Хойд Солонгос Өмнөдийн батлан хамгаалахын сайдыг устгуулахаар алуурчдаа илгээж байжээ

Өмнөд Солонгосын батлан хамгаалахын сайдыг устгахаар Умардын тал төлөвлөж, улмаар бүтэлгүйтсэн талаар Yonhap news агентлаг мэдээлжээ.
Өмнөд Солонгосын батлан хамгаалахын сайд Ким Кван Жинийг устгахаар Умардууд тусгай албаны хүмүүсээ Сөүл рүү илгээсэн талаар мэдээлэл гараад байгаа аж.
Энэ талаар өмнө нь Викиликс сайтад ч мэдээлж байсан гэнэ. Тэрхүү мэдээлэл одоо батлагдаж байгаа талаар солонгосын хэвлэлүүд шуугиан дэгдээж эхэлжээ. Энэ нь магадгүй хоёр солонгосын хооронд үүсээд байгаа эерэг уур амьсгалыг байхгүй болгох сөрөг талтай ч байж мэднэ.
Викиликс сайт өнгөрсөн онд америкийн элчин сайдын яамдуудын нууц протоколуудыг ил гарган мэдээлж байсан юм.
Тэр үед АНУ-ын Сөүл дэх элчин сайд Солонгосын батлан хамгаалахын удирдах ажилтнуудтай уулзсан нэгэн уулзалтын үеэр Ким Кван Жинийг устгахаар умардын тусгай бэлтгэгдсэн алуурчид Сөүлд ирээд байгаа талаар анхааруулсан хэмээн бичиж байсан. Тухайн үед энэ мэдээлэл нь албан ёсоор батлагдаагүй учраас тэгсгээд дарагдсан. Тэгвэл энэ асуудал дахин нэлээд сенсаац дэгдээн гарч ирж байна.
Одоогоор умардаас илгээгдсэн алуурчид байсан уу, эсвэл гуравдагч орноос умардын даалгавраар орж ирсэн алуурчид байв уу гэдгийг тогтоохоор ажиллаж байгаа гэнэ.
Ким Кван Жин нь БНХАУ-д дээд хэмжээний айлчлал хийх үеэрээ нэг хятадын бодлогыг дэмждэгээ илэрхийлж хятадын тал ч мөн ирээдүйн нэг солонгосын тал дээр нааштай хандах ёстой хэмээн үзэл бодлоо илэрхийлж байсан.
Өнгөрсөн онд хоёр солонгосын хооронд болсон мөргөлдөөний үеэр Ким Кван Жин хатуу байр суурь дээр зогсож умардын талд хүчтэй цохилт өгөх тухай засгийн газар болон парламентаасаа шаардаж байсан хүн юм.
Тиймээс түүнийг хойд солонгосын тагнуулын албаны хар жагсаалтад нэр нь орсон хүн хэмээн хэвлэлүүд бичиж байна.
Ким Кван Жинтэй холбоотой асуудал хэвлэлүүдээр цацагдаж эхэлсэн нь хоёр солонгосын харилцааг ихээхэн хурцатгах магадлалтай хэмээн ажиглагчид үзэж байна.

О.Нар


URL:

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд FACT.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.