Монгол эмч нар элэг шилжүүлэн суулгах хагалгааг амжилттай хийлээ

Монголын Элэг шилжүүлэн суулгах үндэсний баг хоёр хүнд элэг шилжүүлэн суулгах хагалгааг амжилттай хийсэн талаараа өнөөдөр хэвлэлийн бага хурал хийлээ.  Уг хурал  Улсын клиникийн төв эмнэлгийн хурлын зааланд болсон юм.

164610-22062015-1434954171-1599791811-emneleg

Энэхүү хуралд ЭМСЯ-ны Эмнэлгийн тусламжийн хэлтсийн дарга Л.Зэндмаа, Улсын клиникийн төв эмнэлгийн дарга Б.Бямбадорж, Монголын Элэг шилжүүлэн суулгах үндэсний багийн хамт олон болон монгол эмч нарын  бие даан анх удаа элэг шилжүүлэн суулгасан, эмчлүүлэгч Ч.Саранчимэг  нар оролцлоо.

Хурлын  эхэнд  ЭМСЯ-ны Эмнэлгийн тусламжийн хэлтсийн дарга Л.Зэндмаа хэлэхдээ “21 зууны эхэн үед элэг, бөөр зэрэг амин чухал эрхтэнүүдийг цочмог болон архаг  дутагдал өвчлөлийн улмаас хүний амийг аварч чадахгүй алдаж байлаа. Тэгвэл одоо эрхтэн шилжүүлэх эмчилгээний шинэ аргыг хөгжүүлсэнээр манай эрдэмтэн, эмч мэргэжилтнүүдийн маань маш шаргуу хөдөлмөрийн дүр дүнд  бид энэ эмчилгээний аргыг эх орондоо нутагшуулж чадсан. Манай улсад 2007 онд анх элэг шилжүүлэн суулгах төслийг эхлүүлж, 2011-2014 оны хооронд БНСУ-ын “АСАН” анагаах ухааны төвтэй хамтрах амьд донороос элэг шилжүүлэн суулгах эмчилгээг нийт 18 хүнд амжилттай хийсэн. Тэгвэл 2015 оны тав болон зургадугаар сард амьд донороос элэг шилжүүлэн хагалгааг манай эмч  нар бие даан амжилттай хийсэн энэ баярт мэдээг сэтгүүлчдээрээ дамжуулан ард түмэндээ хүргэж байна. Эрхтэн шилжүүлэн суулгах хагалгааг бид эх орондоо амжилттай хийж чадсанаараа хүнд амьдрал бэлэглэхээс гадна өвдөж зовсон ард иргэдээ санхүүгийн бэрхшээлээс чөлөөлөх, дээр нь гадаад улс руу явж байгаа их хэмжээний мөнгөний урсгалыг багасгах ийм ач холбогдолтой” гэсэн юм.

ЭЛЭГ ШИЛЖҮҮЛЭН СУУЛГАХ ХАГАЛГААГ УЛСЫН ТӨВ ЭМНЭЛЭГ ДЭЭР ӨДӨР ТУТМЫН ТӨЛӨВЛӨГӨӨТ МЭС ЗАСЛЫН ЖУРМААР ХИЙГДЭХ БОЛОМЖ НЭЭГДЛЭЭ

Харин Улсын клиникийн төв эмнэлгийн дарга Б.Бямбадорж хэлэхдээ:

-Улсын клиникийн төв эмнэлэг бол эрхтэн шилжүүлэн суулгах технологийг эх орныхоо хөрсөн дээр нутагшуулах чиглэлээр сүүлийн 10 жил идэвхитэй ажиллалаа. Ингэснээр манай эмнэлэг элэг, бөөр, ясны чөмөг шилжүүлэн суулгах гэсэн гурван төрлийн хагалгааг амжилттай хийж байна. Эрхтэн шилжүүлэн суулгах технологийг нэвтрүүлснээр Монгол Улсын Засгийн газар Эрүүл мэнд, спортын яам, манай эмнэлгийн мэргэжилтнүүд уйгагүй зүтгэснээр дэлхий дахинд эмчилгээний арга нь төгс шийдэгдсэн хагалгааг  өвчтөнүүд эх орондоо өөрийн эмч нарын багаар хийлгэх боломж бололцоог нээж өгснөөрөө давуу чанартай юм. 1960-1970 оны элэгний вирүсийн халдварын дархалтаас болоод энэ өвчний хүндрэлээр өвдсөн элэгний хатууралтай, хавдартай хүмүүс монголын эмнэлгүүдээр дүүрэн байна. Энэ өвчний эмчилгээний  арга нь элэг шилжүүлэн суулгах юм. Элэг шилжүүлэн суулгах эмчилгээ нэвтэрсэн байхад энэ өвчний хүндрэлээр олон хүний амь насыг алдаад байна гэдэг харамсалтай. Манай улсын Засгийн газар эмч нар маань хамтарч ажилласны хүчинд энэхүү өвчний төгс эмчлэх бололцоо нээгдлээ. Өөрөөр хэлбэл цөсний чулуу авдаг шиг,  ходоодны хагалгаа хийдэг шиг элэг шилжүүлэн суулгадаг хагалгааг Улсын төв эмнэлэг дээр өдөр тутмын төлөвлөгөөт мэс заслын журмаар хийгдэх боломж нээгдлээ гэдгээ ард түмэндээ зарлаж байна.

