Д.Болд: Кинонд тоглох санал ирвэл татгалзахгүй

Үндэсний хэв маягыг поп урсгалтай хослуулан “Монгол поп” гэх шинэ хөгжмийн урсгал бий болгон уран бүтээл туурвиж байгаа дуучин бол “Камертон” хамтлагийн ахлагч Соёлын тэргүүний ажилтан Д.Болд. Залуу хүн гэхэд дэндүү хөдөлмөрч гэгдэх тэрбээр тун удахгүй бие даасан тоглолтоо хийх гэж байгаа гэнэ. Энэ талаар тодруулахаар утас цохилоо.

-Ирэх сард тоглолтоо хийх гэж байгаа гэв үү?

-”Монгол поп” цомог гаргах гэж байхдаа сонсогч фенүүддээ зориулж бие даасан тоглолт хийнэ гэж бодож байсан. Тэр үеэс л энэ тоглолтынхоо бэлтгэл ажилд орсон гэж хэлж болно. Одоогоор тоглолтын бэлтгэл ажил ид дундаа явж байна. Энэ сарын сүүлээр хийхээр төлөвлөсөн. Хаана хийхээ товлоогүй. Удахгүй бүх зүйлээ бэлэн болгохоор нэгдсэн журмаар мэдээлэл өгнө.

-”Монгол поп” цомогтоо орсон бүх дуугаа клипжүүлнэ гэж байсан.Хэдэн хувьтай явна?

-Тэгэлгүй яахав. Бүх дуугаа клипжүүлэхээр бодож байна. Одоогоор “Монгол поп” цомогт орсон таван дуугаа клипжүүлж сонсогчдодоо хүргээд байгаа. Хамгийн сүүлд “Амьдрал намайг дуул гэлээ” гэж дуундаа “V” студиэр клип хийлгэсэн. Үзэгчдэд их таалагдаж байх шиг санагдсан.

-”Монгол поп”-ын дараагийн цомог хэзээ гарах вэ?

-Хийгдэж байгаа. Бас л ид дундаа явж байна. Тоглолт, цомог гээд бүх ажлаа амжуулах гээд гүйгээд л байна. Энэ цомог маань бас “Монгол поп” урсгалаар дуулсан шинэ, шинэлэг дуунуудаас бүрдэх болно.

-Та одоо хаана, юу хийж байна вэ?

-Тоглолтынхоо бэлтгэлийг хийх  гээд явж байна. Ойрд ажил ихтэй байгаа.
-”Би чамд хайртай -2″ кинонд тоглож шаггүй жүжигчин гэдгээ харуулаад авсан. Дахин кинонд тоглох урилга ирсэн үү?

-Баярлалаа. Одоогоор кинонд тоглох санал ирээгүй байна. Хэрвээ ирэх юм бол зохиолыг нь уншиж байгаад тоглоно. Ер нь кинонд тоглохоос татгалзахгүй.

Г.Тогос
Эх сурвалж: “Улаанбаатар таймс”


URL:

Tags:

Сэтгэгдэл бичих