20-Р ЗУУНЫ МОНГОЛЫН ТҮҮХЭНД ГАРСАН ЦУУТАЙ ЗОДООНУУД /НЭГДҮГЭЭР БҮЛЭГ/

zod1Өнгөрсөн зуун жилийн түүхэнд Монголд хэд хэдэн том зодоон болж байсныг нэхэн сурвалжилсан юм. Жишээ нь 1904 оны Да хүрээний зодоон, 1907 оны лам нарын зодоон, 1910, 1961, 1966 оны хятад, монголчуудын зодоон, 1965 оны Есөн гудамжны зодоон, 1976 оны Хандгайтын зодоон, 1986 оны Хүнсний хорийн зодоон, 1995 оны Гүнтийн буудалцаан, 21-р зууны босгон дээрхи Центрпойнтын зодоон гэх мэт. 20-р зууны эхэн үеийн том том зодоонууд хүмүүсийн тархи толгойноос аль хэдийн арчигдсан ч түүх бичлэг, ном зохиолд дурдагдахын сацуу ахмад настануудын дунд домог яриа мэт тэнүүчилж явдаг юм байна. Харин жараад оноос хойш өрнөсөн том том зодоонуудын амьд гэрч нар, тэдгээр зодоонуудад гар бие оролцож явсан хүмүүс эдүгээ амьд сэрүүн байгаа болохоор нэхэн сурвалжлахад нэн таатай байлаа. Ингээд 20-р зууны том том зодоонуудын он дарааллын хуудсыг сөхсү.

1904 оны Да хүрээний зодоон

19-р зууны үед Да хүрээнд хятад, монголчуудын дунд хэд хэдэн нүсэр зодоон болсон байх бөгөөд үүний уг үндэс нь Сэцэн хан аймгийн Ёст бэйсийн хошууны шилийн сайн эр Төгөөгөөс эхтэй ажээ. Жанжин Д.Сүхбаатарын өвөг эцэг Төгөө нь урваач шарваач монгол ноёд болон хятадуудад хорлогдсон төрсөн эцэг “Эрхий мэргэн” Элбэгийнхээ өш хонзонг авахаар Сэцэн ханы Ёст бэйсийн хошууны хятад пүүсүүдийг тонон дээрэмдэж нэг хэсэгтээ л бужигнуулж байсан түүхтэй. Эцэст нь түүний журмын нөхдийг манж, хятадууд Ёст бэйсийн Цорготын голын баруун талд байрлах хошуу тамгын газрын “Бат гүн” шоронд хорьж эрүүдэн тамлаж байгаад модоор доторлосон нүхэн шоронд хийж дээрээс нь таглаж цоожлон бүгдийг нь бүтээгээд алчихжээ. Муу юм модон улаатай гэгчээр энэхүү хэрцгий аллагаас үүдэж Ёст бэйсийн хошуунд “Модон гэрт үхсэн арван есөн хулгайн хэрэг” гэх дуулиант хэрэг дэгдсэнээр Да хүрээнд манж, хятадуудыг эсэргүүцсэн ардын хөдөлгөөн үе үе цухалзах болж, улмаар Хятадын мөнгө хүүлэгчид, халх иргэдийн хооронд байсхийгээд л цус асгаруулсан зодоон цохион өрнөдөг болжээ. 20-р зуун гармагц иймэрхүү зодоон улам гаарсан байна. Тухайн үеийн лам нар хятадуудтай цусаа гартал зодолддог байж. Манжийн талхинд цусаа, Хятадын мөлжлөгөнд хөлсөө асгаруулж байсан 20-р зууны эхэн үед нэг талаас шарын шашин, нөгөө талаас дотоодын дайн самуун хийгээд харийн дарлал монголчуудын цог хийморийг бүрэн самууруулж, үндэстнийхээ хувьд мөхөж байсан түүхтэй. Гэвч тухайн үеийн монгол эрчүүд хүлцэнгүй суугаад байсангүй, боломжит бүхий л аргаар тэмцэж байв. Тэмцлийн хамгийн гол арга нь суурин газарт бол олныг хамарсан зодоон өдөөх явдал байлаа. Эрчүүдийн дийлэнх нь лам байсан тухайн үед хэдийгээр винайн ёсыг сахисан ч гэсэн эр хүнийх нь хувьд монголчууд лам нараасаа аврал хайдаг байж. Тийм учраас лам нарын дунд нударган зодоон хөгжиж эхэлсэн байдаг. 1904 оноос лам нар болон хятад худалдаачид, тэднийг өмгөөлөгч Манжийн цэргийн хооронд хэд хэдэн удаа ширүүн зодоон болж, үүнд энгийн ардууд хүртэл татагдан орж байжээ. Жишээ нь 1904 онд Агваан нарын хэсэг лам, ард Төмөр, Жамбаа, Балдир, Дамба нарын хүмүүс Хятадын Чжи Сань Юан пүүсийн худалдаачидтай хэрэлдэж, улмаар тэднийг зодож, дэлгүүрийг нь талж орхижээ. Хятадууд тэднийг баривчлахад хэдэн зуун лам, ард өмөөрөн ирж суллаад зогсохгүй Чжи Сань Юан пүүсийн бүх худалдаачныг бялба нүдээд дэлгүүрийг нь үнсэн товрог болгожээ. Амбаны газраас баахан тушаал зарлиг болсон авч хэн ч тэднийг барьж өгсөнгүй. Мөн 1907 оны 11-р сарын 13-нд Гандан хийдийн лам Дамдинжав, Самбуу хоёр ачаатай тэрэгтэй явж байгаад нарийхан зам дээр тэрэгчин хятадтай таарч, хэн нь хэндээ зам тавихдаа тулж маргалдсан байна. Тэрэгчин хятад болохоор “Бид та нарын идэш хоолыг бэлддэг. Танай монголчууд бидэнд зам тавьж өгөх ёстой” гэж омогджээ. Хариуд нь лам Дамдинжав “Өмхий хятад чи манай газар нутаг дээр яваа болохоор бидэнд зам тавьж өгөх ёстой” гээд заамдаад авсан байна. Ингээд хоорондоо зодолджээ. Энэхүү зодооны дуулианаар баахан лам хүрч ирээд тэрэгчин хятадыг Гандан өөд чирж аваачсан байна. Тэгтэл удалгүй манж цэргүүд хүрч ирээд Дамдинжав, Самбуу хоёрыг зодоон үүсгэсэн гэж баривчилжээ. Үүнд лам нар дургүйцээд Дамдинжав, Самбуу хоёрыг тэдний гараас хүчээр суллаж аваад, улмаар манж цэргүүдийг зоджээ. Үүний улмаас Манж амбаны газраас Дамдинжав, Самбуу нарыг баривчлах тушаал зарлиг гаргасан боловч Шавийн яам биелүүлсэнгүй. Тиймээс Манж амбан Гандан хийдийн цогчин дацан, аймгийн гэсгүй нарыг олон лан мөнгөөр торгож шийтгэсэнээр дээрхи зодооны хэрэг шувтарсан байна. Дээрхи зодоонууд 1911 оны үндэсний эрх чөлөөний тэмцлийн угтал болж байсан бөгөөд Манж амбаны тушаал зааврыг Монголын тал зориуд биелүүлэхгүй цааргалж байсан нь манж, хятадуудад өширхөх үзэл дээд цэгтээ тулж байсныг илтгэнэ.

