ДАЛАЙ ХАНЫ “АРХАГ” ЖУМА

11393178_1441588346160883_734246010111001271_n19-р зуун бол Монгол орон шилийн сайн эрчүүдээр дүүрэн буцалж байсан үе билээ. Тухайн үед Хянганы нуруунаас Ил Тарвагатай, Тэнгэр уул, Алтайн уулс хүртэл, Сияаны тайга, Байгаль нуураас урагшаа Хөх нуур хүртэлх өргөн уудам нутагт амьдарч байсан монголчуудад Манж Дайчин Чин гүрний төрийн хууль цааз үйлчилж байсан юм. Гэвч отго жинстэй ноёд толгой бөхийн сөхөрдөг байсан энэхүү Манжийн хууль цаазыг огт тоосон шинжгүй “бөгсөө арчиж” явсан хэнэггүй хүмүүс бол тэр цагийн шилийн сайн эрчүүд байлаа. Манж дайчин гүрний Тэнгэрийн тэтгэсэн хааны 1762 оны мутрын үсэгтэй “Халх журам” хуулинд “Суурин худалдаачдыг тонон дээрэмдэж үл болно. Айлган сүрдүүлж тонон дээрэмдсэн тохиолдолд гэмтэнийг огтчин алах цаазын ялаар гэсгээн цээрлүүлмой. Нүүдэлчин иргэдийн өмч болох мал сүргээс хулгайлан завшсан этгээдийг хугацаагүй цэргийн албанд цөлөх, гар хөлийг нь цавчин мухарлах, хулгайн хэргээ дахин давтан үйлдвэл эзгүй цөлд ширлэж алах ялаар шийтгэмой” гэж заасан байдгаас үзэхэд Манжийн хууль нэлээдгүй хатуу чанга байсан нь ойлгогдоно. Гэвч хээрээр гэр, хэцээр дэр хийж явсан шилийн эрчүүлд Азийн зүүн талыг тэр аяар нь улан доороо гишгэж явсан Манжийн хааны харгис хатуу хууль цааз айлын нохой хуцсан дайны санагддаггүй байжээ. Тиймээс шилийн эрчүүд Хөх нуураас Тагна Урианхайн хязгаар хүртэл, Хянганы нуруунаас Тэнгэр уул, Ил тарвагатай хүртэлх өргөн уудам нутгийг агтны туурайгаар тамгалж, хүлгийн сайныг шилж унан дур зоргоороо жигүүрлэн нисч явсан байдаг. Тэдгээр сайн эрчүүдийн нэг нь 19-р зууны эхээр Дүрвэд Далай хан хэмээн нэрлэгдэж байсан Баруун Монголд нэр нь цуурайтсан Урианхайн сайн эр “Архаг “Жума байлаа. “Архаг” Жума нь 1880-1910 оны хооронд Шинжаан Уйгар, Баруун Алтайн хооронд хазаар гүйлгэн агт хөөж Дүрвэдийн баячуудын шүдний өвчин болсон нэгэн байжээ. Хэрвээ тэрбээр шилийн эрийн зам мөрийг хөөгөөгүй бол Түшээт ханы Намхай, Луу гүний Ламзав арслан, Сэцэн ханы Дугар аварга нараас дутахааргүй монгол бөхийн түүхэнд нэрээ үлдээх чадал тэнхээтэй нэгэн байж. Долоон хошуу даншиг наадамд хоёр удаа түрүүлж, гурван удаа үзүүрлэж, арван удаа шөвгөрсөн Луу гүний алдарт Ламзав арслан нэг удаа Дүрвэд Далай ханы “Архаг” Жумагийн талаар сонирхолтой хууч хөөрсөн байдаг. Ламжав арслан анх удаа долоон хошуу даншиг наадамд Дугар аваргыг Гэлэгсэнгэ аваргын хамт орхин түрүүлсэн жилийнхээ өвөл нь Улиастайгаас Ховд руу жин тээх