Улаан тарианы үе ЭРГЭН ИРЛЭЭ (ЦУВРАЛ №2)

taria_1

Хатуухан хэлчихье. Монголчуудад бэлгийн боловсрол гэж алга. Бие биедээ үнэнч бус эхнэр нөхөр, найз залуу, бүсгүйгээ оймс шигээ сольдог байдал, амар хялбар аргаар мөнгө олохыг илүүд үзэж, хэтэвч зузаантай л бол хэнтэй ч хамаагүй энгэр зөрүүлдэг охид, хүүхнүүд олширсноос өнөөдөр монголчуудын дунд бэлгийн замын халдварт өвчтэй, тэр дундаа тэмбүүтэй хүний тоо дууны хурдаар нэмэгдэх боллоо. Эмч нар хүртэл ийм өвчтэй хүмүүсээ хяналтаасаа алдчихсан гээд сууж байх. Уг нь бид эцэг, өвгөдөөсөө өвлөсөн ёс суртахуунтай, цэвэр ичимтгий ард түмэн гэж хэлүүлэх дуртайсан. Эмэгтэйчүүд нь энгийн даруу, ёс журамтай, танилцсан болгонтойгоо ойртон дотносдоггүй, оёж шидэхдээ уран, хэлж ярихдаа цэцэн гэхчилэн магтуулдаг байв.

Эрчүүд нь ахмаддаа ачлалтай, хойчийнхоо өмнө үүрэгтэй, өрх бүлээ авч явах уужим ухаан, улс орноо жолоодох хатан зоригтой, өрх гэрийн түшиг, үр хүүхдийн сүр сүлд гэдэгсэн биш бил үү. Ингэж хэлүүлж, бас итгэж явсан залуус маань XXI зууны мэдээлэл, технологийн эринд хормойгоо “захирч” чадахгүйд хүрлээ гэж үү.

НАЛАЙХ, БАГАНУУР ДҮҮРЭГТ ТЭМБҮҮТЭЙ ХҮНИЙ ТОО НИЙСЛЭЛИЙН ДУНДЖААС ӨНДӨР БАЙНА

Монголд жил бүр 40 мянга гаруй хүн халдварт өвчин тусаж байгаагаас 20- 25 мянга нь бэлгийн замын халдвартай. Тэдний 43 хувь нь тэмбүүтэй, ид хөдөлмөрлөх насны залуус байгаа нь халаглахад ч багадах үзүүлэлт. Жил ирэх тусам энэ тоо нэмэгдэж буйг ХӨСҮТ-өөс гаргасан статистикаас харж болно. 2014 оны арванхоёрдугаар сарын байдлаар ийм өвчтэй хүний тоо 2013 онтой харьцуулахад 12.4 хувиар нэмэгдсэн байх юм. Тэгвэл энэ оны эхний гурван сарын байдлаар тэмбүүгийн өвчлөл өмнөх оны мөн үеийнхээс 17.5 хувиар нэмэгджээ. Өвчлөгсдийн 30 орчим хувийг жирэмсэн эмэгтэйчүүд эзэлж буй нь уг өвчний эсрэг аюулын харанга дэлдэх болсныг гэрчилнэ. Насны хувьд 15-45, хүйсийн хувьд тэнцүү. Бэлгийн замын өвчнөөр өвчлөгсдийн 60 гаруй хувь нь Улаанбаатарт, 20 хувь нь аймгийн төвүүд, үлдсэн нь авто, төмөр зам дагасан хилийн боомтууд, аялал жуулчлалын баазуудаас бүртгэгддэг гэж ХӨСҮТ-ийнхөн хэлсэн.

Өмнө нь бид тэмбүүтэй хүмүүсийн тоог сүүлийн таван жилээр аймаг, улсын дундажтай харьцуулан нийтэлж байсан бол одоо өвчин ихээр бүртгэгдэж буй Улаанбаатар хотын дундаж, нийслэлийн найман дүүргийн тоон үзүүлэлтийг хүргэж байна. 2014 онд нийслэлийн хэмжээнд тэмбүүтэй 3618 хүн илэрсэн нь өмнөх оноос 9.6 хувиар нэмэгдсэн үзүүлэлт аж. Харин Налайх, Чингэлтэй, Багануур дүүрэгт энэ өвчний тархалт хотын дунджаас өндөр гарчээ. Хэдийгээр эмч нар иймэрхүү тоо баримт дурдах нь олон нийтийг айдаст автуулна, жуулчдыг “хөөнө”, улс орны эдийн засагтай халгаатай гэж үздэг ч хэдий болтол бид үнэн төрхөө нууж суух билээ.

