Д.Баатаржав: 2016 оны олимпын дараа зодог тайлна

Монгол түмэн 1964 оны Токиогийн олимпийн их наадамд оролцож эхэлсэн цагаас хойш 44 жилийн дараа буюу 2008 оны Бээжингийн олимпийн наадамд анхны аваргаа өлгийдөн авч байлаа. Тодруулбал наймдугаар сарын 14-ний өдөр Ннгийн Түвшинбаяр анхны олимпийн аварга болсон юм. Энэ өдрөөс хэсэгхэн хугацааны дараа боксын 54 кг-д тулалдсан Э.Бадар-Ууган олимпийн алтан медалийг ихэрлүүлж чадсан. Эдгээр тамирчдын амжилт зогссонгүй яг сарын дараа Паралимпийн байт харваан төрөлд өрсөлдсөн Дамбадондогийн Баатаржав мөн л олимпийн аварга болж чадсан юм. Монгол түмний бахархал болсон, паралимпийн аварга, Монгол Улсын хөдөлмөрийн баатар, гавьяат тамирчин Д.Баатаржавтай ярилцлаа.

1m88q16r4d14auph4vaoro6ur2

-Паралимпийн анхны олимпийн аваргатай уулзаж байгаадаа баяртай байна. Спортод хөл тавьж тамирчин болох гараагаа эхэлж байсан тэр үеэс тань яриагаа эхлэе?

 

-Би Дорнод аймгийн Баян-Уул сумын Эрээн хороонд төрсөн. Аавын минь төрсөн нутаг Дашбалбар сум. Ээж минь Хэнтий аймгийн Дадал сумын уугуул. Монгол Улсын зүүн хойд хязгаар бол миний нутаг юм. Миний аав Монгол Улсын начин, анчин хүн. Би ах, дүү хоёртойгоо нийлээд боксын спортод Ардын багш, гавьяат дасгалжуулагч Банди багшийн удирдлага дор хичээллэх болсон. 10-аад жил боксын спортоор тоглож явсан хүн. Харин байт харваан спортод 1988 онд хөл тавьж байлаа.

 

-Яагаад боксоор хичээллэж байгаад, байт харваан спортыг сонгох болов?

 

-Тухайн онд Японд Азийн наадмын тоглолт болох гээд манай улсад урилга ирсэн байсан. Тэр тэмцээнд тамирчид шалгаруулж авна гээд шалгаруулалтад орсон. Миний хувьд спортоор хичээллэж байсан болохоор бүх төрөлдөө л гайгүй байсан. Гүйх, харайх, жад шидэх, харвах гээд олон төрлөөр шалгаруулж авсан. Том байн дээр харваж үзээд өнгө өнгийн сумаа очиж авах мөч сайхан санагдсан. Ингэж урваж байтад татагдсан хүн.

 

-2000 оны Сиднейн олимп. Паралимпийн төрөлд анх удаа өрсөлдсөн явдлаа дурсамжаа хуваалцаач?

 

-Тийм ээ. Тэр үед парагаар хичээллэдэг хүн цөөхөн байлаа. Хөнгөн атлетикийн марафонд гүйдэг Жамбалын Лхагважав гэж хараа муутай залуу байсан. Тэрийгээ хөтлөөд Эрдэнэт рүү нэгдсэн олимпийн цугларалтад гарна. Тухайн үед ардын багш, Дамдиншарав, Насантогтох гээд спортын шилдэг төлөөлөлүүдтэй бэлтгэл хийсэн. Тийм сайхан хүмүүсийн энерги байдаг юм уу. Олимпийн наадамдаа маш сайн орсон.

 

-Олимпийн эрх гэж авдаг байв уу?

 

-Дэлхийд чансаагаар нэгээс тавдугаар байрт нэг хэсэг явсан. Тэр чансаагаар л оролцож явсан. Харин Афины олимпийн наадамд дэлхийн шилдгүүд өрсөлдөх уриатай болж тив, дэлхийн томоохон тэмцээнд амжилт үзүүлж эрх хүртсэн тамирчдыг оролцуулж эхэлсэн. 2002 оны Азийн наадамд түрүүлсэн. Энэ амжилтаа улам дээш нь ахиулсаар 2004 оны олимпод оролцсон юм.