ажилд оролцсон байна. Жингийн цувааг Хар-Ус нуурын хөвөөнд түр байрлаад байх үед сийлсэн юм шиг бор саарал морь унасан, авдар шиг дөрвөлжин цээжтэй, бахим чийрэг эр тэдэн дээр хүрч ирсэн байна. Тэр өөрийгөө “Архаг“ Жума хэмээх шилийн хулгайч байна гэж шууд танилцуулаад “Та нарыг би айлгаж ичээгээд яахав. Нэг даалин дүнсэн тамхи, хоёр богц хунз цай сайн дураараа ганзганд минь уячих” гэж өөртөө ихэд итгэлтэй хэлжээ. Энэ үед Ламзав арслан “Яагаад бид өөрт чинь сохор улаан зоосны өргүй мөртлөө даалин дүнсэн тамхи, богц бай өгөх ёстой юм бэ. Бид Улиастайн пүүсний ачааг тээж яваа учраас Ховдын пүүсэнд тоо ёсоор нь хүргэж өгөх ёстой. Тийм яриа ч ёстой байхгүй дээ, ахын дүү. Аяга хоол мөрөөрөө идчихээд мордохгүй юу” гэсэн байна. Тухайн үед жин тээж явсан хүмүүсийн яриагаар бол саарал морьтой үл таних эр даншигийн цуутай арслан Ламзаваас бие хаагаар хамаагүй том харагдаж байсан бөгөөд ер айж ичсэн янзгүй байжээ. “Та нар дээр би аяга хоолны шавхруу горьдож ирээгүй. Авах гэсэн юмаа авч байгаад л явна даа. Үгээр хэлээд болдоггүй юм бол хүчээр аваад явахад хэн намайг хорих юм бэ” гээд хэвтэж байсан тэмээтэй ачаа руу өөрөө яваад очсон байна. Тэгтэл Ламзав арслан “Дүү хүү тарагныхаа савтай дээр эндээс явсан нь дээр юм биш үү” гээд араас нь хүрч очоод шилэн хүзүүн дээрээс нь атгаад автал мөнөөх эр баруун гараа Ламзав арслангийн ар нуруугаар оруулан бүснээс нь атгаж авсанаа ганцхан татаад л урдаа гаргаад иржээ. Ийнхүү орсон буур шиг багтаж ядсан хүч тэнхээтэй хоёр эр барилцаад авсан байна. Ламзав арслан гар ачаа, дунгуйлдаж татах мэхийг угсруулан хэрэглэж үл таних аварга биетэй эрийг ар нуруугаар нь дээш нь харуулсан боловч мөнөөх эр газар унасан мөртлөө ганцхан татаад л Ламзав арсланг доороо хийчихээд босч ирсэн гэдэг. Ийнхүү хоёр хүчтэн хэдэн хором ноцолдсоны эцэст амьсгаагаа дарахаар суух зуураа нэгнийхээ гаансаар тамхилан нэр усаа мэдэж танилцжээ. “Архаг” Жума Ламзав арсланг даншигийн цуутай бөх гэдгийг мэдмэгцээ хүндлэх өнгө аястай болж ирсэн бөгөөд нэг гараараа бугалгаа базлах зуураа “Би уг нь Богдын хүрээ орж зодоглож үзье гэж их боддог юм. Даанч тань шиг хүнтэй хэр барагтай бол тааралдаж байсангүй. Тэгээд ч хээрээр гэр, хэцээр дэр хийж явдаг болохоор орон суурин газар луу очих зав зай ч олдохгүй юм” гэж учирлаж байсан гэдэг. Тухайн үед Ламзав арслан 26 настай байсан бол “Архаг” Жума түүнээс гурав дөрвөн насаар дүү харагдаж байсан гэхээр 23 настай л байсан юм