Засгийн газарт амрах эрх бий юү

Засгийн газрын эрхэм гишүүд төрөөс олгосон 14 хоногийн амралтаа эдэлсэн шигээ налайж сууна. Уг нь наадмын маргааш намар гэдэг. Улс орны халуун тогоон дахь дээд, доод шатны бүхий л ажил амьдралыг зохицуулдагийн хувьд, засгийн эрх барьж буй тэдэнд ялангуяа наймдугаар сард амрах эрх баймааргүй юмсан.

Наанадаж л, бүх салбарын өвөлжилтийн бэлтгэл, хичээлийн шинэ жил, ургац хураалт гээд тоо томшгүй ид ажлын үеэр гол “хөдөлгүүр” зогсох нь юуны дохио вэ. Тэгээд ч олон жилийн туршлагаас харахад дарга, цэрэггүй намаржингаа өвөлжилтийн бэлтгэл гэж ярьж ярьчихаад дүн өвөлд хөл алдах нь энүүхэнд.

Албан байгууллагууд нь уурын зуухаа тэс хөлдөөх, айлууд гаднаа ганц ч түлээгүй байх зэрэг наад захын ажлаа огт бэлдээгүй байж л байдаг. Малчдын хувьд ч тэр. Нар, ногоо гарч төвийн хүний бараа харахаараа өвөл гэдгийг тас мартана. Ёстой л өнгөрсөн хавар үстэй дээлээ гээчихээгүй, өнөө зун эсгий туургануудаа үерт урсгаагүй бол өөрөөр өвөлд бэлдээд байх гойд юусан билээ гэх ханзааны юм айлдан зунжин найрлана.

Газар тариалангийн салбарт ажиллагсад жилийн жилд л өвлийн бэлтгэл хийхгүй намаржин айрагдаж, наадамлаж гүйсээр хахир хүйтэнтэй золгоно. Энэ зуур хүний юм өргүй гэж Засгийн газраас зуданд нэрвэгдэгсдэд татварын мөнгөөр ”Улаан загалмайн” тусламж үзүүлж, эх оронч дүр эсгэнэ. Уг нь улс эх орны их үйлийг мэтгэх засгийнхан ид цагийн үеэр ажилласан шиг ажиллаж, салбар сүлжээндээ гайгүй сайн мэдээлэл илгээвэл өвлийг өнтэй давах нигуур бий.

Түүнчлэн энэ жилийн тухайд, цаг агаарын байдал ороо бусгаа байна. Ойрын өдрүүдэд тариалангийн нутгаар халсан мэдээтэй. Цаг агаарын энэ мэт тогтворгүй нөхцөл юу ч дагуулж мэднэ. Гэтэл бодит байдал дээр энэ бүхэнд санаа тавьж, эрсдэлийг хумих үүрэгтэй Засгийн газар танхимаараа цагаа олохгүй амарч буй нь юуны цондон бол. Уг нь эл танхимынханд ажлын үеэр бус, зуны эхэн сард амрах цаг хугацааны боломж бий. Тэгээд ч энэ үеэр бүх л хүн зоны амралт эхэлж, нийгмийн хөдөлгөөн багасдаг.

Сүүлийн жилүүдэд төвлөрсөн хот суурингийн тухайд зуны дэлгэр caйхан цагийг хэрхэн үр ашигтай өнгөрөөх нь магадгүй өвлөөс ч илүү ач холбогдолтой болжээ. Өөрөөр хэлбэл, урин дулаанд ид бүтээн босголт явагдаж байна. Нийслэлд л гэхэд дулааны шугам сүлжээ, зам засвар, хот тохижилт, зүлэг ногоо тарих гээд гараа хумхисан нөхөр алга. Гагцхүү Засгийн газар л их амралтын аянд мордоод таг чиг. Наадмын найм хоногийн амралт ихэдсэн үү гэхээс багадаагүй л байлтай.

О.Мөрөн  http://www.niigmiintoli.mn/


URL:

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд FACT.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.