Танай хүүхэд орондоо шээдэг бол…

Хүүхэд өсгөнө гэдэг хэцүү ажил. “Бүр хамгийн хэцүү ажил” гэж хэлэх эцэг эхчүүд ч олон гарах байх. Энэ дотор хүүхэд орондоо шээх гэдэг элбэг тохиолдох нэг хэцүү асуудал бий. Энэ тухай өгүүлье. Сургуулийн өмнөх насны хүүхдүүдийн дунджаар 40 хувь унтаж байхдаа шээдэг ажээ. Гэхдээ хүүхдуудийн ихэнх нь том болох тусмаа энэ зуршлаа гээсээр, 5 настнуудын 20%, 6 настнуудын 10%, 12 настнуудын 3% нь орондоо шээдэг болж, хувь нь багасдаг байна.Хүүхэд яагаад орондоо шээдэг вэ? huuhedhol

Хүүхдийн орондоо шээдгийн шалтгаан одоог хүртэл яг таг тодорхой биш байгаа. Гэхдээ дараах шалтгаанууд нөлөөлдөг байх гэж эрдэмтэд үздэг.

1.Юуны өмнө хүүхдийн биеийн хөгжил арай удаавтар байх, шөнө шээс хэт ихээр ялгарах гэсэн хоёр шалтгаан илүү нөлөөлөх магадтай.

Жижигхэн давсаг хурдан дүүрэх нь ойлгомжтой. Гэтэл зарим хүүхдийн биеийн тархи, давсаг хоёрын хооронд мэдээлэл дамжуулах тогтолцоо арай удаан хөгжиж гүйцдэг. Зарим хүүхэд давсаг нь дүүрээд сэрэх мэдээлэл тархинд ирэхэд хүлээн авдаггүй байж болно.

Мөн зарим хүүхдийн бие бөөрөөр шээс ялгарахыг дарангуйлах даавар хангалттай ялгаруулдаггүй байх гэж бөөрний эмч, мэргэжилтнүүд үзэж байна. Энэ ямар учиртай даавар вэ гэхээр хүний бие шөнийн цагаар энэ дааврыг илүү ялгаруулснаар унтаж байхад арай бага шээс ялгардаг юм. Тиймээс бөөрөөр шээс ялгарахыг дарангуйлах даавар нь бага ялгардаг хүүхдийн давсаг унтаж байхад нь дүүрэх магадлалтай.

2.Сэтгэл нь түгшсэн, айж эмээж, санаа нь зовсон үедээ хүүхэд бас орондоо шээж болдог гэж мэргэжилтнүүд үздэг. Мөн удам ямар нэг хэмжээгээр нөлөөлж болно. Хүүхдийн орондоо шээдэг нь гэр бүлийн гентэй холбоотой бололтой. Таныг хүүхдийг орондоо шээхэд хүргэдэг шалтгаануудыг зөвөөр ойлгосноор хүүхдэдээ зөв хандаасай гэсэндээ шалтгаануудын талаар дурдлаа.

Хүүхэд орондоо шээгээд байвал яах вэ?

Орондоо шээдгээсээ болж хүүхэд өөрийгөө муу гэж бодож магадгүй. Эцэг эхчүүд ч уурлаж загнах юмуу өөрсдийгөө ямар нэг буруу зүйл хийчихсэн мэтээр төсөөлөн буруутгах тохиолдол байдаг. Нэг дүү маань бараг 7 нас хүртлээ орондоо шээсэн. Түүнийг нэг удаа
орондоо шээснийг нь хүн хараахан мэдээгүй болохоор хөнжлөө дэлгэн хатаалгүй сэмээрхэн хурааж тавьсныг аав мэдээд орондоо байнга шээдэг хэмээн буруутган, маш ширүүлэн загнаж, саваагаар цохиод л байсныг санаж байна. Энэ бол нэг удаа л тохиолдсон зүйл биш!

Ер нь орондоо шээдгээсээ болж буруутгагдна, загнуулна, шоовдор маягтай байна, хааяа зодуулчихдаг байсан шиг санагдаж байна. Гэтэл орондоо шээдэгт нь эцэг эх нь хэрхэн ханддагаас хүүхдийн өөрийнхөө тухай ямар төсөөлөлтэй болох бас шалтгаалдаг гэдгийг мэдэх нь чухал хэмээн эмч нар анхааруулж байна. Хамгийн чухал нь та орондоо шээдэг хүүхдээ зөвөөр ойлгох хэрэгтэй. Тэд ээж, аавыгаа зовоох гэж орондоо шээдэггүй. Орондоо шээдэг хүүхдүүд ихэвчлэн бие, сэтгэцийн хувьд хэвийн байдаг.

Гэрэл гэгээтэй зүйл юу вэ гэвэл ихэнх хүүхэд яваандаа орондоо шээхээ больчихдог. Тэр хүртэл танд тус болж магадгүй хэдэн зүйлийг зөвлөө. Унтахынх нь өмнө хүүхдэдээ шингэн зүйл бага уулга. Мөн яг орондоо орохынх нь өмнө шээлгэж давсгыг нь суллаа. Зарим эцэг, эх хүүхдээ шөнө сэрээн шээлгэдэг бол зарим нь сэрүүлэгтэй цаг хүүхдэдээ тавьж өгөөд шөнө өөрийг нь босгон шээлгэх арга хэрэглэдэг.

Та хүүхдээ ердийн орондоо ордог цагаас нь 30 минутын өмнө унтуулахаар хэвтүүлээд үзээрэй. Энэ арга зарим хүүхдэд орондоо шээхгүй байхад нь тус болдог. Орондоо шээдэг хүүхдийнхээ норсон хувцас, хэрэглэлийг угааж цэвэрлэхдээ өөрийг нь оролцуулж, туслуулах хэрэгтэй гэж үздэг хэсэг эмч бий. Ийнхүү өөрт нь хариуцлага хүлээлгэх нь байдлыг хянах гэсэн мэдрэмж хүүхдэд бий болоход тусална гэж тэд үздэг. Гэвч тухайн гэр бүлийн бусад хүүхдүүд мөн адил үүрэг хүлээдэггүй бол орондоо шээдэг хүүхдээр юм угаалгаж, цэвэрлүүлэх нь шийтгэл мэт сэтгэгдэл төрүүлнэ. Иймээс дээрх зөвлөгөө тохиромжгүй юм гэж олон эмч, мэрэгжилтэн хариуд нь сэрэмжлүүлжээ.

Орондоо шээдэг хүүхдүүд тэртээ тэргүй ичиж зовж явдаг болохоор тэднийг доог тохуу болгохооргүй дүрэм л гэртээ зохиох хэрэгтэй юм байна. Зарим аав, ээж нар орондоо шээдэг хүүхдийнхээ дор гялгар тавиад дээрээс нь дуувуу тавьж, үүн дээрээ дахин нэмж гялгар, мөн даавуу тавьдаг. Энэ нь шөнө норсон даавууг гялгартай авсны дараа хуурай даавуу, гялгар бэлэн байдаг давуу талтай. Хэрэв танай хүүхэд орондоо шээдэг бол юуны өмнө хүүхдийн эмчдээ үзүүлэн зөвлөгөө аваарай.
“Америкийн дуу хоолой” (VOA)-ooc бэлтгэв.


URL:

Сэтгэгдэл бичих