Өөдрөг үзлийн дууль (өгүүллэг)

uudrug_uzel8371529642013-04-02-15-40[www.urlag.mn]Сайн байна уу ээж ээ. Хүү чинь өнөөдөр төрсөн өдрөө тэмдэглэх гэж байна. Тэгэхдээ энийг надаас өөр энд хэн ч тэмдэглэхгүй бас хэн ч мэдэхгүй. Харин цагаан сүүгээрээ амлуулж өсгөсөн миний хайрт ээж та минь л мэдэж байгаа.Та минь тэнэгхэн үр намайгаа төрийн сүлдэндээ залбирч, тэнгэрт, бурханд сөгдөж байгаад ч бол өршөөх юм бол таны хүүгээ хайрласан дээдийн хишиг тэр байх болно. Би энэ бүх зүйлийг энэ бүх зүйлдээ ээж таныгаа болон өөр хэнийг ч буруутгаж, хэнтэй ч хэлтгий заяагаа хуваалцмааргүй байна. Хүсэх ч үгүй. Ухаант хүн биеийн бөхөөр нэгийг, сэтгэлийн бөхөөр мянгийг давдаг жамаар, муу хүү чинь энэ хэдэн хоногоо даваад, аминаас үнэтэй хайрт ээж тандаа хүрээд очно. Хүүдээ итгээрэй. Тэр өдөр ямар сайхан байх бол. Та бодоод үз дээ.Үнэндээ энэ захидлыг тандаа бичихдээ айж, ичиж, гэмшиж, арай хийж үзэг цаас ойртуулж байгааг минь та гадарлах ч болов уу даа. Ээж ээ, би урьд шөнө таныг олон жилийн өмнөх өмсдөг байсан намирсан цэнхэр тэрлэгтэй чинь зүүдэллээ. Та минь над руугаа яараад л, яараад л.Бут сондуулд бүдчиж, хад чулуунд халтирч, шавар шалбааганд мөлхөөд л, мөлхөөд л байх юм. Харин таныгаа хараад миний нулимс өөрийн эрхгүй асгарсан шүү…Харин энд ирээд зовхио норгох нулимс гээчийг мартчихаж.   Ээж ээ, та нэгэн явдлыг санаж байна уу.Тээр жил манай сумын хоршоонд нэг их олон машинаар ганцхан хөх торго авчирч байсныг. Тэр чинь байна ш дээ. Аймгаас сумдад бараа хуваарилж байгаа нь тэр юм байна лээ. Нээх сонин хайхрамжгүй бас салан цаг байсан санагддаг юм. За тэгээд өнөө сумынхан маань ч хүн толгойтой бүхэн өнөө нэг ганц цэнхэр  торгоноос хөгшин залуугүй хуваалцаж аваад л өнөөхөөр чинь тэрлэг хийлгэж өмсөөд л зүгээр нүл цэнхэр тэрлэгтэнгүүд. Ямар сайндаа цэнхэр голынхон гэж хоч авах вэ дээ.

Харин хожим сонсох нь ээ манай муу зэргэлдээ сумын шар торгон дээлтнүүд чинь “сур харваачийнхан” гэсэн базаахгүй хочтой болсон сонсогдсон.Ээж ээ,  та тэгэхэд тэр жил наадмаар надад яг тэр цэнхэр торгоор нэг их сайхан тэрлэг хийж өгчөөд “Миний муу хүү алив, тэнгэр баганадсан сайхан эр болжээ, миний хүү чинь. Алив үнэрлэе ижий нь …” гэж хэлэхэд үнэхээр их баярласан шүү ээж ээ. Тэгэхэд би таван настай байсан санагддаг юм. Гэтэл өнөөдөр хүү нь жирийсэн таван жилийн юу үүрчихээд сууж байдаг… За за ээж ээ энэ тухай ярихаа болъё, бичихээ ч болъё. Тэгэхгүй бол хүүгийн чинь зүрх чичрээд, гар салганаад болж өгдөггүй.
Та нэг хөгийн явдлыг санаж байна уу. Яагаав дээ та бид хоёр Огторгуйн зусланд Ламбаа эгчийнд эсгий хийх гээд очиж байгаагүй юу. Тэгтэл замынхаа хагасыг ч туулаагүй явтал, нээх их дуу цахилгаантай усархаг бороо ороод л өнөө муу Гүнгээгийн чинь овооны торгон зулай дээгүүр ташуурын сур шиг тас, няс хийгээд л цахилгаан цахиж байсныг та санаж байна уу. Аймар ч юм шиг, тийм ээ. Дараа нь Аниа, Гүнээ эгч та хоёр биш ээ. Аниа, Буяа эгч хоёр юм байна. Та бид хоёрыг харчихаад л замдаа тэгж их зутарсаныг сонсоод үгүй мөн их гайхаж билээ. Танд хуурай хувцас өмсүүлээд л харин надад Алтантуяагийн тэрлэгийг өгсөн санагддаг юм.