ЖИЛД 4000-5000 ХҮН ШИНЭЭР ХАЛДВАР АВДАГ

Манай улсад бэлгийн замын 13 төрлийн өвчнийг оношилж, эмчилдэг. Үүнээс дөрвийг нь улсын бүртгэлд оруулж байгаа юм билээ. “Бэлгийн замын халдварт өвчтэй хүний олонх нь тэмбүү, заг хүйтэн, трихомониаз, ДОХ-той байна. Тиймээс эдгээрийг улсын бүртгэлд оруулж, ийм өвчтэй хүний тоо нэмэгдэж байвал улсын хэмжээнд бэлгийн замын халдварт өвчин ихэслээ, цөөн байвал буурлаа гэж үзнэ. Сүүлийн 14-15 жилд тэмбүү эрс нэмэгдсэн бол заг хүйтэн нэг түвшинд, трихомониаз буурах хандлагатай байна. Жилд ойролцоогоор 4000-5000 хүн шинээр тэмбүүгийн халдвар авдаг. Эдгээр хүнийг тухайн жилдээ оношлоод, эмчилчихдэг. Гэтэл дараа жил нь дахиад л 5000 хүн халдвар авч байна. Энэ бол зөвхөн оношлогдож буй хүний тоо. Бэлгийн замын халдварт өвчин нь улаанбурхан, гахайн хавдар шиг вакцин тариулаад дархлаа тогтчихдоггүй учраас дахиад өвчлөх үгүй нь хувь хүний бэлгийн амьдралтай шууд холбоотой.

Тухайн хүн өөрийгөө эрсдэлээс хамгаалахгүй л бол насан туршдаа тэмбүүтэй амьдарна. Өнгөрсөн нэгдүгээр сард тэмбүүтэй нэг залуу манайд ирээд өвчнөө эмчлүүлээд явсан хэрнээ дөрөвдүгээр сард дахиад л тусчихсан байх жишээтэй. Иймэрхүү хүн олон. Жил бүр шинээр 5000 хүн тэмбүүгийн халдвар авч буйг ХӨСҮТ судалсан. 2014 онд зургаан мянган хүн ийм халдвартай байжээ. Тэдний мянга нь эмнэлэгт огт ханддаггүй, өөрөө халдвар авснаа ч мэддэггүй, мэдсэн ч нэр төрөө боддог юм уу ичиж зовоод тас нуудаг. Тэр мянган хүн нь дараа жил 5000 хүний өвчлөх шалтгаан болж байна. Насанд хүрсэн хүмүүс яагаад ийм ухамсаргүй байна вэ. Ямар жаахан хүүхэд биш. Тэгсэн хэрнээ өвчнөө хүнд халдаагаад байдаг.

Тийм болчимгүй байж боломгүй. Энэ бол ичиж зовох зүйл огтоос биш. Бид өвчтөний бүх мэдээллийг чандлан нууцалдаг. Харин ДОХ-ын тархалт нийт хүн амын тоотой харьцуулахад бага” гэж ХӨСҮТ-ийн тархвар судлаач, их эмч Ч.Уртнасан ярив.

ТЭМБҮҮТЭЙ ТӨРСӨН ХҮҮХДИЙН ТОО 1.5 ДАХИН НЭМЭГДЖЭЭ

Тэмбүү нь цагаан трепонем гэх нянгаар үүсгэгддэг “идэмхий” халдварт өвчин аж. Хүмүүс “Тэмбүүтэй хүний хамар нь уначихдаг гэнэ лээ” гэж ярьдаг шүү дээ. Гэтэл ачир дээрээ тархи, элэг, бөөр, үе мөч гээд үсний угаас, хөлийн хумсны үзүүр хүртэл гэмтээхгүй эрхтэн байхгүй гэнэ. Үүсгэгч нь маш хүчтэй хор ялгаруулдаг. Тэмбүүгийн халдвар авснаас хойш 14-21 хоногийн дараа бэлэг эрхтний ил, далд хэсгээр хатуу яр гардаг тухай эмч нар хэлдэг. Энэ нь ямар ч өвчин эмзэглэлгүй тул олон хүн өвчин туссанаа мэдэлгүй нууц үе рүү нь “илгээдэг” байна. Эдгэрч байгаа хэрэг биш. Бидний хэлдгээр өвчний вирус цусанд нь орж, далд хэлбэр рүүгээ шилждэг гэсэн үг. Энэ үед үсний уг дугуйран халцарч, их хэмжээгээр унадаг юм байна. Цаашлаад арьсаар нь юм туурч, гэнэтхэн хоёр нүд нь юм харахаа больдог. Нөгөө цагаан трепонем нь нүдний алимнаас тархи руу сэрэл дамжуулдаг харааны мэдрэлийг “идчихдэг”.

