо.Тус компанийн захирлаар Б.Батбилэг ажиллахаар болов.Тэрээр УИХ-ын гишүүн асан Батж.Батбаярын хүү бөгөөд уул уурхайн чиглэлээр бизнес эрхэлдэг нэгэн.АН-ын хууччуул өөрсдийнхөө халаа болгож хүүхдүүдээ улс төр рүү оруулж ирж байгаа жишгээр Чингэлтэй дүүргийн АН-аар дамжин улс төрийн халуун гал тогоо руу орж ирсэн нэгэн билээ.“Эрдэнэс Тавантолгой” компанийн захирлаар ажиллаж байсан Ч.Сайнбилэг өргөдлөө өгсөн шалтгаанаа “Муугүй ажиллаж байгаа энэ компанийг гүйцэтгэх захирлыг нь байхгүй үед би гүйцэтгэх захирлын ажлыг хийж байсан.Хөрөнгө оруулалтын гэрээний энэ хариуцлагатай үед энэ ажлыг анх хүлээн авч ажлыг нь хийж байсан Я.Батсуурь өөрийн биеэр байх ёстой учраас би энэ ажлыг өгье гэж байгаа юм” хэмээн тайлбарласан байсан билээ.

Эрдэнэс Тавантолгой компанийн захирлаар ажиллаж байсан Я.Батсуурийг Ерөнхий сайд асан Н.Алтанхуягийн хүргэн Дэнзэнгийн компанид мөнгө шилжүүлсэн гэдэг үндэслэлээр саатуулан шалгаж байсан.Харин яг УИХ-аар Тавантолгойн хөрөнгө оруулалтын гэрээ гэж бужигнах үеэр түүнийг сулласан.Ийм үед Ч.Сайнбилэг гэнэт өргөдлөө өгсөн нь Я.Батсуурийг хуучин ажилдаа эргэж ирэх нь гэдэг хүлээлт үүсгээд байсан.гэтэл томилгоо өөрөөр эргэсний цаана УИХ-ын дарга З.Энхболд, Ерөнхий сайд Ч.Сайханбилэг нарын санал зөрөлдөөн байсан гэдэг мэдээлэл улс төрийн хүрээнд таржээ. “Эрдэнэс Тавантолгой”-н хуучин захирлыг буцаан томилох нь зүйтэй гэдгийг З.Энхболд дарга дэмжиж байсан бололтой.Харин Засгийн газрын тэргүүний санал Я.Батсуурийг дэмжихгүй гэдэг байр суурьтай байсан гэх.Ардчилсан намынхан өөрсдөө засаглаж байхдаа, өөрийнхөө намын үнэнч тууштай гишүүдийн нэг болох Я.Батсуурийг өөрөөс нь хамааралгүй, бүр тодруулбал, шүүхийн шийдвэрээр олгосон мөнгөний төлөө шоронд суулгачихаад таг мартчихсан байхад санаа тавьж дуугарсан хүн тун цөөхөн гэдэг.Хөндлөнгөөс харахад, УИХ-аар Тавантолгойн гэрээний асуудал орж ирэхэд л гэрээг гацаах хүсэлтэй талынхан Я.Батсуурь гэдэг хүн байдгийг санаж, түүнд анхаарал тавьсан тийм дүр зураг харагдаад байгааг дурдахгүй өнгөрөх аргагүй.

АН-ынхан ингэж нам нэгт гишүүндээ анхаарал тавьсан ч “Хөрөнгө оруулалтын гэрээний энэ хариуцлагатай үед энэ ажлыг анх хүлээн ажлыг нь хийж байсан Я.Батсуурь өөрийн биеэр байх ёстой учраас…” гэж өргөдлөө өгөхдөө Ч.Сайнбилэгийн хэлсэн үг биелсэнгүй.Ийм шалтгаанаар өргөдлөө өгсөн Ч.Сайнбилэгийн оронд Я.Батсуурийг томилсонгүй, шинэ хүн гараад ирлээ.

Нэг хэсэг төр хамгийн муу менежер гэдэг далбаан дор муугийн жишээ болж байсан тус компани сүүлийн үед ашигтай ажиллаж байсан, сайн ажиллаж байсан гэдэг нь жишээ болон яригдаад эхэлсэн билээ.

