Ц.Тогоог “Тогоо”-нд нь буцааж, М.Алтанхуягаар үндсэн хууль мануулах томилгоо

УИХ-ын гишүүн Д.Энхбат “Хоёр намын хамгаалалтад ажилд томилогддог, хэргээс мултардаг хүмүүс бий. Улстөрчид өөрсдөө үүнийг хийчихээд дараа нь шүүмжилдэг. Өөрийг нь томилсон дарга нарт үйлчилдэг хуучин тоглоом төрийн байгууллагуудад үргэлжилсээр байгаа” гэж чуулган дээр хатуухан хэлсэн. Эрхэм гишүүний хэлснийг батлах мэт Ардын намын лидерүүд “арын албаныхан”-наа дөмөгхөн албан

тушаалд томилуулах ажиллагаагаа амжилттай үргэлжлүүлж байна. Зэвсэгт хүчний жанжин штабын дарга Ц.Тогоо өнгөрсөн онд ажлаа өгснөөс хойш Улсын Мэргэжлийн хяналтын ерөнхий газар (УМХЕГ)-т зөвлөхөөр томилогдоход “Цэргийн хүн мэргэжлийн хяналтын байцаагчид юу зөвлөдөг бол” гэж гайхах нь олон байсан. Харин тэрбээр дараагийн том албанд томилогдохоо хүлээн түр “орогнож” байжээ. Харин өнгөрсөн долоо хоногт “УМХЕГ-т ажилласан хугацаа амьдралын маань нэгэн сайхан үе байжээ” гэж дурсгалын зураг татуулчихаад Я.Содбаатар даргаа даган явсан. Ардын намын удирдлагууд түүнийг Батлан хамгаалах яаманд томоохон албан тушаалд томилуулахаар шахсан ажээ. Зэвсэгт хүчнийг удирдаж байхдаа мөнгө төгрөгийн асуудалд орооцолдож явсан түүнийг ийн яаманд нь шахсанд зарим хүн нэлээд эгдүүцсэн гэнэ. Тэр ч атугай Ардчилсан намынхан “Хамтарсан Засгийн газраас чинь гарчихна шүү” гэж бухимдахад Ц.Тогоо генерал нөлөөлсөн бололтой. Тиймээс ч түүнийг намынхан нь “Батлан хамгаалахын яаманд ажиллах бэлтгэлтэй бай” гээд хүлээлгэж байгаа аж. Үндсэн хуулийн Цэцийн дарга Ж.Бямбадоржоор Хүний эрхийн үндэсний комисс толгойлуулах томилгоог ч Ардын намынхан хийсэн.

Цэцийн даргад дахин томилогдох боломжтой Ж.Бямбадоржийг яаравчлан зодог тайлуулсан нь Ардын нам нэгэн гишүүндээ суудал зассан хэрэг байжээ. Ардын нам дотооддоо “Хэл амгүй өргөдлөө өгсөн М.Алтанхуягийг орлогч Б.Цэрэнбалтавтай нь ажилтай болгох цаг болсон” гээд хаана шингээхээ өнгөрсөн долоо хоногт ярилцсан. С.Баярнарын гишүүд М.Алтанхуягийг Үндсэн хуулийн Цэцэд багтаах учиртайг шуудхан хэлжээ. Орлогчийг нь П.Очирбатын оронд томилуулъя гэсэн гаргалгаа ч байжээ.

Ийм томилгоог гаднаас Ерөнхийлөгч асан Н.Багабанди дэмжиж байгаа аж. Гэхдээ АН-ын бүлэг П.Очирбатын туршлагыг үнэлж Цэцэд нь үлдээх саналыг чуулганаар дэмжсэн учир Б.Цэрэнбалтав дараагийн томилгоог хүлээхээс аргагүй болжээ. Харин “Ардын намын “хар хайрцаг”-ны түлхүүрийг атгадаг” гэгддэг М.Алтанхуягийг Ж.Бямбадоржийн оронд аваачих тохироог Ардын намынхан хийсэн, томилох нь ч тодорхой байна.

Хуульд “Цэцийн даргаар сонгох хүний нэрийг Цэцийн гишүүд дотроосоо дэвшүүлэн, нууцаар санал хураана” гэж заасан учраас М.Алтанхуягийг эхний ээлжинд Цэцэд багтаахаар зүтгүүлж байгаа. Түүнийг Үндсэн хууль мануулахаар зүтгүүлж байгаа гол хүч нь Н. Багабанди аж. Тэрбээр Ерөнхийлөгч байхдаа М.Алтанхуягийг Улсын ерөнхий прокуророор томилж байсан. Түүнээс хойш М.Алтанхуяг Ардын намын цөөнгүй гишүүдэд холбогдох томоохон хавтаст хэргүүдийг энэ үеэр цоожилсныхоо хариуд том албан тушаалд эргэн ирж байгаа нь энэ.

Намын хамгаалалттай, салбартаа нөлөөтэй “өвгөн” хуульчид дахин ноёрхлоо тогтоож байхад Ардын нам бусад салбарт ч өөрийн хүмүүсээ зүтгүүлсээр байна. Тухайлбал, Сангийн дэд сайдад “Хас”-ын гэх тодотголоор олны танил болсон “Тэнгэр” санхүүгийн нэгдлийн захирал Ч.Ганхуягийг зүтгүүлж байгаа аж. Мөн Я.Содбаатарын оронд Жижиг, дунд үйлдвэрийн газрын Ц.Ням-Осор зүтгэж байгаа гэх яриа байгаа ч Ардын намынхан үүрэг гүйцэтгэгчээр ажиллаж байгаа МХЕГ-ын дэд дарга Д.Ганбатыг жинхлүүлэхээр шийдсэн гэнэ. Ийн нэрээ сольсон Ардын намын шинэ томилгоо үргэлжилсээр байх бололтой.

Б.Цэцэгдэлгэр “Улстөрийн тойм” сонин


URL:

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд FACT.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.