Яг л сүхээр кабелийн утас цавчдаг шиг. Түүнчлэн ажлаа хийгээд явж байтал нэг л өдөр суугаад босож чадахгүй, бүсэлхийнээс доошхи бүх бие нь мэдрэлгүй болдог тохиолдол ч байна. Тархи, нурууг холбосон нугаламны нугасыг мөн тэмбүүгийн үүсгэгч гэмтээсэн гэсэн үг. Өвчин эцсийн шатандаа хүрэх тэр агшинд тархины мэдрэлийн эсүүдийг идэж, нэг бол галзууруулж, эсвэл үхүүлдэг байна. “Сүүлийн үед хүмүүсийн хамар унах нь цөөрсөн ч ийм тохиолдол хэд хэд бүртгэсэн. Тэмбүү далд хэлбэрт шилжсэн үедээ нян нь ясны зөөлөн эдийг хайлуулдаг учраас ийм өвчтэй хүн нусаа татах төдийд л хамар нь чихэгдээд цааш орчихдог. Үүнийг монголчууд хамар нь “унана” гэж хэлдэг.

Тэмбүүтэй жирэмсэн ээжүүдийн хэвлий дэх ургийн дөнгөж бүрэлдэж буй яснуудыг мөн “иддэг”. Тэгэхээр тухайн хүүхэд төрж амжаагүй байхдаа ямар нэгэн эмгэгтэй болдог гэсэн үг. Тухайлбал, өсөлтгүй болох, тахир дутуу, хөл, гар нь ямар нэгэн гажигтай, тагнай нь цоорхой, уруул нь сэтэрхий ч юм уу. Зарим нь бүр хамар нь уначихсан төрдөг” гэж Ч.Уртнасан эмч хэлсэн юм. ЭХЭМҮТ-өөс гаргасан үзүүлэлтээс харахад сүүлийн жилүүдэд тэмбүүтэй мэндлэх хүүхдийн тоо нэмэгдсэн байна.

Хүн байтугай хорхойд ч гэм хор учруулж амжаагүй нялх амьтад эцэг эхийнхээ хэнэггүйн золиос болж байна. Ийм эмгэгтэй төрсөн хүүхэд амьдрах чадвар тун багатай, амьдарлаа ч ямар нэгэн гажигтай хоцордог тухай албаны хүмүүс сэрэмжлүүлж байсан. 2012 онд улсын хэмжээнд төрөлхийн тэмбүүтэй 24, 2013 онд 26 хүүхэд төрсөн бол 2014 онд энэ тоо 1.5 дахин нэмэгдсэн гэж халдвартын эмч нар ярьсан. Тэгвэл 2013 онд жирэмсэн эмэгтэйчүүдэд хийсэн үзлэгээр тэмбүүтэй 1600 ээж байжээ. Энэ тоо сүүлийн хоёр жилд мөн л эрчимтэй нэмэгдсэн байх юм.