1907 оны лам нарын зодоон

1907 онд Да хүрээнд нэгэн том зодоон болжээ. Энэхүү зодооныг тухайн үед хятадуудад ихэд дургүй болж байсан лам нар өдөөсөн байна. Учир нь лам нар шашныхаа бие хамгаалах урлагийн дагуу гардан зодоонд сүрхий мэргэшиж, сав л хийвэл гарынхаа чилээг гаргачих гээд байдаг болсон бөгөөд тэрхүү чилээг нь ямаан омогтой хятадууд хүссэн хүсээгүй өдөөгөөд өгдөг байж л дээ. Зодоон болдог өдөр Гандангийн зүүн талд байсан хятад пүүсэнд хоёр гурван лам орж наймаа хийж байгаад хэрэлдсэнээр цаашлаад олон арван лам, хятад оролцсон нүсэр зодоон болж хувирсан байна. Уг зодооны улмаас Хятадын пүүсэнд чамгүй хохирол учирчээ. Тиймээс зодоон болсоны дараа Хятадын пүүсэнд учирсан бүхий л гарз хохиролыг хүрээний лам нараар төлүүлэхээр Манжийн амбан зарга шийтгэсэн гэдэг. Гэвч энэхүү шударга бус шийдвэрт дургүйцсэн лам нар тухайн үед аливаа хэрэг заргыг шийдэхдээ гаргууд гэгдэж байсан Товуу мэргэн гэгчид хандсан байна. Товуу мэргэн дээрхи зодоонд оролцсон бүх лам, хятад худалдаачдыг цуглуулаад “Лам нар пүүсийн юмыг эвдэлсэн байна. Юм шударга нь сайхан. Та нар Хятадын пүүсний бүх хохиролыг төлөх ёстой. Эрхэм данжаад нар ч сүйтгүүлсэн юмаа авах нь зүйн хэрэг. Харин цаашид Гандан, хүрээ хоёрын хооронд байрласан Хятадын том том пүүсүүдийг анх Халхаас зөвшөөрсөн Маймаа хот руу нүүлгэх нь зүйтэй юм байна. Та бүхэн өнөөдрөөс эхлээд Маймаа хот руу нүүцгээ” хэмээжээ. Хятад пүүсүүдийг нүүлгэх нь лам нарын сүйтгэсэн юмнаас хэд дахин их зардал гарах, мөн худалдааны хамгийн ашигтай газраа алдах болсоноо дотор ухаантай хятадууд төвөггүй ойлгож “Бид юмаа төлүүлэхээ ч байя. Маймаа хот руу нүүхээ ч болъё” гэж гуйж гувшсанаар лам нар болон хятадуудын дээрхи зодооны зарга шувтарч байсан гэдэг. Маймаа хот гэдэг нь одоогийн Амгалан буюу эрт цагийн Амгаланбаатар хот билээ. Түүнчлэн 1910 оны 2-р сарын 7-нд Их хүрээний зах дээр лам нар Хятадын Да Юй Юан пүүсийн худалдаачидтай хэрэлдэж зодолдоод, хоршоо дэлгүүрийг нь бусниулж орхижээ. Энэхүү үймээнийг зогсоохоор ирсэн Манжийн цэргүүд замдаа тааралдсан хэдэн ламыг баривчилсанд хэдэн зуун лам “Цус, сэвсээ үзэлцэнэ” гээд хашгиран дайраад тэднийг чөлөөлж байсан байна. Тэр ч байтугай үймээний газар ирсэн Сандо амбан, хүрээний цагдаагийн дарга Амар нарыг чулуугаар шидэж, улмаар Амарыг барьж аваад дээш нь сэвж унагажээ. Энэхүү хэрэгт манж нар мөн л зарга үүсгэсэн бөгөөд муу нэрт “Шанзав” Бадамдоржийг хэрэг өдүүлсэн лам нарыг барьж олсонгүй хэмээн буруушааж албан тушаалаас нь огцруулж байсан гэдэг. Хэзээнээсээ хятадуудтай хэтэвч нэгтэй байсаар ирсэн манж нар дээрхи зодооны улмаас сүйдсэн Хятадын Да Юй Юан пүүсийн талд үйлчилж, уг пүүсийн сүйрэлд 2000 шахам лан мөнгийг аймаг, шавиас тулган төлүүлж байсан гэдэг. Ямартай ч хориод оны лам нар ард олноос өргөл барьцаа ч авдаг, улс үндсээ ч боддог байсан бололтой.