болов уу. Ингэж сайхан танилцсаныхаа дараа Ламзав арслан ирэх зуны даншиг наадамд “Архаг” Жумаг дагуулан очиж зодоглохоор болж, мань хоёр зуны тэргүүн сарын арван таванд Отгонтэнгэр уулын бэл дэх Бадар хундага нууран дээр уулзахаар болоод салсан гэдэг. Салахдаа Ламзав арслан өөрийнхөө юмыг өгч байгаа аятай л Улиастайн пүүсний ачааг задлан хоёр даалин дүнсэн тамхи, гурван богц хунз цай бэлэглэхэд шилийн сайн эр “Архаг“ Жума хариуд нь төө илүү соруултай хаш чулуун гаансаа бэлэглээд “Улайстайн амбаны барааг дутаасан гэвэл таньд наад гаанс чинь хэрэг болж магадгүй” гэж хэлжээ. Ламзав арслан зуны тэргүүн сарын арван таванд Отгонтэнгэрийн хормойд болзсон газраа ирээд хоёр хоног хүлээсэн боловч “Архаг” Жума ирээгүй гэдэг юм. Ламзав арслан тэр жилээ алдарт Гэлэгсэнгэ аваргыг төвөггүй орхиж даншиг наадамд хоёр дахь удаагаа түрүүлсэнийхээ дараа “Дүрвэд Далай ханы Жума энэ наадамд ирсэн бол түрүү бөхийн байг би биш тэр залуу л Богд хааны мутраас гардаж авах байсан юм. Хоёр гартаа ойгүй бяртай тийм хүнтэй энэ даншигийн дэнж дээр би л лав таарч байсангүй” гэж хуучилж байсан гэдэг. Хуучнаар Зүүнгарын хаант улсад хамаарагдах Дүрвэд далай ханы сайн эр “Архаг” Жума шилийн эрийн мөр хөөж явах замдаа Цонжид болсон Хасагийн их наадамд нэг удаа барилдаж дөрөв даваад Хасагийн их бөх Хурмангазийг өвдөг шороодуулаад байтал түүнийг Уйгарын тамгын газраас барьж аваад ширлэж баглан Ховдын амбанд хүргүүлсэн гэдэг. Энэхүү ширлүүлж явсан тухай нь нэгэн аман домог Зүүн Монголын ард иргэдийн дунд ихэд тархсан байдаг. Бидний сайн мэдэх “Гарьд магнай“ уран сайхны кинон дээр Далайцэрэн арван тавны цагдаа нарт баригдаад хүлүүлж байхдаа “Та нараас би айсандаа биш. Засгийн хуулийг хүндэлсэндээ л хөдлөөгүй юм даа” гэж хөмхий зуун хэлдэг дээ. Магадгүй уг киноны энэхүү үзэгдэлийг “Архаг” Жумагийн домгоос хуулбарласан ч байж болзошгүй юм. Учир нь яг иймэрхүү домог яриа аль соц нийгмийн үед хэвлэгдэж байсан “Монгол домог” хэмээх бяцхан номонд Жума биш Жумаг гэдэг нэрээр бичигдсэн байдаг юм. Арван тавны цагдаа нар Жумаг авч явахдаа нас гүйцсэн эр үхрийн хатаасан ширийг цоолж гаргасан нүхээр дөрвөн мөчийг нь шургуулан тэлж хүлээд тэргэн дээр баглан авч явжээ. Замдаа Жума нэг цагдаагаас нь “Гаанс тамхиа ганц нэрүүлчих” гэж гуйхад нөгөөх нь “Ховдын яаманд очоод хойд насандаа л чи миний гаансаар тамхи татаж үзээрэй“ гэж тохуурхсан байна. Тэгтэл Жума “Би их төрийн хууль ёсыг л хүндэлж яваа болохоос биш