Ингэснээр цаашдаа элэг шилжүүлэн суулгах хагалгааны өртөгийг  бөөр  суулгадаг хагалгааны өртөгтэй адилхан зарим хэсгийг нь төрөөс, зарим хэсгийг эрүүл мэндийн даатгалаас даах байдлаар иргэдийнхээ эдийн засгийн  ачааллыг бууруулах бололцоо хийж ажлаач, энэ ажлыг дэмжээч гэдгээ илэрхийлж байна. Нөгөө талаар энэ өвчний хүндрэлийн улмаас гадаад руу авах их мөнгөний урсгалыг хаах боломж нээгдэж байна гэдгийг хэлмээр байна” гэлээ.

Гадаадын улс оронд 250-350 мянган ам доллар, Энэтхэг улсад 100 мянган ам долларын өртөгтэй байдаг элэг шилжүүлэн суулгах хагалгааг монгол эмч нарын баг эх орондоо 60 сая төгрөгөөр хийсэн талаараа уг хурлын үеэр хэлж байлаа. Гэхдээ энэ мөнгө бол эмч нарын ажлын хөлс биш, В вирүсийн эсрэг эмчилгээ болон дархлаа дэмжих эмчилгээний зардал байна.

Ийнхүү монгол эмч нар  таван 5 жил гаруй хугацаанд бэлтгэл хийсний хүчинд Монгол Улсын Элэг шилжүүлэн суулгах Үндэсний багийн хамт олон  хоёр хүнд элэг шилжүүлэн суулгах эмчилгээг амжилттай хийсэн нь энэ аж. Эмчлүүлэгч 35 настай Ч.Саранчимэгт хамтаатных нь дүү 26 настай залуу донор болсон бол эмчлүүлэгч 20 настай залууд 46 настай аав нь донор болсон байна.

Дашрамд сонирхуулахад Монгол улс элэг шилжүүлэн суулгасан 36 дахь орон болж бүртгэгдсэн байна. Багийн гишүүд хэлэхдээ “Элэг шилжүүлэн суулгах эмчилгээ бол багийн ажил байдаг. Багийн нэг гишүүний хайхрамжгүй хөдөлгөөн л асуудал үүсгэх эрсдэлтэй  учраас манай хамт олон өнгөрсөн 4-5 жилийн хугацаанд нэг цул баг болж бэлтгэгдэж чадсан. Тамирчин хүн ямагт  олимпийн аварга болохыг  мөрөөддөг бол анагаах ухааны ноён оргил болсон эрхтэн шилжүүлэн суулгах хагалгааг хийнэ гэдэг нь  олимпийн аварга болсноос ялгаагүй том зүйл гэж бид үзэж байгаа. Тийм учраас багийнхандаа бид чадсан шүү, хойшдоо улам амжилттайгаар хүнд ардаа аюулт өвчнөөс анагаахын тулд урагшаа” гэж бахдалтайгаар хэлж байсан. Бид энэ үеэр Монгол эмч нарын бие даан анх элэх шилжүүлэн суулгасан 35 настай Ч.Саранчимэгтэй уулзаж ярилцсан юм.

НАДАД АМЬДРАЛ БЭЛЭГЛЭСЭН, АМЬД ЯВАХ БОЛОМЖ ОЛГОСОН АЛТАН ГАРТАЙ ЭМЧ НАРТАА БАЯРЛАЛАА

-

Аймшигт өвчнийг ялан дийлсэн танд баяр хүргэе?
-Баярлалаа.

