Бид яагаад хөгжихгүй байна вэ?

ghghТөрөөс тэтгэврийн шинэчлэлийн талаар баримтлах бодлогыг УИХ-аар хэлэлцэж байгаатай холбогдуулан МАН, АН намуудын дэвшүүлж буй бодлогыг хялбар зурагт хуудсаар харьцуулсан “Аль намын бодлого зөв бэ” гэдэг мэдээ гарчээ. Энд нийгмийн даатгалын шимтгэлийн хувийг нэмэх зөв үү, ахмадуудын тэтгэвэрт гарах насыг нэмэх үү гэсэн хоёр асуудлаар МАН, АН-ын байр суурийг харьцуулан үзүүлсэн байна.

Өнгөц харахад энэ бол байдаг л нэг мэдээ, хоёр том нам “бодлогоо уралдуулж” байгаа мэт. Гэтэл энэ асуудлыг илүү нухацтай хөндвөл энгийн ийм жишээнээс яагаад Монгол Улс хөгжихгүй байгаагийн үндсэн шалтгааныг харж болно. Тодруулбал, нэгдүгээрт манай улс төрийн намуудад нийгмийн асуудлуудыг ул суурьтай шийдэх мэдлэг чадвар дутагдаж байна, хоёрдугаарт улстөрчдөд нийгмийн асуудлыг шийдэх чин хүсэл алга гэж дүгнэж болно. Яагаад ийнхүү дүгнэх болсныг дээрх жишээн дээр үндэслэн товч тайлбарлая.

УЛС ТӨРИЙН НАМУУДЫН мэдлэг, ЧАДВАРЫН ТУХАЙ
Тэтгэврийн даатгалын шимтгэлийн хувь болон тэтгэврийн нас нь яах аргагүй бүх тэтгэврийн тогтолцооны үндсэн параметрүүдэд багтана. Гэвч тогтолцооны шинэчлэл нэрийн дор зөвхөн эдгээр параметрүүдийн өөрчлөлтийг ойлговол том эндүүрэл. Зүйрлэвэл, бид морин тэрэгтэй, түүнийгээ өдөр тутмын уналгад ашиглаж байна гэж үзье. Морин тэрэг байна уу, машин байна уу гэдгээс үл хамааран тээврийн хэрэгсэл л бол бүгд дугуй гэдэг параметртэй. Морин тэргээ халж, машинтай болцгоохын төлөө зорилгүй ердөө морин тэрэгнийхээ дугуйг солих тухай яриад, бүр ямар дугуй тавих асуудлаар маргалдаад, бодлогоо уралдуулаад, харьцуулаад сууж байгаа нь үнэхээр зохисгүй. Төрөөс баримтлах бодлогод тогтолцооны шинэчлэл буюу дунд, урт хугацаанд бид тэтгэврийн ямар тогтолцоог бий болгохоор зорьж ажиллах вэ гэдэг нь гол асуудал. Шимтгэлийн хувь болон тэтгэврийн насыг хэдээр тогтоох нь чухал асуудлууд боловч тогтолцооны шинэчлэлтэй харьцуулахад даанч жижиг асуудал. Тэрэндээ тулвал морин тэргэнд Орос 69-ийн хуучин дугуй л хангалттай, заавал Мичилен болгох шаардлага бий юү гэдэг асуудал тавигдана. Харин бидэнд, ирээдүй хойч үеийнхэнд минь морин тэрэг биш авто машин хэрэгтэй гэдгийг харахгүй, мэдэхгүй байгаа нь даанч харамсалтай.

Нийгмийн АСУУДЛЫГ шийдэх УЛС ТӨРЧДИЙН чин ХҮСЛИЙН ТУХАЙ
Асуудлаа үнэхээр мэдэхгүй будилаад байна уу, эсвэл мэдээд будилаад байна уу гэдэг нь сонирхолтой. Аль ч тохиолдолд буруу шийдвэр буруу үр дагаварт хүргэж, буруугаар дуусна. Хамгийн чухал нь манай улстөрчдөд нийгмийн асуудлыг шийдвэрлэж, улс орноо тэмүүлэлт хөгжилд түүчээлэн манлайлах чин хүсэл байна уу үгүй юү? Морин тэрэгний эзэнд машинтай болох боломжийн талаар дурдахгүйгээр дугуйг нь солих санал тавибал тэгье л гэнэ. Үүнтэй адилаар ирээдүйд тэтгэврийн тогтолцоог ямар болгох талаар ярилгүй зөвхөн нүдэнд харагдаж чихэнд сонсогддог шимтгэлийн хувь, тэтгэврийн нас гэх мэт параметрүүдийн өөрчлөлтийг ярьж, бас болоогүй үүнийгээ та бүхний сайн сайхны төлөө хийж байна гэж ойлгуулахыг хичээж байгаа нь хатуугаар хэлбэл залилан хийж байгаатай агаар нэг. Үүнийг л ямар ч үнээр хамаагүй,түр зуурхандаа олон нийтэд таалагдаж байвал болоо гэдэг логик, нөгөө нийтээрээ “жигшээд” байгаа популизм хийж байна гэж үзэхээс өөр аргагүй.

Улс төрийн намууд нь нам шиг нам болж, өөрөөр хэлбэл чадвартай, нийгмээ манлайлдаг улс төрийн институци болон төлөвшиж, улстөрчид нь энэулс орон, ирээдүй хойчийнхоо сайн сайхны төлөө ажилладаг чин хүсэлтэй болох цагт л Монгол Улсад хөгжил дэвшил ирнэ.

Ер нь улс орны хөгжил дэвшил гэдэгт юуг ойлговол зохилтой вэ гэдэг дараагийн асуулт гарч ирнэ. Өндөр барилга, өргөн замыг уу, эсвэл нэг хүнд ноогдох ДНБ-ий өсөлтийг үү? Эдийн засаг, эдийн засаг, эдийн засаг гэж улайран зүтгэж, эдийн засгийн өсөлтийн төлөө юугаа ч өгөхөд бэлэн байх нь зөв үү, зохистой юу? Монгол хүний идэх хоол хүнс, амьдрах гэр орон, эрүүл мэнд, орлого, боловсрол, нийгмийн тэгш байдал, хүрээлэн буй орчин, шударга ёс, тусгаар тогтнол гэх зэргээр хүний, нийгмийн олон асуудлууд аяндаа шийдэгдээд явна гэж найдсаар суух уу? Нийгмийн хөгжил хэмээх энэхүү цогц ухагдахууныг цэгцтэй авч үзэхийн тулд бидэнд системтэй үзэл баримтлал хэрэгтэй. Монгол Улсын хөгжлийн үндсэн зорилго нь унаган цэвэр байгаль орчин, эрх зүйт төр, ёс зүйт нийгэмд аз жаргалтай амьдрах монгол хүнийг бий болгоход чиглэх учиртай. Улс төрийн намууд нь үүний л төлөө бүрэлдэж, үүсэн байгуулагдаж, оршин тогтновол зохилтой. Харамсалтай нь, өнөөгийн бодит байвал гэвэл хэдэн хар хэрээ бие биенийхээ харыг гайхсаар л суух дүр зураг давтагдсаар…

 

Эдийн засагч Д.ГАНТУЛГА /ҮНДЭСНИЙ ШУУДАН/


URL:

Сэтгэгдэл бичих