Хуучин цирк шатсан. Гэхдээ…

164900-26062015-1435277906-1887569500-1Хуучин циркийн гадаа нэгэн эр толгойгоо барин доош харан сууна. Тэр бол Хөгжим бүжгийн коллежийн Циркийн тэнхимийн эрхлэгч, циркийн найруулагч Ю.Гэрэлбаатар. Асуултад ганц нэг үгээр дуу муутайхан хариулна. Урвайсан хэдэн хүүхэд цагираг, дугуй, бичиг цаас тэргүүтнийг эмхлэн хайрцагт хийх нь үзэгдэнэ. “Ачааны машин олж ирье” хэмээн нэгэн залуугийн ярих ард сонсогдоно. Хэсэг хүн хийх зүйлээ олж ядан, санаа зовонгуй зогсох бол шинжээч, мөрдөн байцаагч нар хүмүүстэй уулзаж, тэмдэглэл хийн зогсоно.

Хуучин циркийн дүр зураг ийм байна. Уржигдар 22.00 цагийн үеэс гарч эхэлсэн галыг нийслэлийн Онцгой байдлын газрын Гал унтраах, аврах 10 дугаар ангийн нэг, хоёрдугаар тасаг, Гал унтраах 14, 34 дүгээр анги, нийслэлийн Аврах ангийн 51 албан хаагч өчигдөр 03.00 цагийн орчимд бүрэн унтрааснаас үзвэл хэр ноцтой байсныг мэдэж болохоор. Гал гарах үед дотор нь хүн байгаагүй бөгөөд сүүлийн хүн циркээс 19.00 цагийн орчимд гарсныг жижүүр тайландаа тэмдэглэжээ. Хуучин цирк хэмээн олонд танигдсан уг барилгад ХБК-ийн Циркийн тэнхимийн сурагчид хичээллэхээс гадна хувийн циркийн студи, продакшнууд үйл ажиллагаа явуулж, бэлтгэлээ хийдэг байв.

Тэдний тоо дунджаар 200-д хүрнэ. Харин одоо хаачихаа ихэнх нь мэдэхгүй байгаа. Юутай ч сурагчдыг ХБК-ийн байранд түр хичээллүүлэхээр шийдвэрлэсэн гэнэ.

Галын жинхэнэ шалтгаан нь хуншгүй, хүйтэн сэтгэл

“Бэлтгэл хийх газар хайна даа” хэмээн нэрээ хэлэхийг хүсээгүй циркийн жүжигчин хэлж байна. Тэгээд цааш нь “Ийм ч болчих гэж” хэмээн барилга руу эрүүгээрээ заав. Түүний заасан зүг рүү хандвал битүү тортог л үзэгдэнэ. Тийш шагайвал манеж, суудал, баганаас эхлээд дотор тал тэр чигтээ шатаж сүйджээ. Гэвч лхагва гарагийн өглөөг эхлүүлсэн “Хуучин цирк шатсан” хэмээх мэдээ тэгтлээ цочирдмоор зүйл биш юм. Байнга хэл ам дагуулдаг ч асуудал нь хэзээ ч шийдвэрлэгддэггүй энэ барилга галаас өмнө ч гамшгийн хэмжээнд байлаа. Хашаа нь хогийн цэгтэй тулсан барилгын хана, цонх, хаалганаас эхлээд дээвэр, хонгил гээд бүх хэсэг нь хэдийнэ цаг хугацааны элэгдэлд орж, нурахад бэлэн болсныг цөөнгүй хүн мэднэ. Үүнийг харгалзан үзэж “2015 он гэхэд шинэчлэн зассан байна” хэмээн хоёр жилийн өмнө хуучнаар ССАЖЯ, албаны хүмүүс мэдэгдсэн нь сонины цаасан дээр л үлджээ. Харин 2015 оны тэн хагас өнгөрсөн хойно гал гарч, гол хэсэг нь юу ч үгүй болтлоо шатчихлаа. Галын албан ёсны дүгнэлт хоёр долоо хоногийн дараа гарах ч мягмар гарагт хийсэн сантехникийн ажил, гагнуураас үүдэлтэй байж болзошгүй тухай байрны захиргаа хариуцсан эрхлэгч Г.Доржнамжил цухуйлгалаа.

Гэхдээ гал юунаас үүдсэнээс эс хамааран, жинхэнэ шалтгаан нь хуншгүй, хүйтэн сэтгэлүүдийн нийлбэр байв. Циркчид засуулж, шинэчлэх хүсэлт үе, үеийн Засгийн газарт тавих ч манай улсад урлагийн тухай асуудлыг хамгийн сүүлд авч үздэг. Заримдаа сүүлд нь авч үзвэл “их юм” байх тохиолдол ч олон. Нөгөө талаас циркийн уран бүтээлчид хоорондоо нягт нэгдэн нийлж чаддаггүй нь ч нөлөөлсөн биз. Хэн ч тоодоггүй шоовдор хүүхэд шиг энэ барилга дэлхийд нэрээ дуурсгасан монгол циркчдийн гал голомт нь. Үүнээс гадна Монголын түүх дурсгалын чухал өв юм.