энэ муу гууртай бярууны чинь арьсанд хүлэгдэж яваа юм биш шүү” гэж хэлээд дөрвөн мөчөө хүчлэн хөдөлгөөд нас гүйцсэн эр үхрийн хатсан ширийг голоор нь цуу татаад босоод ирсэн гэдэг. Түүнийг ийнхүү эр үхрийн хатаасан ширийг цуу татан сув сул гараад ирмэгц авч явсан арван тавны цагдаа нар нь “Ишш, Жума минь. Өчүүхэн биднийхээ утсан чинээ улаан амийг өршөөж хайрла” гээд өмнө нь сөхөрсөн гэдэг. Хариуд нь Жума “Би та нараас гаанс тамхи л гуйсан болохоос биш амийг чинь авъя гэж хэлээгүй шүү” гэж хээв нэг хэлээд мөнөөх хэгжүүн цагдаагийн гаансыг булааж аваад тамхи нэрээд суучихжээ. Ийнхүү Цонжоос ширлэж гарсан Жумаг Ховд хүртэл ахиад ширлэж чадалгүй морин дээр сув сул хөтөлсөөр хүргэж ирсэн байна. Ховдын амбанд баригдаж ирэхдээ Жума 27 настай байсан гэдэг. Түүнийг зүүн хязгаараас удаа дараалан азарга азаргаар адуу хулгайлж Тагна Тува, Шинжаан, Хөх нуур луу гаргасан хэмээн буруутгаж, улмаар Ховдын амбаны шүүх яаманд “Зэрлэг ямаа” хочоороо алдаршсан Мадраа хэмээх зандалчин түшмэл түүнийг эрүүдэн шүүж хэргийг нь хүлээлгэхээр тухайн үед шүүх яамны гол арга хэрэгсэл болж байсан “Есөн эрүү” хэмээх тамлан зовоох аргыг тулгасан аж. Ингээд Дүрвэдийн сайн эр Жумаг “Зэрлэг ямаа“ хочит зандалчин эрүүдэн шүүж эхэлсэн байна. Есөн эрүү тулгаж хэрэг хүлээлгэх тамлалын ажил хагас жил буюу зургаан сарын турш үргэлжилдэг байжээ. Эхлээд Жумаг суугаагаараа байхаас өөр аргагүй “Мүглэн“ хэмээх хар авдаранд хийж толгойг нь ил гаргаад өдөрт аяга ус, будааны шөлнөөс өөр юу ч өгөлгүй сар орчим байлгажээ. Өдөр бүр шүүх яамны яргачин түшмэл ирж “Чи хэргээ хүлээх үү” гэхэд Жума толгой сэгсэрдэг байсан байна. Мүглэнгийн ялын хугацаа дууссаны дараа түүнийг 14 хоногийн турш өдөр бүр хонгон дээр нь 70-100 удаа банздан тамлажээ. Уг эрүү шүүлт дуусахад Жумагийн хонгоны мах язран урагдаж яс нь цухуйсан боловч тэрбээр ганц ч удаа “Ёо” гэж хэлэлгүй давстай усаар шархаа шавшин эдгээгээд гурав дахь эрүү шүүлт болох шаахайн тулгалтанд оржээ. Түүнийг гурван өдөр дараалан хоёр хацар дээр нь жаран удаа ээлжлэн шаахайдахад нүүрний арьс нь сүүлдээ хуураад унах дөхсөн байна. Жумаг ийнхүү шаахайдуулж байхыг хөндлөнгөөс харсан Дүрвэдийн Тамгат хэмээх хулгайч эрүү шүүлтэнд ороогүй байхдаа л өмдөндөө шээс алдах дөхөж тэр даруйдаа хэргээ хүлээж байсан гэхээр Жумагийн нүүр хүн харахын эцэсгүй болсон нь тодорхой. Шаахай тулгалтын шарх нь эдгэрээгүй байтал түүнийг дөрөв дэх эрүү болох хээр хөдөө аваачаад дөрвөн мөчөөр