Туул голоос эрэгтэй хүний цогцос олджээ
Хан-Уул дүүргийн 12 дугаар хороо, Биокомбинатын гүүрний доор Туул голд хүн осолджээ. Дуудлагын дагуу Нийслэлийн Аврах ангийн бүлэг Туул голд найман метрийн гүнд шумбалт хийж, Баянхонгор аймгийн харьяат 31 настай, эрэгтэйн цогцсыг олж гарган цагдаагийн байгууллагад хүлээлгэн өгсөн байна.
Урин дулааны улирал аялал зугаалгын үе эхэлж байгаатай холбогдуулан Нийслэлийн Онцгой байдлын газраас иргэдийг голын эрэг орчим зорчихдоо аюулгүй байдлаа хангаж, аюулгүй байдлын тэмдэг тэмдэглэгээг мөрдөж, бага насны хүүхдийг хараа хяналттай байлгахыг онцгойлон анхааруулж байна. Он гарсаар голын усанд автомашинтайгаа суусан тав, мөс цөмөрч живсэн дөрөв шаварт сууж усанд осолдож амь насаа алдсан тус бүр нэг дуудлага Нийслэлийн Онцгой байдлын газарт ирсэн байна. Нийслэлийн Онцгой байдлын газраас жил бүр Туул голд завьт эргүүл ажилладаг. Ингэснээр сүүлийн жилүүдэд нийслэлд усны ослоор амь насаа алдсан иргэдийн тоо буурсан үр дүнтэй байгаа юм.
Энэ жилийн тухайд зуны гурван сар Гачууртын хар усан тохойгоос Сонсголонгийн гүүр хүртэлх Туул голд завьт эргүүл үүрэг гүйцэтгэж иргэдийн аюулгүй байдлыг хангаж ажиллах аж.
URL: