Төлөөллийнхөө тасалсан цагтай танилц

бөОюутан сурагчдад  хичээл таслахгүй, ирц 100 хувь байх нь улирлын эцэст дүн гарахад  нөлөөлдөг. Ирцийн 10 оноо автоматаар нэмэгддэг шүү дээ. Сурах сурахгүй нь хувь хүний асуудал ч хариуцлагатай, эмх цэгцтэй төлөвшилтэй болгох үүднээс өдөр  бүр ирц бүртгэдэг. Харин  ард түмнийг төлөөлж, төрийн эрх барих дээд байгууллага УИХ-д сууж буй эрхмүүд  хэр сайн “сурагчид” юм бол.

УИХ-ын чуулган өнгөрсөн дөрөвдүгээр сарын 6-ны өдөр нээлтээ хийснээс хойш хоёр сарын хугацаанд нийтдээ 19 удаа хуралджээ. Энэ хугацаанд гишүүдийн ирц ямар байсныг эргэн нэг харъя.

Сургуулийн сурагчид 9 сарын 1-нд бүрэн бүрэлдэхүүнээрээ цугладаг шиг УИХ-ын хаврын чуулган нээлтээ хийсэн өдөр чуулганы ирц 96.05 хувь байв. 76 эрхмээс 73 нь цагтаа чуулганы танхимд ирснээс УИХ-ын гишүүн М.Батчимэг, Я.Санжмятав нар томилолттой, Л.Цог чөлөөтэй байв. Харин дараагийн хуралдаанаас эхлээд л эрхэм гишүүд хэд хэдээрээ “хичээлээ” тасалж, хоцорч эхэлсэн нь ирцийн мэдээллээс тодорхой харагдана. Энэ өдрүүдэд нийтдээ 26 гишүүн 10-2 цагаар хоцорч чуулганы танхимд орж иржээ.

Гишүүдийн ирцийн мэдээллийг хаврын чуулган эхэлсэн дөрөвдүгээр сарын 6-наас тавдугаар сарын 15 хүртэлх  нийтдээ 13 удаагийн хуралдааны протоколоос сийрүүллээ. Ингэхдээ үдээс өмнөх,  үдээс хойш хуралдааны ирцийн мэдээллийг нэг бүрчлэн оруулсан юм. Дээрх хугацаанд эрхэм 76 гишүүний 52 нь 1-11 удаа ямар нэг байдлаар чуулганаа тасалжээ. Хуралдаанд хоцорч ирсэн гишүүдийг энд тооцвол бүр ч урт дараалал үүсэх учир энэ удаа хоцорч орж ирэгсдийг орхисон болно.

Хамгийн олон тасалсан гишүүний түрүү магнайг Б.Наранхүү 11 удаагийн үйлдлээр хүртсэн бол Х.Баттулга 9 удаа “нуугдаж” үзүүрлэжээ. Айргийн гуравт С.Баярцогт 7 удаагийн ухралтаар, О.Содбилэг, С.Эрдэнэ, Н.Алтанхуяг нар 6 удаа тасалж айргийн тавд, Дархан Д.Бат-Эрдэнэ, Ж.Энхбаяр нар 5 удаагийн давтамжаар айргийн тавд оров.

Үргэлжлүүлбэл,

-Ч.Улаан, Х.Тэмүүжин, Д.Тэрбишдагва, Д.Эрдэнэбат нар 4 удаа

-Д.Арвин, Н.Номтойбаяр, Д.Сумъяабазар, Су.Батболд, М.Энхболд, Л.Эрдэнэчимэг, Д.Хаянхярваа, М.Батчимэг, Л.Цог, Я.Содбаатар  нар 3 удаа

-Б.Чойжилсүрэн, Х.Болорчулуун, О.Баасанхүү, Р.Амаржаргал, С.Дэмбэрэл, Ц.Нямдорж, Ц.Оюунбаатар, Ж.Эрдэнэбат, Ц.Дашдорж, Н.Батбаяр, М.Сономпил, Д.Батцогт, М.Зоригт, Л.Гантөмөр нар тус бүр 2 удаа

-Б.Бат-Эрдэнэ,  Ё.Отгонбаяр, Д.Зоригт, Ж.Батзандан, Б.Гарамгайбаатар, Д.Сарангэрэл, С.Ганбаатар, Д.Ганбат, Сү.Батболд, Р.Бурмаа, С.Оюун, Д.Оюунхорол, Я.Санжмятав, Ч.Хүрэлбаатар, Н.Энхболд нар тус бүр 1 удаа  чуулганаа  тасалжээ.

Эндээс харахад үлдсэн 24 гишүүн л дээрх хугацаанд чуулганы хуралдаандаа идэвхитэй суусан байна. Чуулганы хуралдаан  таслагчдын эгнээг Б.Наранхүү, Х.Баттулга нар тэргүүлж байгаа бол А үнэлгээ авах хүмүүсийн эгнээг УИХ-ын дарга З.Энхболд  тэргүүлж  байна.

Чуулганы хуралдаанаа нэг ч удаа таслаагүй гишүүд

-З.Энхболд

-Р.Гончигдорж

-Ж.Батсуурь

-Г.Батхүү

-Н.Батцэрэг

З.Баянсэлэнгэ

-Г.Баярсайхан

-Ц.Баярсайхан

-Л.Болд

-Б.Болор

-Д.Ганхуяг

-Ц.Даваасүрэн

-Д.Дэмбэрэл

-Д.Лүндээжанцан

-С.Одонтуяа

-Ц.Оюунгэрэл

-А.Тлейхан

-Г.Уянга

-Ц.Цолмон

Л.Энх-Амгалан

Ө.Энхтүвшин нарын гишүүд хүндэтгэх шалтгаангүйгээр, УИХ-ын даргаас чөлөө авалгүй чуулганы хуралдаанаа тасалдуулалгүй идэвхитэй  оролцсон байна.

УИХ-ыг бүрдүүлж буй 76  гишүүн  онцгой бүрэн эрхтэй шигээ хууль тогтоох, ард түмний үгийг хүргэж ажиллах онцгой үүрэг хүлээсэн. Тэдэнд дуртай үедээ чуулганы хуралдаандаа оролцож, дургүй үедээ гараад явчих эрх уг нь байхгүй. Харамсалтай нь манай гишүүдэд  ийм хандлага төлөвшихөд зай ч, лай ч байна. УИХ-аар хэлэлцэж буй асуудал болгон чухал, асуудал болгон ард түмний эрх ашигтай хамаатай. Тэднээс ирц ажлаа хийхийг шаардах эрх бидэнд бий.

“Ир ир” гэж Тамгын газраас шаардана

Ирц ирц гэж сонин хэвлэлээр шаагина” хэмээн үглэдэг эмэгтэй гишүүдэд ч энэ хамаатай. Парламентын засаглалтай, ардчилсан Үндсэн хуультай Монгол Улсын иргэд өөрсдийг нь төлөөлж УИХ-ын гишүүний суудалд суугаа та бүхнээс чуулганы хуралдаанаа таслахгүй, хоцрохгүй байхыг  шаардсаар л байна.

С.ОТГОНСҮРЭН


URL:

Сэтгэгдэл бичих