нь тэлэн халуун наранд шарж тарчлаадаг тамлалтанд оруулжээ. Энэхүү тамлалтын үеэр шоронгийн хуягууд тэлэгдсэн хүний хажууд майхан сав барьж байрлаад дээр нь хэрээ шувуу сууж нүдийг нь тоншихоос сэргийлдэг байсан гэж байгаа. Хэрвээ хэрэгтэн хэргээ хүлээлгүй үхчихвэл хилс хэрэг хүлээлгэсэн болох тул халуун наранд тэлүүлсэн этгээдийг үхүүлэхгүйн тулд дээрээс нь домботой ус асгаж ундаалдаг байжээ. Жума долоо хоног ийнхүү хөдөө хээр тэлэгдэн хэвтэхдээ ч хэргээ хүлээсэнгүй тэсвэрлэж чаджээ. Үүний дараа бие нь тэнхэрч амжаагүй байтал ”Тоосго сугалах“ буюу эрхий хуруунаас нь дүүжлэн зовоодог эрүү шүүлтэнд оруулжээ. Уг тамлал нь хүнийг эхлээд арван хоёр тоосгон дээр зогсоож хоёр гарынх нь эрхий хуруунаас нарийн сураар чивчиртэл хүлэн дүүжлээд хөл доорхи тоосгыг нь нэг нэгээр нь сугалдаг бөгөөд уг тамлалт нь бүтэн өдрийн турш үргэлжилдэг байж. Ийнхүү тамлуулсан хүний гарын эрхий хуруу давхарласан тоосгоны хэмжээгээр сунадаг байсан гэдэг яриа ч байдаг. Гэхдээ “Дүүжин” буюу тоосго сугалах энэхүү эрүү шүүлт нь Монголын зүүн хязгаарт есөн эрүүний хамгийн сүүлчийнх болж байсан баримт бий. Жишээ нь зохиолч Д.Маамын “Газар шороо” романд Дарьгангын шилийн сайн эр “Хангай” Базар есөн эрүү давж буй гардаг бөгөөд мань эр хамгийн сүүлд “Дүүжин” гээчид гурав хоног тарчилдаг билээ. “Тоосго сугалах” эрүү шүүлт дууссаны дараа Жумаг “Хонгор азарга” хэмээх аль дивангарын Цин гүрний үеэс уламжлалтай 1000 гаруй жил хэрэглэж ирсэн тамлалтанд оруулсан тухай зарим эх сурвалжид тэмдэглэсэн байх аж. “Хонгор азарга” гээч нь шал нойтон хусаар хийсэн модон морин дээр шалдлан нүцгэлээд дөрвөн хөллүүлж мордуулаад мөч бүрийг нь холбон цоожлоод модыг нь хаттал хадаж орхидог байж. Уг тамлалтанд орсон зарим хүн насан туршдаа эрэмдэг болох тохиолдол ч байдаг бөгөөд энэ нь аргагүй л хүний бие махбодийн хатуужил тэвчээр, бат бөхийг шалгадаг тамлалт байжээ. “Хонгор азарга”-нд арав хоног хадуулсан Жума ганц ч үг ганхийгээгүй тул уур хорсол нь бадарсан Мадраа түшмэл түүнийг тэр даруйд нь гуя шилбэ хоёрын завсараар хөндлөн нарийн мод тавиад сөхрүүлэн багладаг, тухайн үедээ л “Гяндан хүлээс“ болж байсан аргаар тамлажээ. Долоо хоног шахам тийнхүү хоёр борвиндоо хөндлөн модтой бохирч суусан Жумагийн гуя нь улаан нялга болсон ч хэргээ хүлээхээр шаардаж ирсэн түшмэдээс гаанс тамхийг нь гуйсан шигээ сууж байсан гэдэг. Түүнийг ийнхүү долоо дахь эрүү шүүлтээ давж байх үед Ховдын амбаны шоронгоор “Дүрвэд Далай