Нийслэл дэх анхны дуган сүмүүдийн нэгт тооцогддог уг барилгыг 1903 оны үед Дондогдулам хатан бариулсан аж. Тухайн үеийн Эх дагины аймагт хамаарах эл дуган шавь олны татвар, Сайн ноён хан Т.Намнансүрэн тэргүүт язгууртнуудын өглөг тэргүүтнээр боссон гэдэг. Тэнд бурхан тахил, ном судар хадгалахаас гадна хатны дэргэдэх уран дархан, сийлбэрч, барималч, оёдолчин, бичгийн мэргэд туурвидаг байж. Харин 1940 онд монгол циркийн уран бүтээлчдийг бэлтгэх зорилгоор хойд хөрш рүү анхны оюутнуудыг явуулснаар энэ урлагт тохирсон байр хэрэгтэй болсон нь илэрхий. Ингээд 1942 онд Маршал Х.Чойбалсангийн тушаалаар Эх дагины цогчин дуганыг Монгол циркийн байр болгожээ. Энэ дагуу архитектор Л.Намхайцэрэн дуганы голд байх дөрвөн баганыг гүүрийн холбоос хийх аргаар дотоод зохион байгуулалтыг нь өөрчлөн, циркийн манеж бүтээж, мөн оны хоёрдугаар сарын 23-нд нээлтийг нь хийжээ.

Гал барилгыг дахин анхаарлын төвд авчирлаа. Сүйрэл заримдаа шинэ бөгөөд зөв эхлэл болдог

Монгол циркийн үндэслэгчид болох Ж.Раднаабазар, Л.Нацаг нар энд алдарт першийн тэнцүүр, акробат, үг ярианы номер, илбэ, хөгжмийн эксцентрик тэргүүт үзүүлбэрээ боловсруулж, эх орондоо цоо шинэ урлагийг таниулж, хөгжүүлж байв. Циркийн анхны байр ердөө 500 хүний суудалтайн дээр жижиг хэмжээтэй тул том хэмжээний үзүүлбэр, агаар дээрх тоглолтуудыг хийх боломжгүй байсан аж. Ингээд 1971 онд Румын улсын буцалтгүй тусламжаар 1750 хүний суудалтай циркийг Усны гудамжинд босгосон нь өдгөө хоолны газар, гар утас, машины зах болсныг үзэгчид бэлхнээ мэдэх билээ. Шинэ цирк боссоноос хойш Эх дагины дуган буюу хуучин циркийг “Ж.Раднаабазарын нэрэмжит циркийн сургууль” болгосон. Энэ хаяг өдийг хүртэл хэвээр бий. Харин Монголын цирк өөрчлөгдсөн. Олон улсын циркчдийн чансааг тодорхойлдог А зэрэглэлийн тэмцээнүүдээс монголчууд ганзага хоосон ирдэггүй. Тэр дундаа Монголын морьтой үзүүлбэр, уран нугаралт дэлхийд данстай. Гэсэн ч тэдэнд Монголд ирэх, орох газар байхгүйтэй адил. Монгол циркчдийнх хэмээн бүрэн харьяалагдах ганц газар нь ингээд шатчихав.

Энэ бүхнээс үзвэл Циркийн сургууль гагц циркээр овоглодог хүмүүст хамаатай асуудал биш байх нь. Гэхдээ бүх юм дуусчхаагүй байна. Хуучин цирк бүхэлдээ үнс болтлоо шатчихаагүй байгаа нөхцөлд найдвар бий. Уг нь хоёр жилийн өмнө ССАЖЯ-наас Циркийн сургуулийн барилгыг суллаж өгөхийг шаардсан мэдэгдэл холбогдох хүмүүст нь хүргүүлжээ. Харин тэд уран бүтээлчдийг гаргаж, циркийг зассан хойноо Дашчойлин хийдэд өгөх гэж байна хэмээн хардан, байрнаасаа гараагүй юм. “Циркийн урлагийг дэмжихгүй, устгах гэж байгаа бол бид энэ барилгадаа дарагдаад үхсэн ч яах вэ” хэмээн Г.Доржнамжил сэтгүүлчдэд мэдэгдсэн нь ч бий. 100 гаруй жилийн настай барилга нэгэнт элэгдэж муудсан тул орон зай, хүч шаардагдах циркийн хүнд бэлтгэлүүдэд угаас тохирохгүй.

Зассан ч барилга нь жижиг хэвээр л байна. Тиймээс Циркийн сургууль, бэлтгэлийн танхимд зориулалтын байр босгож, харин хуучин барилгыг засаж додомдон музей болгох нь зөв хувилбар ч юм билүү. Тэгээд ч хаяа залган орших Дашчойлин хийд Эх дагины босгосон дуган хүрээний нэг хэсэг байсан учраас хамтад нь цогцолбор болгох боломж ч бий. Үе, үеийн түүхийг агуулж, үнэтэй дурсамж шингээсэн энэ барилга Улаанбаатарын бахархал, нэг бэлгэ тэмдэг байж яагаад болохгүй гэж. Гэвч энэ бүхэнд өнөөх л танил хэрүүл маргаан, наймаа хэлэлцээр, аминч үзлүүд саад тотгор. Харин тэнд гарсан гал барилгыг дахин анхаарлын төвд авчирлаа. Сүйрэл заримдаа шинэ бөгөөд зөв эхлэл болдог.

Б.Эгшиглэн

Засгийн газрын мэдээ


URL:

Сэтгэгдэл бичих