1910 оны хятад, монголчуудын зодоон

15-р жарны цагаан нохой жил буюу 1910 оны өвлийн дунд сарын хорьдоор Дашчоймбол хийдэд “Домын дамжаа” гээч нь болох үед Да хүрээн дахь Хятадын өргөн чөлөөний хойшоо харсан том хүрэн дэлгүүрийн үүд хавьцаа лам нар болон хятадуудын хооронд нэлээд сүрлэг зодоон болсон гэдэг. Унтрах дөхсөн зул улам хүчтэй бадардаг гэдэг шиг унах дөхсөн Манж амбан тухайн үед өмнөхөөсөө илүү чангарсан гэх бөгөөд үүний улмаас Да хүрээний хятад худалдаачид хүртэл ихээхэн омогтой болж ирсэн байна. Ямар сайндаа л тэд өөрсдийгөө хүрээний зодоонч лам нар болон омголон танхай морьтой иргэд, чулуун байлдаан хийдэг банди нарын бүлэглэлээс хамгаалахын тулд Бээжингээс тусгай хүмүүс урин залж өөрийн гэсэн цагдаагийн газартай, хамгаалалтын албатай болж байсан гэдэг. Тухайн үед хятад хамгаалагч нарыг “Шаазай” гэж нэрлэдэг байж. “Шаазай” нар болон цагдаагийн газар нь Хятад хорооллын гуравдугаар гудамжинд байсан бөгөөд Манж амбан 1909 оны намраас эхлээд энэхүү гудамжинд нүд хурц, хөл түргэн хорин ламыг байнга суулгаж байхаар тушаал буулгажээ. Хэрвээ ямар нэгэн хэрэг төвөг гарвал эдгээр лам аль аймгийн, аль гудамжны ямар хүн хэрэг тарьсаныг тэмдэглэж аваад Манж амбанд мэдэгдэж байх үүрэгтэй байж. Учир нь тухайн үед хүрээний зодоонч лам нар болон дэггүй банди нар хятадуудтай байнга зодоон өрнүүлдэг, тэгээд яг баригдах үедээ чулуу нүүлгээд зугтчихдаг байж л дээ. Тиймээс чулуу нүүлгээд зугтсан хүмүүсийг барьж авах, хэн болохыг нь мэдэж авахын тулд хятадууд нүд хурц, хөл түргэн хорин ламыг ийнхүү дайчилсан хэрэг. Гэвч иймэрхүү арга хэмжээ авсанаас хойш Да хүрээний хятад, монголчуудын эв түнжин улам муудаж, худалдаа наймаа хийхдээ хүртэл учраа ололцохгүй хэрэлдэж маргалдах нь их болжээ. Энэхүү байдал нь 1911 оны Үндэсний эрх чөлөөний хөдөлгөөн үүсэхэд зохих ёсоор нөлөөлсөн гэдэг. Ардын уран зохиолч Цэндийн Дамдинсүрэн гуайн тэмдэглэн хэвлүүлсэн “Өвгөн Жамбалын яриа” хэмээх бэсрэг номонд энэ тухай тодорхой өгүүлсэн байдаг. Энэхүү ном эдүгээ цагт ховордоод нүдний гэм болжээ. Богдын дэргэдийн “Донир” байсан Борын Жамбал өөрөө ч их сонин намтартай хүн байсан бөгөөд түүний авааль эхнэр нь Ардын хувьсгалын дараа маршал Х.Чойбалсангийн зуурьдын амраг болж явсан Бортолгой юмсанж. Борын Жамбал нь 1960-аад оны үед ная орчим настайдаа их зохиолч Ц.Дамдинсүрэн гуайд 1900-гаад оны Да хүрээний сонин хачин явдлын тухай олон янзын хууч домог хүүрнэсэн байх бөгөөд энд 1910 оны өвөл өрнөсөн нэгэн зодооны тухай хүүрнэлийг нь бичгийн хэлбэрт оруулан сийрүүлэв. “…Эрт цагт Богд хаанд мөргөхөөр ирсэн хүмүүст “Дэлгэр мөргөл” гээчийг хийж долоо хоногт нэг удаа мөргөл тавьдаг байсан юм. Сүүлдээ Богд “Хаяа хаях” гээчийг явуулдаг болсон. Тэр үед Богд одоогийн гол музей байгаа дунд сүмийнхээ цонхоор идэш ууш, торго дурдан, хадаг яндар зэрэг элдэв зүйлсийг хаядаг байсан юм. Үүнийг “Хаяа хаях” гэж нэрлэдэг байлаа. Түүнийг нэг удаа “Хаяа хаях” үед “Ямаан” Чимид гэгчийн хүү хамаг юмыг нь аваад явсан ба үүнээс хойш тэр Богдыг “Хаяа хаях”-ыг отож байгаад бүх зүйлийг нь хамдаг болсон. Ингэж байгаад “Ямаан” Чимидийн хүү сүүлдээ Богдын таалалд нийцэж дэргэд нь суудаг болов. Нэг өдөр “Ямаан” Чимидийн хүү гэрийн зуухны тавиур хийлгэхээр Да хүрээний баруун дамнуургачины хятад пүүс рүү явсан байна. Тэгээд эндхийн нэг хятад мужаанд зуухны тавиур захиалаад маргааш өдөр нь ирж авахаар болжээ. Маргааш нь тэр хятад пүүс рүү очиж тавиураа авах үедээ “Муу хийсэн байна” гэж хэлтэл хятад мужаан ихэд уурлаж “Ямаан” Чимидийн хүүг олсоор оосорлоод байшингийн нуруу модноос дүүжилж орхисон байгаа юм. Энэ үед Чимидийн хүү “Амь авраарай” гэж чангаар орилж хашгирсанд Гандангийн хуралд явж байсан лам нар сонсоод хятад пүүс рүү дайран оржээ. Тэд Чимидийн хүүг суллаж тавь гэсэн шаардлага тавьтал хятадууд дургүйцэж лам нартай зодолдсон байна. Лам нар Чимидийн хүүг арай ядан тавиулаад хятадуудаас зугтсаар Гандан руу орж ирэхэд Манж амбан дөрвөн хүнээр дамнуулсан ногоон жуузтай, пүүсний баахан хятадын хамт өөдөөс нь угтсан байна. Ингээд Гандангийн хурлын үүдэнд цугларсан олон лам амбан руу чулуу нүүлгэж, улмаар жууз тэрэгнийх нь “дог”-ийг хуга чулуудсанаар амбан жуузнаасаа бууж Эрхэмийн аймгийн гудамжаар хятадуудын хамт зугтжээ. Чулуун байлдаан нь тэр үед тэмцлийн нэг хэлбэр болж байлаа. Да хүрээнд чулуу нүүлгэхдээ сайтар мэргэжсэн олон банди байсан. Манж амбантай цуг зугтаж явсан хятадууд Эрхэмийн аймгийн гудамжинд нохой хооллож байсан жирийн нэг ламыг барьж аваад явсан байлаа. Цааш яваад Хятадын өргөн чөлөөнд байх “Ханан бүхээгт” гэдэг худалдааны пүүсний дэргэд Дэнзэн гэдэг лам согтуу, зузаан цай аваад гуйвж явсныг бас бариад авчээ. Түүнээс цааш явж байтал Тойслэнгийн аймгийн “Ловш” Лувсанцэрэн гэдэг лам согтуу явж байсныг барьж аваад явсан байв. Энэ үед Гандан дээр үймээн гаргасан лам нарыг барихаар ирсэн арван тавны цагдаа Амар залан гээчийг барьж зодох гэсэнд мань цагдаа ухаан алдан зайлж цогчин гэсгүй Довдон гэдэг хүний суган доор шургаж арай ядан амь гарч байлаа. Сүртэй зодоон цохионы хэрэг гарсан сургаар “Шанзав” Бадамдорж морьтой, баахан зайсан дагуулж ирээд цугларсан лам нарыг арай ядан тарааж байлаа” Манж амбан, “Шанзав” Бадамдорж нарын шаардлагаар Чимидийн хүүг барьж цаазалсан гэж зарим хүн ярьдаг байсан. “Ямаан” Чимидийн хүүг үхсэнээс хойш Богд хаан ар гэрийнхэнд нь буян үйлдүүлэхээр хэдэн ембүү хүргүүлж байсныг санаж байна” гэх мэтээр их зохиолч Ц.Дамдинсүрэн агсанд дурсаж байжээ.

