Ч.Сайханбилэг: Улстөрчид эх орноо боддог л юм бол одоо оюутолгойтой хутгалдах шаардлагагүй

a171539416037201501240345

Гадаадад айлчлал хийх үеэрээ Оюутолгойн гэрээг нууцаар үзэглэсэн гэх шүүмжлэлд өртөөд байсан Ерөнхий сайд Ч.Сайханбилэг өчигдөр 18.20 цагт эх орондоо ирлээ. Энэ гэрээнд гарын үсэг зурснаас болж өөрийг нь огцруулах асуудлыг хүртэл зарим гишүүн болон парламентад суудалгүй намууд ярьж эхэлснээс болсон уу Засгийн газрын тэргүүн онгоцноос буусан даруйдаа Оюутолгойн хоёр дахь шатны хөрөнгө оруулалтын талаар тайлбар, мэдээлэл хийлээ. Мэдээллийн эхэнд тэрбээр Дубайд хийсэн айлчлалаас ганзага дүүрэн ирснээ тодотгосон. Түүнчлэн яагаад заавал Дубайд гэрээг эцэслэх болов гэдэг асуултын хариуд “Оюутолгойн хоёр дахь шатны хөрөнгө оруулалтыг шийдэхийн тулд талууд өнгөрсөн хугацаанд Өмнөговь аймаг болон Сингапур, Лондонд хэлэлцээр хийсний эцэст ийнхүү Дубайд гэрээг эцэслэх боломжтой болсон” гэлээ. Хэдийгээр хэлэлцээр олон газар болж байсан ч Нью-Йорк, Сингапурын дараа ордог дэлхийн эдийн засгийн томоохон төв болох Дубайд талууд бүрэн дүүрэн тохиролцсон нь дэлхий дахинд эерэг мэдээлэл түгээх боломж болсонд олзуурхаж байгаагаа тэрбээр хэлсэн. Мөн далд уурхайн бүтээн байгуулалтын төлөвлөгөөнд Ерөнхий сайд биш холбогдох аж ахуйн нэгж, компанийн удирдлагууд гарын үсэг зурсныг онцолсон. “Өнөөдрөөс эхлээд Оюутолгой Засгийн газрын болон улс төрийн ч асуудал биш. Одоо зөвхөн эдийн засгийн, компани хоорондын асуудал болж байна” гээд . Улстөрчид улс эх орноо боддог л юм бол Оюутолгойн асуудалд хутгалдах шаардлагагүй болж байгааг сануулсан. Ингээд тэрбээр гэрээнд тусгасан гэх зарим маргаантай асуултад хариулт өгөх үүднээс дараахь мэдээллийг өгсөн. Тухайлбал, “Оюутолгой дээр хоёр тэрбумын хэтрэлтийн асуудлыг ярьдаг. Бид үүнийг тал бүрээсээ ярьсаар 2009 оны ТЭЗҮ-ийн хэтрэлт, удирдлагын зардлыг төлье, бусдыг нь төлөхгүй гэж тохиролцсон. Монголын талд ашигтай болсон бас нэг асуудал нь удирдлагын менежментийн зардлыг зургаан хувиар тогтоосон байсныг далд уурхайн бүтээн байгуулалтын үйл явц үргэлжлэх долоон жилийн хугацаанд гурван хувьд барихаар тохирч чадлаа. Түүнчлэн бүх зардлыг Монголын тал хянах боломжтой болж байгаа. Ажлын хэсэг байгуулж, хоёр талаасаа тус бүр хоёр хүн оруулсан бөгөөд ажлын хэсгийг Монголын тал ахална. Оюутолгойн уурхай дээр хийх бүх ажилд Монголын тал хяналтаа тавих бүрэн боломжтой болсон. Мөн хувь эзэмшлийг энэ гэрээнд албан ёсоор тусгаж чадлаа. Хоёр талаас бүх тооцоогоо нэгтгэсэн гэсэн үг. Үүний дагуу хуваалтыг тооцоход Монголын талд 54.9 хувь очихоор бүх тохиролцоогоо хийсэн. Товчхондоо, үүнээс өндөр боломж манай талд байхгүй” гэлээ. Харин татварын маргааны тухайд “Татварын асуудлаар нөгөө тал олон улсын арбитрын шүүхэд хандах гэж байсныг зогсоож чадсан. Ингээд бид 30 сая ам.долларын татварын өрөө авахаар болсон. Цаашид манай улсын хуульд заасны дагуу татварын асуудлаа шийдэхээр болсон” гэв. Харин нууцаар гэрээ хийсэн гэх асуудалд тэрбээр “Энэ төлөвлөгөөнд ямар ч нууц юм байхгүй. Талууд төлөвлөгөөнд гарын үсэг зурсны дараа олон нийтэд цацагдсан байгаа. Монгол орчуулгыг нь өнөөдөр нийтэд түгээнэ. Нууж хаасан зүйл огт байхгүйг албан ёсоор хэлье. Оюутолгойн гэрээ яаж манай эдийн засгийг хааж боож, гадаадад бидний тухай эсрэг мэдээлэл өгдөг байсныг харж болохоор байгаа. Өөрөөр хэлбэл, Оюутолгойн гэрээнд гарын үсэг зурсны дараа манай улсын Засгийн газрын бондын хувь хэмжээ, үнэлгээ болон бусад банкны гаргаж байгаа бондын хүү дандаа эергээр огцом өсч байгаа. Бүх үзүүлэлт сайжирч байгааг харж болно. Бид үүнийг л хүссэн” гэсэн юм. Түүний хэлснээр сүүлийн 20 сар царцсан төсөл хөдөлсөн даруйдаа үр дүн нь эергээр харагдаж эхэлсэн байна. Товчхондоо, энэ удаагийн гэрээ Монгол Улсын эрх ашигт бүрэн нийцсэн ажил болсон гэж тэрбээр дүгнэсэн. Ерөнхий сайд мэдээллийнхээ төгсгөлд “Одоо ямар нэг хувь улстөрч өөртөө оноо цуглуулах гэж оролдох хэрэггүй. Түүнчлэн улс орныхоо эрх ашгийг бодох цаг болсон” гэлээ. Энэ үеэр тэрбээр цаашид УИХ, Засгийн газартайгаа нийлээд Тавантолгойн асуудлаа шийдэхээр ажиллахаа илэрхийлсэн. Ерөнхий сайд Эмиратад айлчлах үеэрээ Хөрөнгө оруулалтын сан байгуулах замаар нэг тэрбум ам.долларын хөрөнгө оруулалтыг шийдсэнээ хэлсэн. Ингэснээр Оюутолгойн зургаан тэрбумын хөрөнгө оруулалтаас гадна Энэтхэгийн Ерөнхий сайд Модигийн айлчлалаар мөн л нэг тэрбум ам.долларын зээлийн шугам нээснийг хамтатган тооцвол манай улс тавхан хоногийн дотор найман тэрбум ам.долларын хөрөнгө оруулалтыг шийдэж чаджээ. Ийнхүү мэдээлэл өгсний дараа тэрбээр сэтгүүлчдийн сонирхсон зарим асуултад хариулт өгсөн юм.