 

-2008 оны Бээжингийн олимп. Тэр дундаа есдүгээр сарын 14-ний тэр өдөр. Монголчуудын сэтгэл зүрхнээс одоо хэр нь гараагүй тод томруунаар үлдсэн шүү дээ.

 

-Тиймээ. Афины олимпод сэтгэл дотроо “Бээжингийн олимпоор ямар ч байсан даагаа нэхнэ” гэсэн бодол тээж очсон. 2002 оны Азийн наадамд миний харавсан сум болгон 10 онож бяр орж эхэлсэн. 2008 оны олимпийн наадамд ч бэлтгэл минь яг тэгж жигдэрсэн байсан. Их олимпийн тамирчид явсан үед би Нүхтэд бэлтгэлд гарсан. Наймдугаар сарын 14-нд олимпийн анхны медалийг Н.Түвшинбаяр хүртлээ. Дараа нь Э.Бадар-Ууган ч алт авлаа. Тэгэхэд нь би хүмүүст“Би хөдөлмөрийн баатар болно” гэлээ. Алт авбал хөдөлмөрийн баатар, авахгүй бол хөгийн баагий, бүр медальгүй бол хөлгүй Баатараа л болно биз дээ /инээв/.

 

-Алтын төлөөх харваанд сэтгэл зүй хэр нөлөөлсөн бэ?

 

-Маш тайван байсан. Францын тамирчинтай харваж санасандаа хүртэл харваж чадсан. Ингэж л жинхэнэ Монгол Улсын хөдөлмөрийн баатар цол хүртсэн юм. Тухайн үеийн олимпийн наадам монголчуудын эв нэгдлийн баяр байсан. Ер нь дөрвийн тоо надад ээлтэй санагддаг.Олимпийн аваргууд төрсөн он цаг хугацааг бодсон ч тэр. Н.Түвшинбаяр аварга наймдугаар сарын 14, Э.Бадар-Ууган 24, би есөн сарын 14-нд медаль хүртсэн. Гурван алтан медаль дөрвийн тоонд таарч байгаа юм.

 

-Нээрээ сонин тохиолдол шүү. Та гурвын төрсөн өдөр бас дараалласан байдаг?

 

-Тийм ээ. Н.Түвшинбаяр аварга зургаадугаар сарын 1, би 2, Бадар-Ууган 3-ны өдөр төрсөн байдаг юм. Сонин тохиолдол. Анхны олимпийн гурван аваргын уялдаа холбоо их айхтар байгаа биз. /инээв/

 

-Тун удахгүй Германд байт харвааны ДАШТ болох гэж байна. Хэдэн хүний бүхэлдэхүүнтэй оролцохоор бэлтгэлээ хангаад байна вэ?

 

-Нэг дасгалжуулагч, гурван тамирчин ДАШТ-д оролцох гэж байна. Нийт дөрвөн хүний бүхэлдэхүүнтэй байгаа.

 

-Таны хувьд дасгалжуулагчаар оролцох гэж байна уу?
-Үгүй ээ. Энэ удаад тамирчнаар оролцоно. Олимпын эрхээ авчих юм бол, ирэх 2016 оны Рио-гын олимпын дараа зодог тайлах бодолтой байна.

 

-Тамирчид маань олимпын эрхийн тэмцээний бэлтгэх хэр хангагдаж байна. Бэлтгэл хийх боломжоор Төрөөс хэр зэрэг харж үздэг вэ?

-Төрөөс шигшээ багийн тамирчдын бололцоог сайн хангаж өгдөг. Харин Сангын яамнаас өгсөн төсөвлөлтийг цаг тухайд нь өгч чадахгүй, хойшлох тохиолдол бий. Үүнээс болж зарим тэмцээнийг алгасах тохиолдол мэр сэр гардаг. Бусдаараа бол тун дажгүй.


URL:

Сэтгэгдэл бичих