1912 оны Маймаа хотын зодоон

Манжийн төр ганхаж эхлэх үед Монгол оронд тариачин хятадуудын тоо бараг 120 мянгад хүрч байсан гэдэг. Нийслэл хүрээнд оршин сууж буй монгол эрчүүдийн дийлэнх нь лам нар байсан бөгөөд 1911 оны үндэсний эрх чөлөөний хөдөлгөөнөөс өмнө болсон гурван том зодоонд банди зодоонч “Өвөг” Найдан, “Шар” Гэлэгжамц, Пэрэнлэй, Жүгдэржав нарын дөрвөн хуварга эрс ялгарч байсан ажээ. Амбаны баруун гар болсон хятад түшмэл яваандаа байдал ноцтой хүндэрч иймэрхүү зодоон олон удаа гарч болохыг ухамсарлаад Бээжингээс нударган эрдмийн гарамгай мастеруудыг татан авчирч монгол лам нарын хандыг дарахаар шийдсэн байна. Удалгүй урд газраас амбаны хөсгийг дагасаар тариа ногоо эрхлэх нэрийдлээр зэвсэг тулааны эртний урлагт гүнзгий нэвтэрсэн хорь гаруй хужаа эр орж иржээ. Тэд ирмэгцээ тухайн үеийн Маймаа хот буюу одоогийн Амгалан хавьцаа байрлаж байсан хятад хорооллын захдуу оромжнуудаа босгож Улиастайн голын эрэг дагуу ногоо тарьж эхэлсэн байна. Харин 1911 онд Сандо амбанг Монголоос хөөж гаргах үед тэд Маймаа хотын хятад наймаачдын дунд үлдчихэж. Ингэж байтал 1912 онтой золгосон байна. Тухайн үед угаасаа манж, хятадуудад өширхөн дургүйцсэн сэтгэл нь үлэмж болоод байсан монголчууд Сандо амбангаас үлдэж хоцорсон хэдэн хятадыг гол ус бузарлалаа гэсэн шалтгаанаар хашраахаар шийдэж арваад морьтой залуу ташуур далайж очсон байна. Гэвч ердөө гуравхан хужаа л ногоо тарьж байсан тул залуусыг толгойлж очсон “Хөмхий” Дугар гэгч “Цөмөөрөө эд нарыг нүцгэлж халгайгаар гуядаад хөөчихъе” гэсэн шийд гаргажээ. Хөөрсөн залуусын зарим нь мориноосоо буугаад л түрийнээсээ хутга сугалан “Муусайн шоохуузнууд хувцсаа тайл” гэж орилсон боловч цаадуул нь өчүүхэн ч хөдөлсөнгүй. “Яасан их зантай ямаан сахалтанууд вэ” гэсээр нэг нь ташуураа далайгаад хамгийн захад зогсож байсан туранхай хөх эр лүү дүүлэн очтол нүдэнд нь итгэмээргүй зүйл болж ширэг ногоон зүлгэн дээр хүнтэй морьтойгоо харуулдаад уначихсан байна. Туранхай хятад ганцхан зайлах шиг болоод л хуруугаараа мориных нь эгэм рүү чичээд унагачих шиг бусдад нь харагдсан гэдэг. Уур нь хүрсэн залуус цөм мориндоо мордож бөөнөөрөө ташуураа далайн дайрч орсон боловч хужаа нар үл ялигхан хөдөлгөөн хийхэд л бас дөрөв таван эр морьтойгоо хамт нуран унасан аж. Толгойлж очсон “Хөмхий” Дугар нэг хужаагийн далан дундуур буулгаад орхитол нөгөөх нь ташуурынх нь үзүүрээс барьж авангуутаа эмээл дээрээс нь хуу татан толгой дээгүүрээ өргөөд тээр хол пидхийтэл нь чулуудаж орхих нь тэр. Дугар арайхийн босч ирсэнээ бүснээсээ хэт хутгаа суга татан дайрч орвол мөнөөх хятад доошоо суух шиг болоод л гүйсэн эрчинд нь дахиад л толгой дээгүүрээ гурав дөрөв эргэлдүүлэн нисгээд тээр хол түрүүлгээ харуулдан унатал шидэж орхижээ. Энэ удаа Дугар босч ирсэнгүй. Харин нэг залуу хутгаа сугалан хамгийн ойр байсан хужаа руу шидэж орхитол цаадах нь урдаас нь зүгээр л тосоод барьж авсан байна. Дөрөвхөн муу хужааг дөнгөх гэж очоод өөрсдөө ёстой хэмх нүдүүлж ухаангүй нэгнийгээ морин дээр дүүрч ирсэн тухай яриа монголчуудын цөсийг хөөргөж орхижээ. Маргааш нь Улиастайн гол дээр арав гаруй хужаа ажиллаж байхад наанаас нь морьтой явган нийлсэн зуугаад хүн хүрч очсон гэдэг. Гэвч нөгөө хятадууд хүний олноос айж эмээсэнгүй, харин ч урдаас нь саваа мод эргэлдүүлэн зодолдож, биедээ бараг хүн хүргэхгүй атлаа хорь орчим залуусын толгой тархи, хөл гарыг хуга цохин гэмтээж, сүүлдээ аргагүй хүний олонд шахагдан хөөгдсөөр Амгалан дахь хятад хороолол руу орсоноор хүрз, жоотуугаар зэвсэглэсэн наймаачин хятадуудаар хүчээ сэлбэсэн байна. Ингэж түүхэнд Маймаа хотын зодоон гэж нэрлэгдсэн хятад, монголчуудын томоохон мөргөлдөөн эхэлсэн ажээ. Хувьсгалын үед гарсан түүхийн сурах бичигт энэ зодооныг пүүсийн өр авлагад дургүйцсэн ядуу ардуудын тэмцэл мэтээр дурдсан байдаг. Уг чанартаа манж, хятадуудыг эх нутгаасаа бүрмөсөн хөөж гаргах гэсэн олны дургүйцэл хүрээнд асар ихээр нэмэгдсэнээр дээрхи мөргөлдөөн гарсан байна. Зодоон олныг хамран хавтгайрах үед Гандангийн дэнжээс ар халхын цуутай нударган зодоонч болох “Өвөг” Найдан, “Хар” Дэмчиг нар хүрэлцэн иржээ. Хүрээний нударган зодоончид олны дотроос үнэхээр ялгарч байсан