Тэр тэрлэгнээс би анх удаагаа сүрчиг гэдэг үнэрийг чинь авчихаад үгүй мөн их гайхаж билээ.Аниа надаар тоглоод “За манай хүргэн. За овоо л эр болж байгаа юм байна даа. Алив энэ булчинг нь ээ чангараад ирж байх чинь”  гээд хэлсэн чинь би учиргүй таны бөөрөнд наалдчихаж билээ. Би уул нь Алтантуяатай тоглоё гэж байсан юм. Даанч айчихсан байсан юм чинь яах вэ дээ тийм ээ, ээж ээ.
Алтантуяа маань хоймортоо бөгцөг нясалж тоглоод л … Аниа бас тоглоомтой хүн шүү. Өө бас болоогүй ингэж байгаа юм “Миний хүү, хөөе Алтантуяа миний охин чи энэ Очиртай суух уу, айн” гэсэн чинь Алтантуяа  “юу, суу.  Үгүй ээ, үгүй наадах чинь намайг зодчихвол яах юм” гэж авдаг юм даа. Гэрээр дүүрэн инээд хөөр. Би ч бүр айж ичсэн би, намайг шоолсон тэд инээлдэж инээлдэж харин эцэст нь гэнэтхэн дуугаа хураачихдаг юм. Аниа маань их хүнээр тоглодог, хүүхдээр ялангуяа их тоглоноо, их шоглоомч хүн байсан санагддаг юм. Үгүй ямар сайндаа томчууд гэрээр дүүрэн байж байхад, би чинь одоо жаахан хүүхэд шүү дээ. Одоо томчуудын хэрэглэдэг мөнгөн аягатай архи сөгнөөд за тэгээд гаанс, хамрын тамхи ер нь томчуудын хэрэглэдэг бүх юмыг урд минь тавиад “За миний хүү наадахаасаа уу. Тэр, тэр хамрын тамхинаас тат. Сайхан ай нэг хэд найтаана даа” гээд л намайг чинь бүр хоёр чих улаатал их үймүүлдэг хүн байж билээ. Би ч гэж ичсэн, ээ чааваас гэж.
Сүүлд нь харин намайг өмөөрөөд  “за эд нар ч дээ, хэзээ нэг хүний оронцогнууд болдог юм бол доо. За за, муу эгч нь тоглосон юм. Алив нэг үнэрлээдэхье” гээд зулай дээр минь үнэрлэж байсан нь одоо хэр нь санагддаг юм шүү. Тэгсэн чинь тэр хүний оронцог нь  одоо би ингээд л өргөст торны… За уучлаарай ээж ээ, би явахгүй бол болохгүй нь, гарч жагсах дохио дуугарч байна. Энд чинь ёс журам гэж ёстой хатуу байдаг юм.  Харин хүү чинь эргэж орж ирээд тандаа бичсэн энэ захидлаа заавал гүйцээх болно за юу.  Яагаад гэвэл маргааш бямба гараг захидал авах тэрэг ирдэг байхгүй юу. За түр баяртай !
Ээж ээ, ээж ээ би танд нэг сайхан мэдээ дуулгах уу, айн.  Та л лав баярлана даа. Та баярлаад муу хүүгээ, тэр ч байтугай ухаант хүний үрийг хайрлана даа. Муу хүү чинь байна ш дээ. Архангай аймгийн нэг охинтой дотно болчихсон, гоё байна уу. Тэр охин маань найрсаг, элэгсэг, хөдөлмөрч бас л тантай минь адилхан дээлтэйгээ хатаж яваа хүний үр юм шүү дээ. Тэр маань хааяа таныг орлоод, намайг эргэж тойрно. Бас хиртэй хэдэн хувцас  хунарыг  маань угааж өгнө. Би тэрэндээ хайртай.
Ээж ээ, муу хүү чинь таныхаа өрийг өмлөж, голыг чинь харлуулсан өдөр хүүд чинь нэг байсан байхад, магнайг тань тэнийлгэж, сэтгэлийг тань жаргаасан өдөр цаана чинь мянга, мянга байгаа гэдэгт та хүүдээ итгээрэй та. За энд ч яах вэ дээ.  Ёс журам нь дэг нь хатуу, үнэхээр хатуу, ер нь л бүх юм хүний мэдлийнх. Тэгэхдээ яах вэ дээ, яваандаа дасах л биз, тийм ээ.
