Хурууны хээ олон юм хэлнэ

Шеффилд дэх Халам Их сургуулийн эрдэмтдийн гаргасан технологийг ашиглан цагдаагийнхан хоёроос гурван жилийн дараа гэхэд гэмт хэрэг үйлдсэн этгээд юу идэж, хийж, барьж байсныг тодорхойлох бүрэн боломжтой болох юм байна.

Орчин цагт цагдаагийнхан хэргийн газраас  сэжигтний хурууны хээг аваад мэдээллийн санд таниулж хувийн мэдээллийг нь шалгадаг.  Гэвч тухайн сэжигтэн өмнө нь цагдаагийн газарт бүртгэгдэж байгаагүй бол түүнийг хурууны хээгээр нь олж чадахгүй юм. Харин судлаачдын нээсэн шинэ технологийн тусламжтай илүү ихийг мэдэх боломжтой болж байгаа аж.

Эрдэмтдийн ярьж буйгаар тусгай нунтгийн тусламжтай шил, металл, савхи арьсан гадаргуун дээрээс хурууны хээг хуулна. Нунтаг дээр уусмал нэмэх ба үр дүнд нь химийн бодистой талст гаргаж авах гэнэ. Тэдгээрээс сэжигтэн хар тамхи мансууруулах бодис хэрэглэж байсан эсэх, кофе цай уусан эсэх, ямар косметикийн бүтээгдэхүүн хэрэглэсэн эсэх, юу барьж байсан гэх зэргийг нь шалгах боломжтой болж байна гэсэн үг юм.

Туршилтын үеэр эрдэмтэд хурууны хээгээр тэдний судлаж байсан хүн гартаа бэлгэвч барьж байсныг тогтоосон байна. Ийм мэдээлэл олж авснаар мөрдөгчдөд бэлгийн хүчирхийлэл үйлдсэн хэрэгтнийг барьж авахад дөхөм болох юм.

Сүүлийн үед цагдаагийнхан хурууны хээгээс илүү ДНХ-ийн шинжилгээний тусламжтай мөрдлөг явуулах нь ихэссэн ч доктор Франчезе шинэ аргачлалын тусламжтай маш их мэдээлэл авах болно гэжээ. “Бид хүний хурууны өндөгний хээг зүгээр ч нэг авах биш тэр хүний түүхийг мэдэх боломжтой болж байгаа юм. Шинэ технологийн тусламжтай одоо байгаагаас ч илүү их мэдээлэл авах юм” гэж доктор Франчезе ярьжээ.

Британийн дотоод хэргийн яам уг судалгааны цаашдын үйл явцад зориулж 80 мянган фунт олгосон бөгөөд цагдаагийнхан ойрын хугацаанд уг аргыг практикт хэрэгжүүлэх боломжтой болж байгаа юм.

А.Цацрал


URL:

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд FACT.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.