байна. Тэд Хятадын кунфугийн мастеруудыг сонгон авч түлээ модоор зодолдон, хөл гар нь сэнс шиг үзэгдэж харагдахгүй эргэлдэж байсан тухай нүдээр үзсэн хүмүүс хожим нь ярьж байжээ. Амарсанаа, Чингүнжавын бослогоос хойш Хятад, Монголын гардан тулалдах урлаг ийнхүү анх удаа халз тулгарсан түүхтэй. Энэхүү зодоонд хожим Архангайн Зая бандид гэгээний бие хамгаалагч болсон хуварга Дашванчиг гоц тодрон ялгарч хятадуудыг толгойлж байсан их мастертай халз тулаан хийжээ. Тэр хужаа өөр лүүгээ дайрсан монголчуудыг дөрвөн мөчөөрөө үсэрч ойчтол нь өшиглөн унагаж, агаарт маш өндөр эргэлдэн бууж сүрийг үзүүлж байсан гэдэг. Хийдийн банди зодоон, Шаолиний бясалгал, Түвдийн даяанч архадуудын нууц эрдэмд суралцсан хуварга Дашванчиг түүний өмнө очиж зогсоод алгаа хавсран залбирсанаа хөлөөрөө бүжиглэж буй тогоруу шиг өшиглөн, цовхорч байгаа адуу шиг нударгаараа цавчлан дайрч очсоноо гэнэт хөдөлгөөнгүй зогтусаад хуруугаараа ганцхан удаа л чичсэн гэдэг. Гүрээнийхээ судас руу чичүүлсэн хятад мастер амнаас нь бөөн цус гарч ирээд л газар дээрээ нам унасан байна. Нөгөө хятадууд ч ахлагчаа үхэхийг хармагц муухай чарлан биенээсээ тохой хэрийн сэлэм сугалж гаргаад Дашванчиг рүү цөмөөрөө довтолжээ. Гэвч тэрбээр өчүүхэн ч сандарсан шинжгүй сэлэмнээс нь зулзаган хус нахилзах лугаа бултан зайлаад хөлөөрөө тойруулан өшиглөсөөр бүгдийг нь тэрий хадуулж байсан гэдэг. Ийнхүү жижиг чулуугаар том хадыг байрнаас нь ховхлон унагасны дараа зодоонч хуварга Дашванчигийг 5-р Зая бандид Жамбалдорж өөрийн бие хамгаалагч, амь сахигчаа болгож авсан түүхтэй аж. Барын сүүл мөрөн дээгүүрээ тохож атгасан сүрлэг бие хамгаалагч Заяын гэгээний дэргэд 1930 оныг хүртэл шадарлан дагалдсаар иржээ. Зая гэгээн ардын намынханд баригдахаасаа өмнө Дашванчиг хуваргад “Намайг орхиж зүсээ буруулан эхнэр хүүхэд авч амьдар” гэж лүндэн буулгасан байна. Тэрбээр одооны Архангай аймгийн Хотонт сумын нутагт очиж хар болон эхнэр аваад таван хүүхдийн эцэг болж эгэл жирийн амьдарсаар 1950-иад оны сүүлээр нас барсан ажээ. Одоо түүний ач хүү нь болох Ловон лам Доржцэвээн нутагтаа сүм хийд босгож өвөг эцгийнхээ үйл хэргийг залгамжлан бурхан номын үйлсэд зүтгэж явна.

1961 оны хятад, монголчуудын зодоон

1961 онд олон зуун хятад иргэн, Монголын цагдаа нарын хооронд аймшигтай зодоон болсон тухай тэр үеийн хүмүүс болон цагдаагийн ахмадууд ярьдаг. Энэхүү зодоон 1961 оны 5-р сарын 21-нд Улаанбаатарын галт тэрэгний буудал дээр болсон аж. Хэдэн арван хятад хүн, монгол цагдаа нар шархдаж бэртэн олныг хамарсан ийм том зодоон гарсан нь амгалан тайван жараад оныг үнэхээр цочроосон үйл явдал байлаа. Цагтаа хөдөлж чадаагүй галт тэрэгний хагархай цонхнууд, цусаа савируулан ёолох монгол цагдаа, хятад хүмүүс, энд тэндгүй унасан чулуу, шилний хагархай яг л эх орны дайны фронтын талбар мэт үзэгдэж байжээ. Эхэндээ дугуйтай, явган цувран ирсээр вокзалын өмнөх талбайг пиг дүүргэсэн хятадууд ачааны гурван “ЗИЛ-130” машинаар дүүрэн ирж десантаараа буусан нөхдөө хараад улам зоригжин хашгиралджээ. Тухайн үед Улаанбаатар хотод цэцэглэн хөгжиж байсан “Пэйцай” хэмээн хятад сургуулийн анги бүрээс хамгийн сайн сурлагатай, биерхүү гэж шилэгдсэн өсвөрийн дайчид ч мөн ачааны машинаар ирсэн гэдэг. Ингээд тэд малгайнуудаа давхарлан өрөөд довтолгоонд бэлтгэж эхэлсэн байна. Яагаад ийм олон хятад эрс Монголын нутагт бослого гаргахаар шавааралдсан бэ гэвэл тухайн цагт Хятадын удирдагч Маогийн дэвшүүлсэн Зөвлөлтийн ревизионизмыг устгах уриалга гарч хоёр их коммунист гүрний хооронд ан цав гарсантай холбоотой байв. Аль ч цагт Зөвлөлтийн ахаа дагадаг байсан Монгол улс Хятадын үзэл суртлын эсрэг аянд ийнхүү мордсоноор хөрш орнуудын хагарал гаарч, эцэстээ вокзалын зодоонд хүргэсэн гэдэг. “Пэйцай” сургуулийн сурагчдыг БНМАУ-ын эсрэг өдөөн турхирсан учир багш Ван Зы Хань, Чень Лу, Зуо Гуй И нарыг Монголоос хөөн гаргах болсон тул тэднийг дэмжих гэж олон хятад цугларчээ. Тэр гурван багш сургуулийнхаа дөчөөд хүүхдийг удирдаж тухайн үед гардаг байсан “Монголын мэдээ” сонины хаалгыг эвдэн орохоор завдаж, самбарт хадаатай Монголын удирдагчдын гэрэл зураг руу нулимж, доромжлон өдөөн хатгажээ. Ингэж байсаар тэд хамгийн эхэнд галт тэргийг саатуулсан байна. Хөөгдсөн гурвыг үдэхээр цугларсан хятадуудын дотор Хятадын элчин сайдыг түр хамаарагч Лэо Зи гэгч дипломат ажилтнуудынхаа хамт очжээ. “Засварлах үзэлтэй Монголчууд Хятадын ард түмний шар үсийг ч гэмтээж чадахгүй” гэсэн хятад ажилчдын даргын үг гал дээр тос нэмжээ. Яг тэр үед Ардчилсан Солонгосын нэгэн томоохон сайд галт тэргээр нутаг буцахаар Монголын 20 гаруй цагдаагаар хамгаалуулан купенд орох үед хятадууд хашгиралдан дайрчээ. Тэд цөөхөн цагдааг ээрэн бүчиж аваад нүүр лүү нь нулимж, малгайг нь авч шидсэнээ шууд цохиж эхэлсэн байна. Тухайн үед бороохой гэдгийг мэддэггүй байсан цагдаа нар тэдэнтэй улаан гараараа ач тач үзэлцсэн ч хүний олонд аргагүй л дийлджээ. Тиймээс хятадууд энд тэндгүй үсдүүлж, чирүүлж унасан цагдаа нарыг орилолдон өшгичиж, дэвсэж гарчээ. Тэд бүр зүүгээр шивж, хадаасаар хатгасан тул цагдаа нарын албаны хувцас нь дорхноо салбайн урагдаж, цус нөжтэйгөө хутгалдаж хүнд хөнгөн шархадсан байна. Ингэснээр Монголын жижигхэн вокзал дайны цагийн гардан тулааны талбар мэт болсон бөгөөд гар хоосон цагдаа нар хятадуудад зүгээр зогсч байгаад зодуулсангүй. Тэд мод, чулуу, зүү, хадаасаар зэвсэглэсэн хэдэн зуун хятадын өөдөөс ан мана үзэлцсэн гэдэг. Ардчилсан Солонгосын сайдыг гаргаж өгсөн 20 орчим цагдаа аюулаас хамгаалахын цөөхөн ажилтан нэгэнт дийлдэх нь тодорхой болсон тул нэмэгдэл хүч дуудуулсан байна. Тиймээс арми болон цагдаагийн том дарга нар яаралтай зөвлөлдөж хотод байрладаг бүх анги нэгтгэлийг түгшүүрийн дохиогоор байлдааны бэлэн байдалд оруулжээ. Төдөлгүй вокзалын зүг хэдэн машин дүүрэн цагдаа, аюулаас хамгаалахынхан, Ардын армийн цэргүүд хүрэлцэн ирсэнээс гадна гал командын машинууд хүртэл дохиогоо хангинуулан ирж ус цацахад бэлэн болжээ. Ингээд хятад, монголчуудын хоорондох жинхэнэ гардан тулаан эхэлсэн байна. Гал командын машинаас цацсан усанд шалба норсон хятадууд давшихаа болиод ухрахад тэдний ар талд байсан Хятадын элчингийн ажилтнууд “Та нар нэгэнт л зодоон үүсгэсэн бол хэзээ ч ухарч болохгүй” гэж турхирсан гэдэг. Үүнтэй уялдаад Монголын офицерууд цэрэг, цагдаагаа өндөр дуугаар командлах нь нэн сүртэй байжээ. Гэвч Маогийн үзэл сурталд гүн автсан, их Хятадыг Монгол байтугай нь хөндөж чадахгүй гэж бүрэн итгэж зоригжсон хятадууд няцаж зугтах шинж ер байсангүй. Тиймээс ахлах офицерын “Давшаад” гэсэн огцом дуугаар цэрэг, цагдаа нар бүслэлтээ хумин дайрчээ. Монголчууд нь үүрч тонгороод, хятадууд мөргөн ноцолдож, зодолдож эхэлсэн бөгөөд сэлэм, жадгүй л болохоос биш тэдний тулалдаан Чингис хааны Сүн улсыг дайлаар мордсонтой нэн төстэй байж. Үүний улмаас жижигхэн талбай чих дөжрөм орилолдох ёолох, тас няс хийсэн их дуу чимээ, цус нөж, энд тэндгүй гулдайн хэвтэх бэртсэн хүмүүсээр дүүрчээ. Улаанбаатарын түргэн тусламжийн бүх машинууд шархдагсдыг эмнэлэг рүү зөөж байсан бөгөөд цэргийн зохион байгуулалттай, өндөр сахилга баттай Монголын цагдаа, армийнхан эрээвэр хураавар энгийн хятад иргэдийн эгнээг саринулан бутаргаж чадсан байна. Чулуугаар шидэж хэд хэдэн цагдаагийн тархийг хагалсан “Пэйцай” сургуулийн сурагчид хамгийн түрүүнд бууж өгчээ. Тэд “Өршөө” хэмээн хятадаар хашгирч гараа өргөн өвдөг сөхөрсөн бөгөөд баривчлагдагсдыг бүхээгтэй машин руу чихэж, автомат буутай цэргүүд харгалзаж байсан байна. Байдал бишдэж дийлдэх нь гарцаагүй болмогц хятадууд тал тал тийшээ бутран зугтсан хэдий ч цэрэг, цагдаа нар тэднийг хөөн барьж, гарыг нь мушгин номхотгожээ. Уг зодооныг удирдан санаачилсан Хятадын элчин сайдын яамны таван ажилтан ч баривчлагдсан байна. Хятадын элчингийн нарийн бичгийн дарга Гу Шу, цэргийн аташе Жан Дэ Линь, Син Цай Пин нарыг цагдан сэргийлэхийн дарга С.