Авлигаар газрын алба тэргүүлжээ

main1425958149

“Ил тод байдлыг дэмжих түншлэл” ТББ-аас өндөр түвшиний авлигын сэдвээр  хэлэлцүүлэг хийв.  Авлигыг илэрч буй  нөхцөл байдлаар нь  сүүлийн үед ингэж ангилж үздэг болжээ. Өндөр түвшиний авлига гэдэгт бидний сайн мэдэх төрийн өндөр албан тушаалтануудтай холбоотой авлигын үйлдлүүд багтаж байна.

2006-2014 оны  хооронд Азийн сангийн “ Монгол Улсад авлигатай тэмцэхэд дэмжлэг үзүүлэх” хөтөлбөрийн хүрээнд хийсэн  “Авлигийн талаарх олон нийтийн ойлголт болон мэдлэг тогтоох “ судалгаагаар өндөр түвшиний авлига манайд түгээмэл хандлагатай болсон нь харагдаж байна.   “Ил тод байдлыг дэмжих түншлэл” ТББ-ын гүйцэтгэх захирал Д.Цэрэнжав иргэд болон гишүүн  байгууллагын төлөөллийг оролцуулсан хэлэлцүүлгийн үеэр тэдгээр судалгааны дүнг танилцуулсан юм.

2006-2009 оны хооронд нийт найман удаагийн судалгаа хийгджээ.  Судалгаанд оролцогсдын  дийлэнх нь Монголд авлига нийтлэг үзэгдэл гэж үзсэн хэвээр байна.  Дунджаар таван өрхийн нэг нь гурван сарын хугацаанд ямар нэгэн хахууль өгдөг. Сүүлийн дөрвөн жилд айл өрхүүд нийтдээ 479 тэрбум төгрөгийг  хахуульд төлдөг гэсэн тооцоо гарчээ.  Харин  хахууль өгсөн өрхийн тоо 2006 оныхтой харьцуулахад буурсан байна. Гэвч хахуулийн хэмжээ 118 мянган төгрөг байсан бол 2012 онд 391 мянган төгрөг болж өсчээ.

Мөн судалгаанд оролцогсдоос  “хахууль өгөхгүй”  гэж хариулсан хүний тоо нэмэгдсээр байгаа ч авлига өгөх хүний тоо буурсан дүнтэй байна. Урьд нь  хийгдсэн 11 удаагийн судалгаагаар өрхийн төвшин дэх авлигын цар хүрээ, тохиолдлыг судалсан бол 2013 онд өндөр албан тушаалтанд холбогдох авлигын талаар судалж үзсэн нь онцлог болжээ.

Судалгаа ер нь аливаа зүйлийг тун багцаатай хэлдэг. Сүүлийн 10 гаруй  жилд  иргэдийн дунд хамгийн их шүүмжлэгдсэн нь газрын алба байлаа. Дараа нь лиценз дагасан уул уурхайн салбар багтдаг. Судалгаа бүрд эдгээр салбарууд авлигын нөхцөл байдлаараа “тэргүүлжээ”. Газрын алба  байнга нэгдүгээрт эрэмбэлэгдэж байж. Д.Цэрэнжавын хэлснээр “Дээд түвшиний авлига нь иргэн бүрд газар өмчлүүлэх болсноос хойш бүр ч ил тод болсон. Газрыг хувьчлах үйл ажиллагаа маш удаан явж байна. Одоо дөнгөж 10 гаруйхан хувь нь газраа өмчилж аваад байна.  Энэ хооронд Зайсан толгой орчмын дархан цаазтай газрыг төр засгийнхан бодлогоор хувьд шилжүүлж ирлээ. Түр журам гэх мэтийг гаргаж явсаар Богд уулын дархан цаазад гзар руу төрийнхөн хуулийн аргаар халдаж орлоо. Найман жилийн хугацаанд Газрын алба,  уул уурхай, орон нутгийн худалдан авалт, тендер хамгийн их авлигад өртсөн  байгууллагаар нэрлэгдсэн хэвээр. Одоо ч нэрлэгдсээр байгаа” хэмээн онцолж байв. Мөн дээд түвшний авлига, түүний хууль эрх зүйн зохицуулалтын талаарх судалгааны баримт мэдээллийг “Эмэгтэй удирдагч сан” ТББ-ын Удирдах зөвлөлийн дарга В.Удвал танилцуулсан юм.

Б.Баяр 

Эх сурвалж: Tumen.mn


URL:

Сэтгэгдэл бичих