Г.Батбаатар: 11 байгууллагын тусгай зөвшөөрлийг хүчингүй болгуулахаар яаманд хандсан

e6b2a25006e428bdoriginalМХЕГ­ын Барилга байгууламжийн хяналтын хэлтсийн дарга Г.Батбаатартай ярилцлаа.

-Мэргэжлийн хяналтын байгууллагын аяны хүрээнд танай хэлтсээс ямар ажил зохион байгуулж байна вэ?

-Дэд бүтцийн хяналтын газраас “Хүний төлөө зөв тус” аянг зохион байгуулсан. Аяны хүрээнд Барилга байгууламжийн хяналтын хэлтэс барилга байгууламж, бүтээн байгуулалтын ажил хийж буй 700 гаруй аж ахуйн нэгжид хяналт шалгалт хийж, зөвлөн туслах үйлчилгээг үзүүллээ. Энэ үеэр бидний тавьсан шаардлагыг биелүүлээгүй аж ахуйн нэгж, байгууллагад тодорхой арга хэмжээ авсан. Тодруулбал, бүлэг осол гарсан (нэгээс хоёр хүн) аюул, осолд ажиллагсдаа өртүүлсэн 11 аж ахуйн нэгж, байгууллагын тусгай зөвшөөрлийг хүчингүй болгох асуудлыг Барилга хот байгуулалтын яаманд тавьж, манай зүгээс улсын байцаагчийн актаар үйл ажиллагааг нь зогсоосон. Монгол Улсад барилгын салбарт идэвхтэй үйл ажиллагаа явуулж буй 2300 орчим аж ахуйн нэгж, байгууллагад бидний зүгээс зөвлөн туслах үйлчилгээг үзүүлж байна.

-Хяналт шалгалтыг ямар зарчмаар хийдэг вэ. Хяналтын хуудас гаргасны ач холбогдол нь юу вэ?

-Хяналт шалгалтаар очихоосоо 3­5 хоногийн өмнө бид энэ тухайгаа албан ёсоор мэдэгдэж, зохих шатны удирдлагуудаар удирдамжаа батлуулсны дараа шалгалтхийдэг. Хяналтын хуудас нь үндсэндээ хяналт шалгалт хийх баримт бичиг нэг дор орсон гэсэн үг. Жишээ нь, бид шалгалт хийх гэж буй байгууллагын юуг нь үзэх, яах ёстойгоо хяналтын хуудсаар дамжуулан үзэж ярилцана. Мөн аж ахуйн нэгж, байгууллага хяналтын хуудсыг МХЕГ­ын вэб сайтаас авч урдчилан бэлтгэж болно. Үүний дүнд тэд дотоодын хяналтаа хийж мэргэжлийн хяналтын байгууллага ийм зүйлийг шалгадаг юм гэсэн мэдээлэлтэй болно. Өөрсдөө хяналт хийснээр эрсдэлээ үнэлэх боломжтой юм. Өөрөөр хэлбэл, мэргэжлийн хяналтынхан ирээд элдэв янзын юм нэхдэг гэдэг ойлголт байхгүй болно. Хэрэв тухайн аж ахуйн нэгж эрсдэлтэй байвал үүнийг бууруулах талаас нь шаардлага тавьж зөвлөмж өгнө. Тодорхой хугацааны дагуу шаардлагыг биелүүлээгүй тохиолдолд захиргааны болон үйл ажиллагааг нь зогсоох хүртэл арга хэмжээ авдаг. Гэхдээ иргэдийн аюулгүй байдал хангаагүй, аюул осол гарч болзошгүй тохиолдолд үйл ажиллагааг нь шууд зогсооно.

-Танай хэлтэс барилгад хяналт шалгалт хийхээс гадна чанарыг хэрхэн анхаардаг вэ?

-Дэд бүтцийн хяналтын газрынхан техникийн болон технологийн аюулгүй ажиллагааны хамгаалалт, аюулгүй байдлыг шалгадаг. Барилгыг эрсдэлээр нь дөрөв ангилдаг. Хамгийн их эрсдэлтэй нь олон хүн цуглардаг буюу кино театр, стадион, урлаг, үзвэрийн газрууд байдаг. Эдгээр барилгыг барихад хэрэглэх материал нь дээд зэргийн чанартай байх ёстой. Тиймээс материалын чанарын талд анхаардаг. Мөн барьж буй барилгын техник тоног төхөөрөмжийг, жишээ нь, өргүүр нь зөв ажиллаж байна уу, хөдөлмөр, техник, технологийн аюулгүй байдлыг хангасан эсэхэд хяналт шалгалт хийдэг. Монгол Улсад барьж байгаа бүх барилгад мэргэжлийн хяналтын байцаагчид зогсоод байдаггүй. Манай хэлтэс гэхэд л барилгын чиглэлээр ажилладаг 7­8 байцаагчтай. Тиймээс аж ахуйн нэгж техникийн бүрэн бүтэн байдал, аюулгүй ажиллагааг хангахад илүүтэй анхаарч, ажилчдадаа аюулгүй ажиллагааны зааварчилгаа, аюулгүйн хувцас хэрэглэлийг өгөх ёстой. Дээрх зүйлсээр хангаагүй тохиолдолд тухайн ажилчин ажиллахгүй байх эрхтэй.

-Эрсдэлтэй барилгад шат дараатай ямар арга хэмжээ авдаг вэ?

-Барилгын чанарыг эрсдэлээр нь хувааж бага эрсдэлтэй барилгад зөвлөн туслах үйлчилгээ үзүүлдэг. Дунд болон тухайн эрсдэлийг зайлшгүй засах шаардлагатай гэж үзвэл улсын байцаагчийн албан шаардлагыг хугацаатай өгдөг. Харин өндөр эрсдэлтэй байвал улсын байцаагчийн актаар үйл ажиллагааг нь зогсоодог. Зөрчил дутагдлаа бүрэн арилгасны дараа ажлаа үргэлжлүүлэх боломж олгоно. Мэргэжлийн хяналтын байгууллага нь аж ахуйн нэгж байгууллагыг айлгаж дарамталдаг бус тэднийг ажлаа тогтвортой зөв явуулахад нь зөвлөдөг, тусалдаг байя. Үнэхээр шаардлага хангахгүй байвал захиргааны арга хэмжээ авдаг больё гэсэн чиглэл барьж байна.

 

М.Энхцэцэг


URL:

Сэтгэгдэл бичих