Рэнцэнхорлоо удалгүй суллажээ. Баривчлагдсан бусад хятадууд нь жирийн ажилчид, сурагчид байсан бөгөөд ихэнх нь 15-21 насны залуучууд байж. Тэд уг хэрэг явдлын гол жанжин нь Монголд суугаа цэргийн атташе Жан Дэ Линь гэж мэдүүлжээ. Мөн Маогийн үзэлд үнэнч, хэт зүүний улаан хамгаалагчдын бүлгийг “Пэйцай” сургуулийн сурагчдаар бүрдүүлэн өдөөн хатгах явуулга зохион байгуулсаныг ч өчицгөөсөн байна. Жан Дэ Линь нар нь уг зодооны тактикийг боловсруулахдаа бослогод оролцсон хүүхдүүдийг элчингийн байранд хүлээн авч цайллага хийсэн нь тогтоогджээ. Монголын эрх баригчид уруу татагдсан хүүхдүүдийг сулласан бөгөөд хамгийн идэвхтэй зодолдож, цөөнгүй цагдааг шархдуулсан Жо Шу Вэнь, У Фу хэмээх хоёр хятадад таван жил хорих, нэг жил засан хүмүүжүүлэх ял оногдуулсан гэдэг. Тэр хоёр эртний Хятадын тулааны урлаг ушу-г гарамгай эзэмшсэн дайчид байсан бөгөөд монголчуудын довтолгооныг хаан бултах, хөл гарын эгзэгтэй хурдан цохилт хийх зэргээрээ бусдаасаа илт ялгарч байжээ. Дайны сорви, ул мөр шингээсэн фронтын талбар мэт үлдсэн вокзалыг засч сэргээхэд багагүй хөрөнгө зарцуулсан байна. Харин цагаасаа хоцорч хөдөлсөн галт тэргийг Бээжинд баатруудаа угтан авч байгаа юм шиг л ёслол төгөлдөр угтжээ. Гэвч Бээжинд очсон тэр галт тэргээр ирсэн Солонгосын гадаад явдлын яамны орлогч сайдыг угтахаар очсон Монголын элчингийхнийг хятадууд элдвээр давшилсан байгаа юм. Улмаар Бээжин дэх Монголын Элчин сайдын яамны үүдэнд олон мянган хүн цугларч, элчинд хүн нэвтрүүлэхгүй бүслэн хааж чулуу модоор шидлэн доромжилсон гэдэг. Мөн Маогийн үзэл суртлыг гадаад Монголд баатарлагаар нэвтрүүлж тэмцсэн гурван хятадыг Бээжингийн нэг бүдүүн дарга хүлээн авч уулзаад магтан сайшааж шагнасан гэдэг. МОНЦАМЭ, Синьхуа агентлагууд ч өөр өөрсдийн үзэл суртлыг хэт дөвийлгөн магтаж нэг нь нөгөөгөө муулсан мэдээлэл цацжээ. Тухайн үед уг зодоонд оролцож явсан жар гаруй насны “Маахуурын” Зийдаа гуай өгүүлэхдээ “Өнөөгийн хүмүүс жаран нэгэн оны тэр зодооныг зөвхөн вокзал дээр болсон гэдэг ойлгоцтой байдаг юм билээ. Тийм биш. Энэ зодооны гол цөм нь вокзал дээр болсон юм. Гэхдээ энэ зодоонд голдуу манай цэрэг, цагдаагийнхан оролцсон. Харин Улаанбаатар хотын зартай хулигаанууд тэргүүлсэн зодоон бол Арслантай гүүрнээс эхлээд Баруун дөрвөн зам хүртэл үргэлжилж байсан юм. Би тэр үед дөнгөж л эрийн цээнд хүрэх аядаж байлаа. Нэг өдөр гэртээ хэвтэж байтал хорооны зохицуулагч нар цагаан хоолойгоор “18-30 насны залуучууд яаралтай хороон дээр ирнэ үү” гэж зарлаад байхаар нь сониучирхаад яваад очтол хятадуудын өдүүлсэн зодоонд дайчлагдчихдаг байгаа. Эхлээд биднийг хамгаалагч, зохицуулагч маягаар авч явсан юм. Төдөлгүй дээрээс “Төв шуудангийн урд хятад, монгол иргэд хоорондоо зодолдож байна. Очиж зохицуул” гэсэн тушаал ирсэн. Биднийг тэнд яваад очтол яг л хар зах дээр байгаа юм шиг олон хүн шаагилдан зодолдож байлаа. Толгой тархиа хагалуулж, цус нөжтэйгөө холилдсон хүмүүс байдагаараа улайрчихаад л нүдэлдэж байсан. Бидний дэргэд хоёр монгол залуу нэг хятадыг элбэн зодож байхаар нь болиулах гэтэл цаанаас нь гартаа мод барьсан нэг хятад гарч ирээд биднийг цохих гээд хөөсөн. Тэгээд нэг л мэдэхэд бид өөрсдөө зодоонд хутгалдаад орчихсон байлаа. Хятадууд их олуулаа байсан. Дан барилгын хятад ажилчид байсан болохоор гартаа мод, тоосго, хүрз, сүх барьчихсан байсан. Энэ үед цагдаа, цэргийнхэн вокзал дээр хятадуудтай ширүүхэн үзэлцэж байсан болохоор мань мэт нь зохицуулагч болж дээшээ дэвшсэн хэрэг л дээ. Энэхүү зодооны талаар одоо ярьж, бичих хүн ховордож дээ. Дал, наяад оны Дөчин мянгатын хулигаанууд тэр үед нялх хүүхдүүд байсан болохоор юу ч мэдэхгүй л дээ. Ер нь жаран нэгэн оны хятад-монголчуудын зодоонд Улаанбаатарын хулигаанууд улсаа төлөөлж зодолдсон гэж хэлж болно шүү. Улс төрийн нарийн шалтгааныг нь мань мэтийн хулигаан яаж ч мэдэх билээ. Гэхдээ зориуд өдөөн турхирсан байж мэдэх янз бүрийн яриа зөндөөнийг сонсож байлаа. Тэр зодооны дараа Намын төв хороо хуралдаад хятадуудыг Монголоос албадан гаргаж нутаг буцаасан. Тийм болоод ч тэр үү, тухайн үед “Төр засгийн удирдлага хятадуудыг Монголоос гаргахын тулд вокзалын зодооныг зориуд өдөөсөн” гэдэг яриа гарч байлаа. Уг нь вокзалын зодооныг манай цагдаа, цэргийнхэн тэр даруйд нь таслан зогсоох бүрэн боломж байсан юм билээ. Гэтэл тэд зориуд хятадуудыг өдөж дэвэргээд зодолдсон байдаг. Яг л 2008 оны 7-р сарын нэгний үймээн самуун шиг. Тэгээд зодоон болсоны маргааш “Хотын хулигаанууд зодооныг өдөөсөн” гэдэг яриа дэгдээж, цагдаа, цэргийнхэн өөрсдөө нэр цэвэр үлдэж байлаа. Муу нэртэй, луу данстай хотын хулигаанууд хамаг бурууг нь нуруун дээрээ үүрсэн. Тэгсэн хэрнээ төр засаг ганц ч хулигааныг