Энэтхэгт болж буй аагим халуун мянга гаруй хүний аминд хүрлээ

71191

Ойрын өдрүүдэд Энэтхэг улсад болж буй хэт халууны улмаас 1300 гаруй хүн нас бараад байна. Хотын цардмал зам хүртэл хайлах энэ аймшигт халуун тамаас зайлах арга даанч байхгүй ажээ.

Энэтхэгийн нийслэл Нью-Дели хотод агаарын температур 45 °С байгаа бөгөөд цаашид нэмэгдэж болзошгүй хэмээн цаг уурчид анхааруулсаар байна.

Ялангуяа Өмнөд Энэтхэг ихээхэн хохирол амсаж байгаа гэнэ. Гадаа ажилладаг барилгачид, өндөр настай хүмүүс, орон гэргүйчүүд болон олон нийтийн хэвлэл мэдээллээр байнга цацагдаж байгаа анхааруулгыг сонсоогүй өнгөрсөн хэн боловч төөнөх халууны золиос болсоор байгаа аж.

Эрх баригчдын мэдээлж байгаагаар хамгийн их хохирол хүлээсэн муж Андхра-Прадешт 5-р сарын 18-аас эхэлж 900 гаруй хүн амь алдаад байгаа нь өнгөрсөн зуныхаас 2 дахин олон гэнэ. Агаарын температур нь 48 °С хүрч буй зэргэлдээ орших Теленган мужид зөвхөн өнгөрсөн 7 хоногт 200 гаруй хүн нас баржээ.

Нью-Дели хотод гудамжинд амьдардаг орон гэргүй хэдэн мянган ядуучууд ямар ч хамгаалалтгүй байна. Хэт олон тооны агааржуулагчийг ажиллуулж хүчрэхгүй байгаагаас Нью-Делийн дагуул хот Гургаоны оршин суугчид өдөрт 10 хүртэл цагаар цахилгаангүй сууж байна.

Халуунаас зугтаах ямар ч аргагүй, өдөржин усанд ороод ч нэмэргүй байгаа аж. Хүмүүс гадаа гарахгүй байхыг л эрмэлзэж байна. Хааяа цөөхөн тооны зоригтон л гартаа тааралдсан зүйлээр толгойгоо халхлан улайссан мэт цоргих агаарт гарч зүрхлэх аж.

Энэ төөнөм халуун нь Раджастхан мужид байх элсэн цөлөөс халуун агаарын урсгалтай хамт ирж байгаа гэнэ. Энэтхэгийн эрчим хүчний салбар хүнд байдлаас гарах арга зам хайсаар байна. Харин ус, ундааны наймаачид л олз омог ихтэй байгаа бололтой.

Энэтхэгийн Цаг уурын албаны дарга Брахма Пракаш Ядав: “Ойрын үед температур өдөртөө 45 °С-аас буухгүй бөгөөд харин 6-р сарын 2-ноос усархаг аадар орох төлөвтэй байна” гэсэн мэдэгдэл хийжээ. Одоогоор бүх эмнэлгүүд халуунд нэрвэгдэгсдэд тусламж үзүүлэхэд бэлэн байгаа бөгөөд аль болох гадагш гарахгүй байж, ус сайн ууж байхыг хүн амд зөвлөж байна.

Ер нь Энэтхэгт зуны ид дундуур олон зуун ядуучууд наранд цохиулан үхэж, хэдэн арван мянган хүмүүс цахилгаан эрчим хүчний хямралд өртдөг нь бараг хэвийн үзэгдэл болоод байна.

Өдөр тутмын “Hindustan Times” сонинд мэдээлснээс үзвэл ийм хүчтэй халууны улмаас зарим газар ихээхэн ган болж магадгүй нь сэтгэл түгшээсэн асуудал болоод байгаа юм байна.


URL:

Сэтгэгдэл бичих