-Удаан хүлээлт үүсгэсэн энэ асуудлыг шийдсэнээр эдийн засагт эерэг үзүүлэлт гарах нь дамжиггүй. Гэрээг хэлэлцэх үеэр манай улсын Засгийн газар, “Рио тинто”-гийн хооронд ямар асуудлууд дээр буулт хийсэн бэ?

-Харилцан тохиролцож чадсан бүх асуудлаа би сая хэллээ. Талууд тохиролцож чадсан учраас далд уурхайн ажил эхлэхээр болж байна. 14 том банкнаас хөрөнгө оруулалт босгох ёстой. Одоо засгийн ажил дууссан. Компани хоорондын ажил үлдсэн. Монголын талаас “Эрдэнэс Монгол”, “Эрдэнэс Оюутолгой” компани, нөгөө талаас “Туркойз хилл Ресурс”, “Рио Тинто”, “Оюутолгой” компаниуд нийлж, үлдсэн асуудлаа шийдэхийн төлөө нар, сартай уралдаж ажиллах цаг үе ирж байна.

-14 банкнаас хөрөнгө босгохдоо Оюутолгойг барьцаанд тавина гэж яриад байгаа. Оюутолгойн асуудлыг шийдэхдээ яагаад заавал гадаадад эцэслэв гэдэг нь сөрөг мэдээлэл түгэхийн эхлэл болоод байна л даа?

-Хөрөнгө босгох явдал 2009 оны хөрөнгө оруулалтын гэрээгээр зохицуулагдсан байгаа. Энэ асуудал руу бид огт ороогүй. Нөгөөтэйгүүр ямар нэгэн байдлаар нуугдаж, хулгайгаар гэрээнд гарын үсэг зурсан зүйл байхгүй. Өмнөговь аймгаас эхлээд шат дараалсан уулзалтыг бид хийсээр ирсэн. Сүүлийн шат Дубайд байж таарлаа.

-Оюутолгойн борлуулалтын мөнгө Монголоор дамжихгүй байгаа. Төлөвлөгөөнд гарын үсэг зурах үеэр энэ талаар ярилцсан уу?

-Сүүлийн үед энэ асуудлыг бид байнга хөндөж байсан. Нөгөө талаас нэг зүйлийг хэлж байгаа нь 2009 оны хөрөнгө оруулалтын гэрээгээр энэ асуудал нээлттэй гэж байгаа. Өнгөрсөн хугацаанд Монголын тал нөгөө талдаа хэлэлгүйгээр Төсвийнхөө хуульд шууд шинэ орлого тавьдгаас гадна татварын байцаагч нар 2-3 удаа дансыг нь шууд хааж байсан учраас бидний хооронд итгэлцэл алга болсон байсан. Харин одоо бид нэг завинд сууснаа хаа хаанаа ойлгох ёстой. Цаашдаа бид нэг зорилгын төлөө явах нь л гол асуудал болж байна.

-Хөрөнгө оруулалтын хэмжээ яагаад өсчихөв. Бид 4.2 тэрбум гэж төсөөлж байсан. Хөрөнгө оруулалтын хэмжээ өссөнөөс үүдээд үл ойлголцол гараад байх шиг байна л даа?

-Оюутолгойн болон ямар ч уул уурхайн төсөл байнга хөрөнгө оруулалт шаардаж байдаг. Далд уурхай дээр Оюутолгойн нийт баялгийн 80 хувь нь байдаг учраас хөрөнгө оруулалт зайлшгүй шаардлагатай болно. Явцын дунд ч гэсэн дараа дараагийн хөрөнгө оруулалтын асуудал гарахыг үгүйсгэхгүй.

-УИХ-ын гишүүн С.Ганбаатар мэдээлэл хийхдээ “Сангийн сайд энэ төлөвлөгөөнд гарын үсэг зурахгүй бол хүчин төгөлдөр бус” гэж ярьсан. Энэ ямар учиртай юм бэ?

-Одоо хэдүүлээ нэг зүйлийг ойлгоцгооё. Оюутолгой одоо улстөрчид юмуу УИХ-ын гишүүдэд хамаатай асуудал биш болсон. Энэ бол цэвэр эдийн засгийн харилцаа. Бизнесийн харилцаа, компани хоорондын асуудал шүү. Бид том төсөл хөтөлбөр бүрийг улстөржүүлээд байвал хэзээ ч тамын тогооноос гарахгүй. С.Ганбаатар гишүүн ямар нэгэн байдлаар асуудал ярихгүйгээр процесс ярьж байвал Сангийн сайд гарын үсэг зурснаар хүчин төгөлдөр болно гэдэг зүйл ерөөсөө байхгүй. Бид гарын үсэг зурснаар далд уурхайн бүтээн байгуулалт эхлэх бүрэн боломж нээгдэж байгаа юм. Эдийн засаг өсөхийг хэн хүнгүй хүсч байгаа гэж ойлгож байна. Би ямар нэг улс төр ярьж маргахгүй, эдийн засгийн өсөлтийн дүн энэ бүх асуудалд хариулт өгөөд явна. Ер нь Засгийн газар асуудлыг шийдэж байгаа нь зарим хүнд онцгүй харагдаж байж болох. Гэхдээ л бид улс орныхоо төлөө асуудлуудаа шийдээд явах болно. Оюутолгойн бүтээн байгуулалтад нийтдээ зургаа орчим тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт шаардлагатай. Ажил үргэлжлэх хугацаа долоон жил байна гэсэн төлөвлөгөөтэй байгаа. Оюутолгой хөдөлнө гэдэг бол зөвхөн төслийн тухай асуудал биш. Монгол Улсын эдийн засаг тэр чигээрээ хөдлөхийн нэр юм.

М.Өнөржаргал


URL:

Нэр: Unsc Огноо: 22 May 2015

jj

Нэр: dcvsdfv Огноо: 23 May 2015

ene hemjeegui erht haan uu

Нэр: Зочин Огноо: 8 June 2015

Муухайбалаг гэдэг гадаадын гар хөл өөрийн хүслээр огцрох хэрэгтэй ш дээ. Тэртэй тэргүй энэ улс орныг удирдахад толгой нь хүрэхгүй байж гай болоор зай болвол улс орон ард түмэнд минь маш их тус болно шүү. Эх орорнч охид хөвгүүд мундсан биш ахиж битгий улс төрд орж гай зай болоорой.

Нэр: Зочин Огноо: 10 June 2015

Сайханбилэгээ, чи юу хийгээд байна аа. Арай ч дээ.

Сэтгэгдэл бичих