ОРОС ЭМЧ НАР ЯР ӨВЧИНТЭЙ ИНГЭЖ ТЭМЦДЭГ БАЙЖ

Манай улсын хүн ам 500-600 мянга байсан Ардын хувьсгалын он жилүүдэд хоёр хүн тутмын нэг нь тэмбүүтэй байхад орос эмч нар бүгдийг албадан эмчилж, өвчнийг бүрэн устгасан байдаг. Тэгвэл 2014 онд хэвлэгдсэн “Доктор Шастин” гэх номонд тухайн үед бэлгийн замын халдварт өвчинтэй хэрхэн тэмцэж байсан тухай цухас дурджээ. “Үндэсний ардчилсан хувьсгалын жилүүдэд манай оронд бэлгийн замын халдварт өвчин хүн амын зонхилох хувийг эзэлж, үүнд хүүхдүүд өртөж байсан нь улс орныг тун аюултай байдалд хүргэж байлаа. Оросоос ирсэн эмч, мэргэжилтнүүд аймаг, орон нутгаар явж, судалгаа, шинжилгээ хийн, ил, далд хэлбэрийг нь хүртэл илрүүлж, эмчилж байсан. Доктор П.Н.Шастин 1927 онд цэрэгт татагдсан эрчүүдээс 28.8 хувь нь тэмбүүтэй байсныг илрүүлсэн, доктор Таубкин Орос руу сургуульд явахаар бүртгүүлсэн 225 хүнийг шинжилж, 40 хувь нь яр (тухайн үед тэмбүүг ингэж нэрлэдэг байсан)-тай болохыг, доктор Тарбиевский 1931-1932 онд хүн амын бүлгүүдэд шинжилгээ хийн, 22-41 хувь нь ийм өвчтэй байсныг тус тус илрүүлж байсан. Гэхдээ энэ нь цөөхөн хүнийг судалгаанд хамруулаад илрүүлсэн тоо тул Монголд яр өвчин хэр дэлгэрснийг тогтооход хангалттай бус” гэж өгүүлжээ.

Үүний дараа тэд 6000 хүнийг шинжилгээнд хамруулсан нь хүн ардын дунд өвчний тархалт хэр байгааг тогтоох үнэ бүхий материал болсон байна. Үүнээс үзэхэд насанд хүрэгсдийн 37.6-62.2, багачуудын 3-11 хувь нь төрөлхийн яртай байж. Энэ нь бэлгийн замын бусад өвчнөө бодвол тэргүүн байр эзэлж байсныг гэрчлэх тоо юм. 1923 онд 13 аймгийн 8205 хүн давхардсан тоогоор 90235 удаа эмнэлэгт хандан, өвчнөө эмчлүүлсэн баримтыг энэ номонд бас дурджээ. Нэг хүн дунджаар 11 удаа эмчлүүлсэн гэсэн үг. Энэ нь тухайн хүн эмчилгээгээ тасалсан, ламаар домнуулдаг, дахин тусдаг, эмчилгээ нь төдийлөн үр дүнгээ өгөхгүй байсантай холбоотойг давхар өгүүлсэн байсан. Тухайн үед иргэдэд эл өвчний талаарх мэдээлэл огт байхгүй, хувийн ариун цэврээ сахидаггүй, орон нутгуудад эмнэлэг, тасаг нэгж цөөхөн ажиллаж, хүмүүс нүүдэллэн тархай бутархай амьдардгаас тэгтлээ газар авсан байж л дээ.

Гэсэн ч орос эмч нар “Соёлын довтолгоо” өрнүүлж, энэ өвчнийг нийтээр нь анагаасан байдаг. Харин одоо бид хэддүгээр зуунд амьдарч буй билээ. Улс орон маань социализмын үеэс төрөл арилжсан, дэлхийн хаанаас ч хүссэн мэдээллээ олж авах боломж бүрдсэн эринд аж төрж байна. Харамсалтай нь энэ хөгжлөө дагаад монгол хүний ухамсар дээшилсэнгүй. Монгол Улс 11 аймагтай байх үед нийслэлийн хүн амын 28.4 хувь нь, Төв аймгийн 27.6, Сэлэнгийн 33.7, Дорнодын 37.4, Хэнтийн 36.3, Хөвсгөл аймгийн нийт хүн амын 37.9 нь тэмбүүтэй байжээ. Гэтэл өдгөө манай улсын хүн ам гурван саяд хүрсэн. Нэг аймаг дунджаар 50-80 мянган хүн амтай болоод буй. Эрүүл мэндийн яам (хуучнаар), Эрүүл мэндийн хөгжлийн төв хамтран гаргадаг “Эрүүл мэндийн үзүүлэлт” (2014 оныхыг хараахан нэгтгээгүй байна) товхимлоос харахад 2013 онд бэлгийн замын халдварт өвчтэй 15 мянга орчим хүн бүртгэгдсэнээс 41.9 хувь нь тэмбүүтэй, 32.5 хувь нь заг хүйтэн, 25.4 хувь нь трихомониаз, 0.2 хувь нь ДОХ-той байна.

