“Хүүхдийн эрхийг дээдлэе” уриан дор 1000 дугуйчины парад болно

BannerЧингисийн талбайд “Хүүхдийг эрхийг дээдлэе” уриан дор энэ сарын 24-нд дугуйн өдөрлөг зохион байгуулагдах гэж байна. Өдөрлөгт 1000 дугуйчин оролцож, хүүхдийн эрхийг дээдлэхийг уриалан, нийслэл хотын гудамжаар дугуйн парад зохион байгуулах юм байна. Тэд Чингисийн талбай – Баруун дөрвөн зам – Зүүн дөрвөн зам – Чингисийн талбай гэсэн маршрутаар дугуйн парадаа аялуулна. Тус өдөрлөгийн гол зорилго нь хүүхдийн эрхийг хамгаалах, олон нийтэд сурталчлахад чиглэгдэж буй юм. 2014 онд хүүхэд болон тэдний эцэг эх, асран хамгаалагч болох 2300 хүний дунд хүүхдийн эрхийн хуулийн хэрэгжилтийн талаар санал асуулга явуулсан байна. Энэ судалгаагаар тэдний 73,3% хүүхдийн эрх нийтийн тээвэрт зөрчигддөг гэж хариулжээ. Мөн үйлчилгээний газарт, сургуулийн орчинд, цахим тоглоомын газруудад хүүхдийн эрх зөрчигддөг гэж хариулжээ. Үүнээс гадна сүүлийн үед гэр бүлийн хүрээнд хүүхдийн эрхийг ноцтойгоор зөрчин, аминд нь хүрсэн тохиолдол гарч байна. Иймээс хүүхдийн эрхийг хамгаалах зорилгоор олон нийтийн анхаарлыг хандуулах үүднээс томоохон хэмжээний дугуйн парад, өдөрлөгийг Ардчилсан хүчний залуучуудын холбооноос зохион байгуулж байна. Ирэх Ням гарагт Чингисийн талбайд болох тус өдөрлөгт ХАХНХ-ийн сайд С.Эрдэнэ, УИХ-ын гишүүн Ж.Батзандан, ХТҮГ-ын дарга И.Нарантуяа нар оролцоно. Мөн хамтлаг дуучид оролцож, ая дуугаа өргөх юм байна. “Хүүхдийн эрхийг дээдлэе” уриан дор нэгдэцгээе.


URL:

Сэтгэгдэл бичих