Налайх дүүргийн хуулийн байгууллагын ажилтнууд АТГ-т шалгагдаж байна

p19lnd9mee1lguqt7v3ornghfu1

Хуулийн байгууллагын ажилтан ямар нэгэн байдлаар гэмт хэрэгт холбогдсон тохиолдолд Улсын ерөнхий прокурорын дэргэдэх мөрдөн байцаах алба шалгадаг байсан.

Гэвч Хууль зүйн сайд асан Х.Тэмүүжиний эхлүүлсэн “эрс шинэчлэлийн” үр дүнд Улсын ерөнхий прокурорын дэргэдэх Мөрдөн байцаах алба татан буугдсан. Улмаар хуулийн байгууллагын ажилтан гэмт хэрэгт холбогдсон тохиолдолд Авлигатай тэмцэх газрын мөрдөн шалгах хэргийн харьяалалд, ахуйн чанартай гэмт хэргийг Цагдаагийн байгууллагын харьяалалд шилжүүлэн шалгадаг болсон. Тэгвэл өнөөдөр АТГ-т Налайх дүүргийн хуулийн байгууллагын ажилчид шалгагдаж эхэлжээ. Тодруулбал Налайх дүүргийн Хяналтын прокурор П.Т болон тус дүүргийн Цагдаагийн хэлтсийн Гэмт хэрэгтэй тэмцэх тасгийн дарга Б.О нар Эрүүгийн хуулийн 268 дугаар зүйл буюу хээл хахууль авсан хэргээр АТГ-т шалгагдаж байна.

Хэрэв тэд гэм буруутай нь шүүхээр тогтоогдвол тодорхой албан тушаал эрхлэх, үйл ажиллагаа явуулах эрхийг гурван жил хүртэл хугацаагаар хасч хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг тавин нэгээс хоёр зуун тавь дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл таван жил хүртэл хугацаагаар хорих ялаар шийтгүүлэх юм.

Уг хэргийг талаар Налайх дүүргийн цагдаагийн газар болон АТГ-аас болон тодруулахад мөрдөн байцаах ажиллагаа явагдаж байгаа тул одоогоор мэдээлэл өгөх боломжгүй гэдгийг мэдэгдсэн. Бид энэ хэргийн талаар болон албан тушаалтын авлигын хэрэгт холбогдсон хэргүүдийн талаар цувралаар эргэн мэдээлэх болно.

Эх сурвалж: www.dorgio.mn


URL:

Сэтгэгдэл бичих