Эдийн засгийг эрчимжүүлэх төлөвлөгөө нурах эрсдэлтэй

164328-17062015-1434502313-1133852197-1Засгийн газар гуравдугаар сарын 31-нд Эдийн засгийн хүндрэлээс гарах нарийвчилсан төлөвлөгөөг баталсан юм. Төлөвлөгөөний агуулгыг товчхондоо эдийн засгийг эрчимжүүлэх гэж тодорхойлж болно.

Хүндрэлээс гарах арга хэмжээний хөтөлбөрийн төлөвлөгөөний явц, үр дүнг Сангийн сайд улирал тутамд Засгийн газрын хуралдаанд танилцуулах “даалгавар”-тай үлдсэн. Үүнээс хойш эдийн засагт дорвитой өөрчлөлт гараагүй ч “Оюутолгой” төслийн далд уурхайг тойрсон удаан хугацааны ужиг асуудал нааштай шийдэгдсэн. Энэ нь хөрөнгө оруулалтын орчинд эерэг уур амьсгал бүрдүүлж, төгрөгийн эсрэг чангарч байсан ам.долларын ханшийн өсөлтийг богино хугацаанд зогсоов.

Эдийн засаг эрчимжиж чадахгүй бол хүндрэлээс амар гарахгүй

220 орчим санал тусгагдсан эдийн засгийг эрчимжүүлэх Засгийн газрын төлөвлөгөөнд алт олборлолтыг нэмэгдүүлнэ гэж заасан. Ингэж ам.долларын эсрэг төгрөгийн ханшаа чангалж, хүндрэлийг амжилттай туулах “стратеги”-ийг хэрэгжүүлэх бэлтгэл ажил хэдийнэ шуударсан. Уг төлөвлөгөөний дагуу алтны компаниудад шаардлагатай байгаа эргэлтийн хөрөнгийг алтыг нь худалдан авах нөхцөлтэйгээр олгохоор болсон юм. Үүнд хайгуул хийж нөөц нь тогтоогдсон, олборлолт явуулахад бэлэн боловч хөрөнгө оруулалтаа шийдээгүй аж ахуйн нэгжүүд ч хамрагдаж байгаа. Энэ нь алтны салбарынхан дунд хүлээлт үүсгэж, горьдлого төрүүлсэн.

Засгийн газар зээл олгоно гэж хоёр дахь жилдээ мэдэгдсэн нь энэ. Өнгөрсөн жил мөн л зээл өгнө хэмээж, асуудлыг цаасан дээр төвөггүй зурагласан боловч ганц ч аж ахуйн нэгж өнгөрсөн жил зээл авч, хүчин чадлаа нэмэгдүүлээгүй. Алтны салбарынхан энэ жил нийт 20 орчим тонн алт олборлож, тушаах юм. Тэд энэ зорилтоо биелүүлэхэд нийт 350 гаруй тэрбум төгрөгийн санхүүжилт шаардлагатай гэдгээ салбарын сайддаа дуулгасан удаатай. Хэрэв энэ жил 20 тонн олборлож, Монголбанкинд ийм хэмжээний алт худалдан авч чадвал гадаад валютын улсын нөөц 700-800 сая ам.доллараар нэмэгдэх хүлээлт бий.

Одоогоор Төв банкны валютын нөөц 1.26 тэрбум ам.доллартой дүйж байгаа.

Төвбанкинд тушаагдах алтны хэмжээ нэмэгдэх тусам ам.долларын ханш тогтворжино, цаашилбал суларна гэсэн үг. Алттай байна гэдэг ам.доллартой гэж ойлгож болох юм. УИХ-ын 41 дүгээр тогтоолд заасан “Алтны олборлолтыг нэмэгдүүлэх” зорилтыг хэрэгжүүлэгч нь Засгийн газар. Тэд хууль тогтоох дээд байгууллагаас өгсөн бүрэн эрхийн хүрээнд 94 дүгээр тогтоолыг баталсан. Уг тогтоолыг хэрэгжүүлэхтэй холбогдуулан Уул уурхайн яамнаас Ажлын хэсэг гарч, алтны компаниудад дэмжлэг үзүүлэх, эсэх асуудлаар долоон удаа хуралдсан байна. Монгол банк, “Алт олборлогчдын холбоо”-той хамтран зээл авах хүсэлтэй аж ахуйн нэгжүүдийн хүсэлтийг Ажлын хэсэг аль хэдийнэ хүлээн авч дуусжээ. Алтны олборлолтыг нэмэгдүүлэх нь эдийн засгийг эрчимжүүлэх төлөвлөгөөний нэг чухал элемент.

Ашигт малтмалын газрын мэдээллээс үзэхэд алтны хайгуул, ашиглалтын 2738 тусгай зөвшөөрөл хүчин төгөлдөр байна. Одоогийн байдлаар алт олборлох үйл ажиллагаа явуулж байгаа 75 компани бүртгэлтэй аж. Тэднээс зарим нь энэ онд үйл ажиллагаагаа эхлүүлээгүй байна. Эдийн засгийг эрчимжүүлэх, алтны олборлолтыг нэмэгдүүлэх хүсэл Монголбанкинд төдийгүй алтны салбарынханд бий. Энэ салбарт Хөгжлийн банкнаас хөнгөлөлттэй зээлийн эх үүсвэр хүртэл олгох сураг гараад намжсан.