-Хэзээ өвчнийхөө оношийг мэдсэн бэ?   
-Би 1999 онд элэгний В вирүсийн халдвар авч 15 жилийн турш энэ өвчнөөр шаналсан. Хэдийгээр  жил болгон эмчилгээ хийлгэдэг байсан ч элэг өвчлөл газар авсаар байгаад нэг л өдөр элэг шилжүүлэн суулгахаас өөр аргагүй болсон гэдгээ мэдсэн. Нас залуу байдаг, амьдрах хэрэгтэй, амьдрал хайран санагдаад би тэмцэж байсан. Ингээд 2013 оноос хойш хаашаа явж хийлгэх вэ гээд л судалж эхэлсэн. Гадагшаа явахад өндөр өртөгтэй, эдийн засгийн хувьд ч сэтгэл санааны хувьд ч хүнд байлаа. Гэтэл монгол эмч нар  эх орондоо элэг шилжүүлэн суулгаж байгаа гэдгийг сонсоод бүртгүүлсэн. Тэгээд донороо олох шаардлагатай болж, хамаатныхаа дүүг донороор сонгож өнгөрсөн тавдугаар сарын 17 нд элэг шилжүүлэн суулгах хагалгаанд орсон. Дөрөвдүгээр бүлгийн цустай хүнд донорын олдоц муу байдаг юм билээ.

-Та 15 жил энэ өвчнөөр шаналсан гэлээ. Биед ямар өөрчлөлт мэдрэгддэг байсан бэ?
-Ерөнхийдөө ядраад, тураад л амьдралын идэвхи буураад ирсэн. Улмаар хэвлийд ус үүсээд эхэлсэн.  Усаа авахуулах гэж жилдээ 3-4 удаа эмнэлэгт хэвтдэг байсан ч сайжрахгүй байсаар сүүлдээ элэг шилжүүлэн суулгах шаардлагатай болсон.

-Одоо бол таны зүс царай сайхан харагдаж байна. Биеийн байдал хэр байна?
-Баярлалаа. Хагалгаанд орохын өмнө бие  үнэхээр муу байсан. Одоо бол биеийн байдал харьцангуй гайгүй, хоёр хөл дээрээ боссон. Миний бие маш хөнгөн гоё байгаа. Цаашдаа бүүр сайжирч эрүүл саруул, ажил хөдөлмөрөө хийгээд явна гэж бодож байна.

-Донорын биеийн байдал хэр байгаа вэ?
-Би дөрөвдүгээр бүлгийн цустай учраас таарах донор олдохгүй хэцүү байсан. Гэтэл хамаатны маань 26 настай дүү маань таарсан. Эгчдээ амьдрал бэлэглэсэн дүүдээ маш их баярлалаа гэдгээ энэ дашрамд хэлмээр байна. Донорын биеийн байдал хэвийн байгаа. 14 хоног эмнэлэгт хэвтээд л гарсан.

-Хагалгаа амжилттай боллоо. Одоо дархлаа дарангуйлах эмийг байнга уух ёстой байх?
-Би хагалгаанд ороод удаагүй байна. Өнгөрсөн баасан гарагт л эмнэлгээс гарлаа. Нэг эмийг нь улсаас үнэгүй өгдөг. Өөрсдөө худалдаж авдаг эм ч зөндөө байдаг гэсэн. Энэ эмийг эрүүл мэндийн даатгалд хамруулж өгөөсэй гэж хүсч байна.

-Хагалгаа ямар хугацаанд үргэлжилсэн бэ?
-Хагалгаа 33 цаг тасралтгүй үргэлжилсэн. Тавдугаар сарын 17-ны өглөөний 07 цагт ороод 18 ны 15 цаг 10 минутад хагалгаа дууссан гэсэн. Надад амьдрал хайрласан, амьд явах алтан боломж хайрласан алтан гартай эмч нартаа баярлалаа.  Элэг шилжүүлэн суулгах багийн хамт олондоо болон Улсын төв эмнэлгийн хамт олондоо үнэхээр их баярлалаа. Та бүхэн чадсан, чадсаар ч байх болно.

 

Gogo.mn


URL:

Нэр: irgen Огноо: 23 June 2015

hagalgaa hiilee geh yum. hagalgaa hiilgesen hunii bie ni sain uu

Сэтгэгдэл бичих