Орон нутгаар авч үзвэл Дорнод аймагт арван мянган хүн амд 70.6 хувь, Говьсүмбэрт 44.3, Сүхбаатарт 37.3, Хөвсгөлд 28.1, Баянхонгорт 24.8, Дархан-Уулд 19.7, Дорноговьд 19, Орхон аймагт 18.9 хувьтай байгаа нь харьцангуй өнд өр үзүүлэлт юм. Зарим аймагт энэ тоо улсын дунджаас өндөр гарсан байна. Ийм байхад манай эрх баригчид хүний эрх, улс орны эдийн засаг ярьж суух нь хэр оновчтой вэ. Улсынх нь баялаг болсон иргэд яр өвчинд баригдчихсан, XXI зуунд ч нүүдэлчин зангаа гээхгүй байхад бид урагшилна гэж үү. Улсын хэмжээнд иргэдээ үзлэг шинжилгээнд хамруулж, хувьсгалын жилүүд шиг “улаан тариа” албадан хийх цаг болжээ.

“АЛБАДАН ЭМЧИЛГЭЭНД ХАМРУУЛАХ ХӨРӨНГӨ, УРВАЛЖ БОДИС БАЙХГҮЙ”

Энэ өвчин аль хэдийнэ ирээдүй болсон үрсэд маань заналхийлээд эхэлчихсэн. Гэтэл халдварт өвчнийг цогцоор нь оношилж, эмчилдэг улсын ганцхан объект ХӨСҮТ-ийнхөн “Хувьсгал ялснаас хойш 90 жил тэмбүү, сүрьеэтэй тэмцлээ. Өнөөдөр хүртэл дарж чадахгүй л байна. Анагаах ухаанд энэ өвчнийг бүрэн оношилж, эмчилж байна. Шалтгаан, халдварлаж буй замыг нь ч мэднэ. Гэтэл үүнийг бүрэн эмчлэхэд нийгмийн амьдрал нөлөөлж байна. Ядуурал, ажилгүйдэл, биеэ үнэлэлт, хувь хүний эрхийг ч энд ярьж байна. 1990-ээд онд Монгол Улсад тэмбүү өвчин бараг гардаггүй, жилд 100-150 хүн л бүртгэдэг байлаа. Иргэдийг албадан эмчилгээнд хамруулах гэхээр хөрөнгө мөнгө, урвалж бодис байхгүй” гэх нийтлэг дутагдлаа ярьж сууна.

Улсаас шаардлагатай мөнгийг нь гаргах хэрэгтэй. Тэд бэлгийн замын халдварт өвчинтэй тэмцээгүй биш, тэмцэж байгаа. Байгууллагуудаар үзлэг шинжилгээ хийж, ажилд орохоор ирсэн хүнийг, гадаадад аялах, сурахаар бүртгүүлсэн, мэс засал хийлгэх гэж буй гэхчилэн шат шатанд бэлгийн замын халдварт өвчнийг илрүүлэх шинжилгээ хийж буй. Ямар нэгэн өвчин илэрснээс нь хавьтал, контактуудыг судлах замаар оношилж байгаа. Гэвч энэ нь улсын хэмжээнд бэлгийн замын халдварт өвчний тархалт хэр байгааг илтгэж чадахгүй байна. Гэхдээ бид хэн нэгний зөв, бурууг шүүх гэсэнгүй. Тэмбүүг нийгмийн халдварт өвчин гэж үздэг учраас нийтээр анагаах нь чухал болоод буй.

Залуучууд ч гэсэн болзошгүй эрсдэлээс өөрийгөө хамгаалж сурахын тулд энэ талаарх мэдлэгээ улам тэлэх, хосууд нэгэндээ үнэнч байх, ганц бие хүмүүс аль болох тохиолдлын бэлгийн хавьталд орохгүй, орсон ч бэлгэвч хэрэглэж заншихыг эмч нар зөвлөж байна. Нэг хүний эрх нөгөөгийнхөөр хязгаарлагддагийг санахад илүүдэхгүй биз ээ. 2008-2013 онд “Нэг цэгийн үйлчилгээ” төслийг нийслэлийн төвийн зургаан дүүрэгт хэрэгжүүлсэн. Энэ онд Сонгинохайрхан, Баянзүрх дүүрэгт үргэлжлүүлэн хэрэгжүүлнэ. Жирэмсэн эмэгтэйчүүд гэлтгүй, тэдний хамтран амьдрагчдын дунд тэмбүү өвчнийг илрүүлэх, эмчлэх, урьдчилан сэргийлэх ажил явуулах учраас залуучууд маань сайн дураараа үзлэг, шинжилгээнд хамрагдахыг сануулъя. “Төр ариун байхыг түшмэд мэдтүгэй. Цус ариун байхыг эмс мэдтүгэй” гэдэг шүү дээ.

mongolnews.mn


URL:

Сэтгэгдэл бичих