Монголбанкинд өнгөрсөн хагас жилийн хугацаанд иргэд, аж ахуйн нэгж 2.8 тонн алт тушаажээ

Монгол банкны валютын нөөцийг нэмэгдүүлэх алт нь эдийн засгийг эрчимжүүлэх хэрэгсэл. Өнгөрсөн онд алт тушаалт 13.5 тоннд хүрч, 2013 оныхоос хоёр дахин өссөн. Энэ жил гурав дахин нэмэгдүүлэх, эсэх нь Засгийн газраас ихээхэн шалтгаалах бололтой. Засгийн газар баталгаа гаргаж, Монгол банктай уг асуудлаар тохиролцож чадахгүй бол алт олборлогч компаниуд дэмжлэг авч чадахгүй нь. Төсвийн алдагдал өндөр байгаа нөхцөлд Засгийн газарт Монгол банк зээл олгох нь нэг талаар эргэлзээтэй юм.

Өнгөрсөн жил Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулж, алтны татварыг хоёр дахин бууруулсан. Хуульд өөрчлөлт орохоос өмнө роялтийн таван хувь, ашигт малтмалаас нөөц ашигласны таван хувь гээд нийт 10 хувийн татвар авдаг байв. Харин хуульд өөрчлөлт орсноор роялтиг тэглэж, нөөц ашигласны татварыг 2.5 хувь болгосон. Шинэчлэгдсэн хууль 2019 он хүртэл хэрэгжинэ. Татварын хөнгөлөлт эдлэх алтны салбарт нэмж зээлийн дэмжлэг олгох асуудлыг зарим улс төрчид эсэргүүцэж буй. Гэхдээ тэдний сонирхол Засгийн газар саад боломгүй. Учир нь УИХ-аас тогтоол гаргаж, эрхийг нь олгосон билээ.

Нэг жилийн өмнө Төвбанкинд 3.6 тонн алт тушааж байв. Харин энэ он гарснаас хойш 2.8 тонн алт худалдан авчээ. Төв банк зургаан сарын хугацаанд бүрдүүлсэн 2.8 тонн алтныхаа 2.1 тонныг гадагш нь цэвэршүүлэхээр илгээгээд байгаа. 2.1 тонн алт нь ойролцоогоор 116 сая ам.доллартой тэнцэж байна. Өнгөрсөн хугацаанд Төвбанкинд 343 аж ахуйн нэгж 1.8 тонн алт тушаасан бол давтамжтайгаар 425 иргэн хандан нэг тонн алт нийлүүлжээ. Алтны тушаалт сэргэж, тавдугаар сараас эрчимжиж эхэлснийг Монгол банкны Мөнгөн тэмдэгт, үнэт зүйлийн газрын захирал П.Сүхбаатар онцоллоо. Өдөрт дунджаар 10-20 кг алт Монгол банк хүлээн авдаг бол энэ хэмжээ 70-80 кг-аар хэмжигдэх болжээ.

“Урт нэртэй” хуульд өнгөрсөн хоёрдугаар сард өөрчлөлт орсон. Энэ нь алтны компаниудын үйл ажиллагаа сэргэх нь гэсэн хүлээлтийг үүсгээд байгаа. Өөрчлөлт орсон “Урт нэртэй” хуулийн хоригт 200 гаруй лиценз буюу нөөцийг нь барагцаалбал 130 орчим тонн алт хамрагдсан байна. Үүний 60 орчим тонныг нь олборлох боломжтой аж. Хуулийн өөрчлөлтөөр цөөн тооны лицензийг сэргээж, дийлэнх нь хуучнаараа хориотой үлдсэнийг салбарын компаниуд хэлж байсан юм. Тодруулбал, хайгуулын бүх лиценз хоригтой хэвээр үлдэж, нийт лицензийн 40-50 хувийнх нь хоригийг л цуцалсан гэнэ.

Өнгөрсөн жил алтны компаниуд 13.8 тонн алт тушаасныг эхэнд тэмдэглэсэн. Энэ нь 580 сая ам.доллартой дүйж буй. Санхүүжилт хүлээсэн алтны салбарт дэмжлэг хэрэгтэй байгаа. Санхүүжилтийг нь аль хэдийнэ шийдээд өгчихсөн бол тэд олборлолтын түвшнээ 20 тонндоо хүргэхээр ажлаа төлөвлөж, дараа жилийнхээ олборлолтод анхаарах, хөрөнгө оруулах технологийн шинэчлэл хийх гээд их ажил амжуулахаар байгаагаа учирлах аж. Засгийн газарт найдах алтны салбарынхны итгэл эмзэг болжээ. Гурван сарын турш хүлээгдэж буй зээлийн дэмжлэг хэрхэх, эсэх нь тодорхой бус хэвээр байна. Эдийн засгийн аврал нь алт болоод буй. Ингэж онцолсон мөртлөө дэмжлэг үзүүлж чадахгүй бол эдийн засгийг эрчимжүүлэх төлөвлөгөө нурах эрсдэлтэй. Эдийн засаг эрчимжиж чадахгүй бол хүндрэлээс амар гарахгүй.

Б.Баяртогтох

Засгийн газрын мэдээ


URL:

Сэтгэгдэл бичих