яллаж шийтгээгүй. Ингээд бодоход хулигаануудыг ерөөсөө л халхавч маягаар ашигласан байгаа биз. Тэр үед хороон дарга хийж байсан манай нэг хамаатан “Жаран нэгэн оны хятад, монголчуудын зодооныг дээрээс зориуд зохион байгуулсан юм. Зодоон болохын урьд өдөр Сүхбаатарын районы намын хорооны дарга над руу утасдаад “Маргааш хороон дээрээ 18-30 насны тавь гаруй хүнийг цуглуулах хэрэгтэй. Нэг томоохон ажиллагаа болох байх” гэж үүрэгдэж байлаа. Би ч маргааш нь хэлсэн ёсоор нь гуч гаруй залууг цуглуулсан боловч шууд л зодоонд дайчлагдсан” гэж ярьдаг байлаа. Ер нь хятадуудын ямаан омгийг төр засгийн эрхэмүүд зориуд хөдөлгөсөн байж мэдэх юм шүү. Тэгээд ч тэр зодоон хятадуудыг Монголоос хөөж гаргах томоохон шалтаг болсон байх” гэсэн юм. Мөн тухайн үед хулигаан явсан “Шар” Мийгээ гэгч эр хүүрнэхдээ “Хотын хулигаанууд оролцсон зодоон ч яахав тэгсхийгээд намжсан. Харин вокзал дээр өрнөсөн цагдаа, цэргийнхэн оролцсон зодоон ёстой нүсэр юм болсон. Төв шуудангийн урд талд өрнөсөн зодоон дуусмагц хүмүүс “Вокзал дээр цэрэг, цагдаагийнхан ирчихсэн ёстой аймаар зодоон болж байна” гэж ярьцгаагаад бүгд л тэр зүг рүү хуйларцгаасан. Ер нь хүн гэдэг амьтан чинь зодоон нүдээн харж таашаал авах их дуртай байдаг шүү дээ. Биднийг вокзал дээр очиход үнэхээр аймаар юм болж байсан. Толгойт, Чингэлтэй, Хайлаастын хужаанууд вокзал дээр зодоон болж байгааг сонсчихоод ачааны машины тэвшин дээр бөөн бөөнөөрөө сууж ирээд шууд зодоонд оролцож байлаа. Гартаа бүгд л нэг нэг мод барьчихсан, зарим нь хөрөө, сүх барьчихсан ч байх шиг. Үүнийг харсан хотын хулигаанууд бас яаж зүгээр байх билээ дээ. Зүгээр байхдаа хоорондоо зодолдоод байдаг хүмүүс чинь бэлээхэн зодоон гараад ирэхээр ёстой алалцана биз дээ. Хэзээнээсээ муу нэртэй “Чийчаан” Лувсандорж, “Торгон” Түдэв, “Хогийн” Жамбал нарын бүлэг тэр чигээрээ зодоонд оролцсон. Тэр үеийн хотын хулигаанууд хэний ч шахалтгүйгээр үүргээ нэр төртэй гүйцэтгэсэн юм шүү. Шаардлагатай үед эх орныхоо төлөө амь хайргүй тулалдах л хүмүүс байлаа. Тухайн үед дал, наяад оны Дөчин мянгатын атаманууд сураггүй байлаа шүү дээ. Ер нь би дал, наяад оныхоныг нялцгар амьтад гэж боддог. Эдний дунд эрийнхээ чадлаар биш дуу хөгжмөөрөө, хувцас хунараараа, уран панаалаараа, сүр дуулианаараа, нүүр царайгаараа тодорсон хүн олон байдаг юм. Бидний үеийнхэн бол арслан шиг сүр дуулианаар биш бар шиг эр чадлаараа атаман болж байлаа. Тэр үед армийн генерал Батын Доржийн хамаатан Баянбулаг, нэг том багшийн хүү Хашхүү нар яг л бар шиг эр чадлаараа ид мандаж байлаа. Тэр үеийн цэргүүд “Улаанбаатар хотод дайн болж байгаа гэнэ. Тэгсэн мөртлөө дарга нар буу зэвсэг авахуулсангүй. Ямар сонин юм бэ” гэж ярьж байсан гэдэг. Буу зэвсэг авахуулах л юм бол жинхэнэ дайн болно шүү дээ. Оройхон хэрд Улаанбаатарын жижигхэн вокзал цэрэг, цагдаагаар дүүрсэн. Гал командын машинууд ус цацахад шалба норсон хятадууд аргагүйн эрхэнд ухарч байлаа. Тэгтэл цаанаас нь Хятадын элчингийн ажилтанууд “Та нар нэгэнт л зодоон үүсгэсэн бол ухарч болохгүй. Дайраад бай, дайраад бай” гэж тушааж байсан гэдэг. Зодоон болсоны дараа хүмүүс энэ тухай үлгэр домог шиг л юм ярьдаг байлаа. Ямар сайндаа л “Торгон” Түдэв гэдэг хулигаан зодоон болсоны дараа надтай тааралдаад “Хятадуудад булуу болтолоо цохиулсан нүд маань одоо л нэг юм харахтайгаа болж байна. Ингэж зодолдсоныхоо хүчинд би төр засгаас цусан гавъяаны одонгоор шагнуулсан шүү дээ” гэж дамшиглаж байлаа” гэж өгүүлсэн юм. 1961 оны энэхүү нүсэр зодоон нь Хятад-Монголын ард түмний хоорондох дайсагнал биш хоёр улсын төр засгийн тухайн үеийн бодлого, үзэл сурталтай холбоотой байж. Оросын хэт коммунист үзлийн турхиралтаар Хятад, Монгол хоёр хэмхэртлээ балбалцсан түүх ийм буюу.
Дараачийн удаад 1965 оны Есөн гудамжны зодоон, 1976 оны Хандгайтын зодоон, 1982 оны Хүнсний хорийн зодооны тухай өгүүлэх болно. Энэ мэтээр тэртээ 1904 оноос эхлээд л Монголд, тэр дундаа нийслэл Улаанбаатарт том том зодоон болж байсан байх бөгөөд магадгүй 21-р зууны эхэн үеийн хамгийн том зодоон болох 2008 оны 7-р сарын нэгний үймээн самуун ч хожим түүх болж бичигдэх биз ээ.
Цуутай тулаануудыг нэхэн сурвалжилсан Б.Ойдов


URL:

Сэтгэгдэл бичих