“Ким Чен Ун бус эцгийнх нь сонгосон элитүүд Хойд Солонгосыг захирдаг”

Н.МӨНХЖИН

1972 онд Хойд Солонгосын элитүүд дунд төрсөн Чан Жин Сун залуудаа “Кафка”, “Орвелл”-ийг уншиж чадаагүй ч дараа нь “Хүндэт удирдагч” номоо бичихдээ бодит байдалд тулгуурлахаас өөр арга байсангүй. Нэгдсэн фронтын хэлтсийн ажилтан байсан тэрээр Ким Чен Иртэй уулзаж байсан тул дэглэмд “зөвшөөрөгдсөн” шилмэл тойргоос бүрдэж байсан суртал ухуулгын хамгийн гязалзсан гишүүний нэг байв. Чан Жин Сун удирдагчаа магтан дуулсан шүлэг бичдэг байсан ч “Хайрт удирдагч” нь тансаг зоог барьж байхад албат харъяатууд нь өлслгөлөнгөөр үхэж байхыг хараад сэтгэлээр унасан гэдэг. Тэрээр 1990-ээд оны их өлсгөлөнгөөр сэдэвлэсэн яруу найргийн номоо бичиж эхлэн 2004 онд Өмнөд Солонгос руу зугтан гарахдаа авч яваад “Охиноо 100 воноор зарж байлаа” гэдэг нэртэйгээр хэвлүүлжээ. Тэрээр дахин нэг ном бичсэн нь Хойд Солонгост эрх мэдлийг хэн атгадаг тухай юм.

-Пхеньянд хэн эрх мэдлийг атгадаг вэ?

-Ким Чен Ун үнэмлэхүй эрх мэдэлтэй гэж бодож байгаа бол тийм биш. Цаад сүүдэрт нь эцэг Ким Чен Ирийнх нь сонгосон найзуудын хүрээлэл толгойлдог Зохион байгуулах, чиглүүлэх хэлтэс хамаг эрх мэдлийг атгаж байдаг. Тэрээр 2011 онд нас барсны дараа Ким Чен Ун зөвхөн эмх журмыг сахиулж байх билэгдлийн төлөөлөл болсон юм. Залуу удирдагчийн өвөө, дэглэмийг үндэслэгч Ким Ир Сен ч мөн ялгаагүй суртал ухуулгын төлөөлөл болж байсан. Тэр үед мөн л хүү Ким Ир Сен нь Зохион байгуулах хэлтсээр замжуулан эрх мэдлийг атгаж байсан.

-Тэгвэл дэглэмийн хоёр дахь хүн, хүргэн ах Чан Сон Тэкийг цаазлах тушаалыг Ким Чен Ун өгөөгүй юм уу?

- Зохион байгуулах хэлтэс Ким Чен Ирийн эгчтэй гэрлэсэн Чан Сон Тэктэй эрх мэдлээ булаацалддаг байсан. “Хайрт удирдагч” өөд болсны дараа Чан Сон Тэк эрх мэдлийг гартаа авах гэж оролдсон тул Зохион байгуулах хэлтэс түүнийг цаазлахаар шийдсэн. Хойд Солонгосын элитүүд улс оронд ямар нэг өөрчлөлт гарахаас айж байдаг.

Ким Чен Ун хүргэн ахаа цаазлах тушаалыг өгөөгүй. Учир нь тэр энэ тушаалыг өгөх эрх мэдэлтэй байсан бол цаазыг олон нийтийн өмнө гүйцэтгэхгүй байсан. Гэмт хэрэг үйлдсэн хүмүүсийг гурван үеэр нь шийтгэдэг зарчмын дагуу Чан Сон Тэкт оноосон ял нь залуу удирдагчийн дээд нэр төрийг сэвтүүлсэн зүйл болсон. Зохион байгуулах хороо эрх мэд­лээ ашиглан Чан Сон Тэкийг олон нийтийн өмнө цаазалснаар Ким Чен Уны нэр төрийг хойдуудын нүдэн дээр унагасан.

-Та Ким Чен Ирийг сайн таньдаг байсан. Тэр ямар хүн бэ?

-Дэглэмд итгэх нь хүүхэд наснаас ой ухаанд суусан зүйл. Гэвч түүнтэй хоёр дахь удаагаа уулзахдаа удирдагчийг тахин шүтэх сэтгэл минь алдарсан. Учир нь тэр хөл нүцгэн, балмад хэлбэрээр яриа өрнүүлж, орос дуу сонсоод уйлаад байсан. Эхний уулзалтаар бол улс орны бурхантай уулзлаа гээд айдас төрж байсан.

-Хойд Солонгос нээлттэй болох боломж байна уу?

-Хятад шиг үе шаттай өөрчлөлт Хойд Солонгост болохгүй. Яагаад гэвэл, Бээжингийн дэглэм эдийн засгаа нээж, зах зээлээ либералчлах эрмэлзлэлтэй. Гэвч Хойд Солонгосын элитүүд Хятадтай наймаа хийдэг улсын үйлдвэрүүдийг хянаж, улам бүр томорч, Кимийн гэр бүлийн хууль ёсны байдалд дулдуйдан эрх мэдэлд улам бүр хадагдсаар байдаг. 1990-ээд оны өлсгөлөнгийн үеэр Хоол хүнс түгээх улсын систем нурж унасан. Өнөөдөр Хойд Солонгост Армийн дээд удирдагчид болон Хөдөлмөрийн намын түшмэлүүд гэсэн хоол хүнс түгээх  асуудлыг хариуцсан хоёр газар байна. Тэд давуу байдлаа хадгалж, үнэ тогтоож, гадаадаас бараа худалдаж авах эрхээ хадгалан үлдэж, энэ дэглэмийг аль болох урт удаан байлгахыг хүсч байна. Каддафийн дэглэмд тохиолдсон шиг Хойд Солонгос сүйрэх нь зөвхөн цаг хугацааны асуудал. Өөрчлөлтийн ганцхан хувилбар нь эрх мэдлийг унагах хувьсгал байх болно.

-Гэвч Ким Чен Ун эрх мэдэлд мөнхрөхийн тулд цөмийн зэвсэгтэй болсон биз дээ?

-Суртал ухуулгаас хамаардаг Хойд Солонгос цөмийн хөтөлбөрөө үргэлж дөвийлгөдөг. Тэдний цөмийн хөгжил, хөтөлбөр тун ядмаг гэдгийг Хойд Солонгосоос зугтан гарсан эрдэмтэд, цэргийнхэн баталдаг.

-Хойд Солонгос Ким Чен Уныг доромжилсон “Inter­view” киноны төлөө Sony-г хакердсан гэж үнэн үү?

-Тийм. Учир нь энэ кино дэглэмийн үндэс суурь болсон Кимийн гэр бүлийн хууль ёсны байдалд заналхийлж байсан. Хойд Солонгост Холливудын нөлөөг сайн мэддэг тул энэ кино нь Пхеньянд цөмийн бөмбөг мэт л заналхилйж байсан.

Эх сурвалж: www.polit.mn


URL:

Сэтгэгдэл бичих