Түргэн тусламжийнхан цагдаагийн ажилтанд загнуулж байж ослын газар ирэв

hjtykjy7oliuХүний эрүүл мэнд муудах, осол аваар гарах ямар ч үед бид хамгийн түрүүнд Түргэн тусламжийн утас 103-руу залгадаг. Харамсалтай нь иргэдийн хамгийн их итгэл хүлээлгэдэг түргэн тусламжийн багийнхан сүүлийн үед ажил, үүргээ гүйцэтгэхгүй байна, осол аваар гарч дуудлага өгөхөд цус гараагүй бол зүгээр хэмээн ирэхгүй байна гэх иргэдийн гомдол тасрахаа болилоо.

Тэгвэл, өчигдөр оройн 18 цаг 45 минутын алдад Үндэсний соёл амралтын хүрээлэнгийн өмнөх Нарны зам дээр дөрвөн машин, нэг нэгнийгээ “арчсан” томоохон осол гарлаа.

Toyota “mark х” загварын машин ар өвөргүй битүү хөгжлийн бэрхшээлтэй жолооч гэсэн наалттай pruis 11 машины урдуур гэнэт дайран орсноор энэ хэрэг гарсан байна. Тодруулбал, уг mark x загварын автомашиныг жолоодож явсан иргэн pruis 11-ийн урдуур хоёрдугаар эгнээнээс нэгдүгээр эгнээрүү гэнэт шахан орж ирснээр, pruis 11 машины жолооч, түүний ард явсан HRV-ийн жолооч тус, тус тоормослож амжсан ч шил дагаж явсан дөрөв дэх машин болох Estima-ийн жолооч ардаас нь мөргөж, урд талын бүх машинаа хамсан хэрэг гарсан юм.

Осол гарсан даруйд хэрэгт холбогдсон иргэд бүгд нэгэн зэрэг шахуу цагдаа, даатгал, түргэн гурвыг дуудсан ч түргэнийхэн ил цус гараагүй л бол манайхнаас очих шаардлагагүй хэмээн ирээгүй байна. Гэвч хоёрдугаар машинд явсан хөгжлийн бэрхшээлтэй иргэн осол болсноос толгой, хүзүүгээр нь өвдөөд байна хэмээн хүмүүст арайхийн ойлгуулснаар цагдаагийн ажилтан түргэний эмчийг загнан байж ирүүлэв.

Ингээд загнуулан байж ирсэн түргэний эмч нар осолд өртсөн таван хүнийг хурдхан шиг үзээд, эрүүл гэсэн онош тавьснаар явлаа. Гэвч эндээс нэг зүйл харагдаж байсан нь манай түргэн тусламжийнхан үндсэн үүрэг чиглэлээ мартаж, үхэх гэж байгаа хүнийг л эмнэлэгт аваачиж өгдөг болоо юу хэмээн санагдаж байсныг нуух юун.

Одоогоор уг хэргийн буруутан, хохирол барагдуулах эзнийг бүрэн тодорхойлж амжаагүй байгаа бөгөөд ослын газар дээрх тоормосны мөр, гэрчийн мэдүүлэг зэрэг хэд, хэдэн дүгнэлтийг үндэслэн 21 хоногийн дотор буруутанг олж тогтооно.

Угтаа манай улсад бүртгэгдэж байгаа зам тээврийн ослын дийлэнх нь хурд хэтрүүлсэн эсвэл бие, биенээ хүндлээгүй урдуур нь дайрч чихэх зэрэг жижигхэн зүйлээс үүдэлтэй асар их хэмжээний хохирол дагуулсан аваар байдаг.

Тиймээс жолооч нартаа хандаж хэлэхэд замын хөдөлгөөнд оролцох үедээ бие биедээ соёлтой хандаж, би сайн барьдаг хэмээн эрдэж дайрах биш ядаж хөгжлийн бэрхшээлтэй жолооч гэсэн наалттай иргэдэд аль болох хүндэтгэлтэй хандах нь болзошгүй аюулаас сэргийлэх том алхам болох билээ.

Б.Хишигдэлгэр

Эх сурвалж: www.TODAY.mn

 


URL:

Сэтгэгдэл бичих