Шүүх Н.Ууганбаярыг зөвтгөж, ажилд нь эргүүлэн томилох шийдвэр гаргав

1433329320556edea828454Улсын Дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдаанаар Н.Ууганбаярын нэхэмжлэлтэй Цагдаагийн ерөнхий газрын даргад холбогдох хэргийг нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн гаргасан гомдлын дагуу өнөөдөр хянан хэлэлцсэн байна.
Нэхэмжлэгч Н.Ууганбаяр Цагдаагийн ерөнхий газрын даргын 2014 оны 8 дугаар сарын 29-ний өдрийн “Сахилгын шийтгэл ногдуулах, цагдаагийн цол хураах тухай” 526 дугаар тушаалын 2, 3 дахь заалтын Н.Ууганбаярт холбогдох хэсгийг хүчингүй болгуулах, өмнө ажиллаж байсан албан тушаалтай дүйцэхүйц ажил, албан тушаалд эгүүлэн томилохыг даалгах, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговрыг гаргуулан, хурандаа цолыг буцаан олгохыг хариуцагчид даалгах нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргажээ.
Захиргааны хэргийн анхан шатны 20 дугаар шүүх дээрх хэргийг 2014 оны 12 дугаар сарын 11-ний өдөр хянан хэлэлцээд Н.Ууганбаярын гаргасан нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж шийдвэрлээд байсан юм. Харин Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх уг хэргийг 2015 оны 3 дугаар сарын 19-ний өдөр хянан анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгоод байсан аж.
Улсын Дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдаанаар дээрх хэргийг хянан хэлэлцээд давж заалдах шатны шүүхийн магадлалыг хэрэгсэхгүй болгож, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээсэн байна. Ингэснээр Цагдаагийн ерөнхий газрын даргын 2014 оны 8 дугаар сарын 29-ний өдрийн 526 дугаар тушаалын Н.Ууганбаярт холбогдох хэсгийг хүчингүй болгож, түүнийг урьд эрхэлж байсан албан тушаалтай дүйцэх ажил, албан тушаалд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны дундаж цалин, хөлстэй тэнцэх хэмжээний олговрыг Цагдаагийн ерөнхий газрын даргаас гаргуулж Н.Ууганбаярт олгохоор болж байна.
Улс төрийн учир шалтгаантай гэгдэж байсан уг хэргийн учиг ийнхүү эцсийн шатны шүүх хурлаар шийдэгдэж хураасан цол, халсан албан тушаалд нь эргүүлэн томилох болж үнэн зөв нь тогтоогдов бололтой.


URL:

Сэтгэгдэл бичих