Захирлын шинэ томилгооны цаана, “Эрдэнэс Тавантолгой” сайн ажиллаж байсан гэдэг пиарын ард Тавантолгой тойрсон дахин хуваарилтын тохироо явагдсан байх магадлалтай гэдгийг эх сурвалж хэлж байна. Тодруулбал, Тавантолгойн гэрээг гацаагаад байгаа гол ганц хоёр хүний эрх ашгийг ямар нэгэн байдлаар хангасан дахин хуваарилалт “Эрдэнэс Тавантолгой” дээр хийгдэх тохиролцоонд хүрсэн, тиймээс шинэ долоо хоногт гэрээний асуудал урагшилна гэдэг “шуум” Төрийн ордноор тарчихаад байна.

“ШЭНХУА”-Н ЗАХИА ЗАСГИЙГ ЯАРАЛТАЙ ХУРАЛДУУЛАВ УУ?

Нөгөө талаасаа манай Засгийн газрыг Тавантолгойн гэрээгээ яаралтай урагшлуулахаас өөр аргагүй байдалд хүргэсэн нэгэн захидлын сураг гарч эхэллээ.Захиаг илгээсэн тал нь Хятадын “Шэнхуа” компани.Хүлээн авагч нь Засгийн газар гэх.Зарим эх сурвалжийн хэлж байгаагаар “Шэнхуа” хөрөнгө оруулалтын гэрээ урагшлахгүй байгаад харамсч байгаагаа илэрхийлсний зэрэгцээ байдал тодорхойгүйгээр энэ хэвээр үргэлжилбэл тус компани Монголоос нүүрс авахгүй байх тийм нөхцөл үүсч болзошгүй гэдгийг сануулсан гэнэ.Үнэхээр манай зарим улстөрчийн хэлээд байгаа шиг манайх нүүрсээрээ хятадыг тэтгээд тэжээгээд байгаа юу гэвэл худлаа.

БНХАУ-ын нүүрсний зах зээлийн гол нийлүүлэгч нь Австрали. Монгол Улс тус улсын зах зээлд Австралитай өнөөдөр шууд өрсөлдөнө гэдэг амаргүй.Харин тус улсын өөрийнх нь компанитай хамтарсан тохиолдолд боломж илүү гарч ирнэ гэдгийг тооцоход нэг их матетикийн ухаан шаардагдахгүй.Тэгэхээр “Шэнхуа”-гаас танайхаас нүүрс авахгүй байх нөхцөл байдал үүсч магадгүй гэдэг нь зүгээр ч нэг хоосон сануулга төдий биш гэж ойлгож болно.Австралиуд аль болох ахиухан нүүрс хятадын зах зээлд нийлүүлэх хүсэлтэй байна, дээрээс нь хятад өөрөө ч нүүрсний нөөц арвинтай улс.

Өнгөрсөн баасан гаригт Ерөнхий сайд Ч.Сайханбилэг УИХ-д мэдээлэл хийхдээ “УИХ, Тавантолгой дээр ямар нэг хувийн шалтгаан байхгүй.Том төслийг явуулахын тулд энэ чиглэлээр УИХ-ын даргатай уулзсан.Цаашдаа асуудлыг шийднэ” гэж итгэж байгаа хэмээн мэдэгдсэн билээ.Харин тэрээр ингэж мэдэгдсэн оройгоо Засгийн газрыг яаралтай хуралдуулсан нь “Шэнхуа”-н захидалтай холбоотой байх магадлалтай гэнэ.

Тавантолгойн хөрөнгө оруулалтын гэрээг УИХ-аар хэлэлцэх шаардлагагүй, олон янзын олон сонирхол УИХ дээр унагах магадлалтай гэдгийг урьдчилан хэлж байсан хүн нэг бус.Тэдгээрийн дотор Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж, сайд М.Энхсайхан нар багтаж буй.Эдгээр хүмүүсийн урьдчилан хэлж байсан биеллээ болж Тавантолгойн гэрээ УИХ дээр очоод нам гацчихаад буй.Харин одоо дахин хуваарилалт ба “Шэнхуа”-н захидал гэдэг хөшүүрэг гэрээг урагшлуулах уу үгүй юу гэдэг хариултаа хүлээж байна.

Эх сурвалж: 


URL:

Нэр: Anonymous Огноо: 20 May 2015

хятад л шийднэ дээ.

Сэтгэгдэл бичих