ханы Жума гэгч сайн эр есөн эрүүг бараг даваад гарах шинжтэй. Хэр баргийн юманд сөхрөх эр хүн биш байна. Баруун хязгаарт нэг сайн эр гарч ирэх нь дээ” гэсэн яриа амнаас ам дамжин тархаж байжээ. “Зэрлэг ямаа” хочит Мадраа түшмэл улам шазуураа зууж, “Архаг” Жумаг долоо хоногийн турш өдөрт 40 ташуур ялаар шийтгэсэн нь одоогийнхоор бол хуулиа зөрчиж эрхээ хэтрүүлсэн явдал байжээ. Учир нь тэр үед есөн эрүү тулгуулж байгаа хүнд ташуурдах ялыг огт хэрэглэдэггүй байж л дээ. Ийнхүү долоо хоног ар нуруугаа улаан эрээн болтолоо ташуурдуулсан Жумаг өмнө нь Ховдын амбаны шоронд Цэцэг нуурын дугуйлангийн “Ард” Аюушаас өөр хэн ч давж байгаагүй “Өргөс хатгах” нэртэй эрүү шүүлтэнд оруулж байсан гэдэг. Энэхүү эрүү шүүлт нь арван хурууных нь хумсан завсараар нялх хулсыг нэг бүрчлэн шааж тамладаг арга байв. Зарим нутаг хошуунд уг тамлалтыг есөн эрүүний эхэнд хэрэглэж байсан байдаг. “Архаг” Жума гарынхаа хуруунаас садран урсах цусыг огт тоомсорлосон шинжгүй, харин ч бүр хулс шаалгасан хуруугаараа шилэн хүзүүгээ маажиж зандалчин эрийн янзыг үзэж суусан гэдэг. Түүнийг ийнхүү есөн эрүү шүүлтийг цусан зам татуулсаар туулан гарч ирэхэд Дүрвэд Далай хан Нэмэхжаргал “Энэ ясны сайн эр хэрэг хийгээгүй гэдгээ махан биеэрээ нотолж чадлаа. Одоо түүнийг дариухан суллаж миний зуны өргөөнд аваачиж биеийг нь тэнхрүүл” хэмээн Ховдын амбаны заргачид тушааж байсан гэдэг. Ийнхүү Урианхайн хязгаарын сайн эр Жума тухайн цагтаа цөөхөн шилдэг аавын хүүгийн туулан гарч байсан есөн эрүү шүүлтийг яс махаараа даван гарч Ар халхын үнэнхүү шилийн сайн эр болохоо харуулж, засаг ноёдоор зөвшөөрүүлж өөрийгөө дархлагдсан нэгэн болгож чадсан гэдэг билээ. Есөн эрүү шүүлтийг даван гарсаныхаа дараа тэрбээр Ховдын амбаны яргачин түшмэл “Зэрлэг ямаа” хочит Мадрааг гэрийнх нь гаднаас яг л хонь дүүрч байгаа юм шиг шилэн хүзүүнээс нь шүүрэн авч давхиад Буянт голын бургасанд аваачаад арван удаа ташуурдахад л дөрвөн мөч нь хугарч санжсан гэх аман домог байдаг. Энэхүү цуутай эр 1910-аад оны эхэн үе хүртэл Шинжааны уудам тал, Алтайн сүрлэг уулсаар гэр хийж явсаар тэнгэртээ нисч яваад үхдэг бүргэдийн жамаар Цонжийн хунхууз дээрэмчдийн суманд өртөж амиа алдсан гэдэг билээ. Ер нь эрт цагт халхын сайн эр буюу нийтэд хүлээн зөвшөөрөгдсөн шилийн хулгайч болно гэдэг хэр баргийн аавын хүүгийн хийх ажил биш байжээ гэдгийг энэхүү есөн эрүү туулсан түүх намтар бэлхэнээ харуулж байна.

ЗОХИОЛЧ, СЭТГҮҮЛЧ Б.ОЙДОВ


URL:

Сэтгэгдэл бичих