Ээж ээ, яг үнэнгээ хэлэхэд муу хүүд чинь үхэр халгайн дундуур шалдан биеэрээ туучиж яваа юм шиг санагдах өдрүүд ч байж л байна. Гэхдээ яах вэ дээ болох л биз. Төр төмөр нүүртэй гэдэг энэ хойно тийм биз дээ. Болно, болно хүү чинь энэ бүхнийг эр хүн шиг даваад л гарна. За юу. Аа нээрээ, та миний хийсэн нүглийн талаар нэг  их мэдэхгүй байгаа байх тийм үү. Арга ч үгүй шүү дээ. Аргагүй. Тэр гайтай өдөр Энхмөрөн бид хоёр зургийн газар очоод патераа татуулчихаад нэг их бие биендээ эрхэлсэн, хөөрсөн нялуурсан амьтад гараад ирсэн байхгүй юу, тэгсэн чинь гадуур бөөн үймээн. Хүмүүс ийшээ ч нэг гүйлдээд, тийшээ ч нэг гүйлдээд учир нь ерөөсөө олддоггүй. Тэгсэн харин олны дундаас нэг нь цагаан хоолойгоор юм ярьж байна. Юу ярьж байгааг бид хоёр нэг их сайн ойлгоогүй л дээ. Яах вэ дээ бид хоёр чинь залуу хүмүүс байна дунд нь ороод явчихсан юм.
Гал, утаа майр, орилоон чарлаан, шил толь хагарах зүрх зүссэн чимээ… Мэдэхгүй ээ…Цагдаа, хөгшин, залуу, согтуу хөлчүү, хүүхэд есөн шидийн хүмүүс тэнд байсан. Сүүлд нь гал, гал сөнөөгч тэрэг.
Та тэнд яг юу болсныг сонсохыг хүсэж байна уу. Хүү чинь байна шүү дээ, залуу насны ааг омгоор, шар бяраар тэр өдөр тэдэн рүү хэдэн чулуу нүүлгэчихсэн юм. Яадаг юм, би чинь залуу хүн юм байгаа биз дээ. Дарвиж болдог юм байгаа биз дээ. Гэхдээ байна шүү дээ ээж ээ хүү чинь нэг их гэмгүй, шударга, эсвэл бүр эр зоригтой аль эсвэл юу гэдэг юм “эрх чөлөө, эрх чөлөө” гэдэг  ч юм уу, хүү нь тэгж бодож өөрийгөө худлаа өмөөрч чадахгүй. Чадах ч үгүй. Ийм л юм болсон юм. Тэгээд л бүх юм эхэлсэн дээ.
Нарлаг Монгол оронд
Насаараа амьдрах хувьтай
Намайг төрүүлсэн ээжий
Номд сургасан багш…
Ээж ээ, хүүгээ уучлаарай.  Муу хүү чинь тэр өдөр үнэхээр чулуу нүүлгэчихсэн юм. Тэгэхдээ хүү нь байна шүү дээ тэр өдөр тэдэн рүү харин тэд нар бидэн рүү аль эрт, нэлээн өндрөөс их олон жилээр чулуу нүүлгэж байсан юм байна лээ ш дээ. Энийг танд Энхмөрөн хэлнэ за юу. Тэр бүгдийг харсан яагаад гэвэл тэр өдөр бид хоёр хамт явж байсан юм чинь. Намайг яаж хөөрч дарвиж, яаж хөөрч сагсуурч байсныг бүгдийг нь харсан. Та аяандаа мэднэ. Ээж харин  танд минь хэцүү байгаа ч гэсэн муу хүүгийнхээ хойноос хадаг самбаа барьж хаашаа ч битгий яваарай за, за юу. Болохгүй, хэрэггүй, хэрэггүй ээ, яах юм.Төрд чинь ёс, хүнд чинь жудаг гэж юм байдаг юм ш дээ. За хүүгээ үнс, бүр чанга тэвэрч үнс.Хүү чинь байна ш дээ нэг их сайхан өдөр Майханыхаа голын эрэг дээр цав цагаан таван ханатай гэр барьчихаад, жаргаж суух цаг ирнэ, ирнэ. Хүүдээ итгээрэй!
С.Пүрэв

URL:

Сэтгэгдэл бичих