О.Батсүх: Саваа авахуулсан хүн ч хүүхэдтэй болох боломжтой

Манай улсад эхийн биеэс гадуур үр тогтоох ажлыг хийж эхлээд даруй хоёр жил өнгөрчээ. Дэлхий дахинд энэ аргыг олон жилийн өмнө практикт нэвтрүүлсэн бөгөөд хуруу шилний анхны хүүхэд 1978 онд мэндэлсэн түүхтэй. Энэ ажлыг манай улсын хэмжээнд зөвхөн “Ануухай” эмнэлэгт хийдэг бөгөөд энэ талаар тус эмнэлгийн эх барих эмэгтэйчүүдийн эмч О.Батсүхтэй ярилцлаа. Тэрбээр 30 гаруй жил эмэгтэйчүүдийн эмчээр ажилласнаас гадна дурангийн хагалгааг анх Монголд нэвтрүүлсэн юм.

-Хуруу шилний үр тогтоох болсон нь үргүйдэлтэй холбоотой. Үргүйдэл юунаас болж үүсдэг вэ?

-Дэлхий дахинд үргүйдэлтэй хүмүүсийн тоо жилээс жилд өсч байгаа. Манай улсад ч ийм хандлага ажиглагдаж байна. 2000 оны судалгаагаар манай улсын нийт гэр бүлийн 12 хувьд үргүйдэл байна гэсэн үзүүлэлт гарсан. Энэ нь хүмүүсийн эрүүл мэнд, амьдралын хэв маяг, эдийн засгийн хөгжилтэй холбоотой. Дээхнэ үед хүмүүс 18 настай байхдаа гэрлээд 25-тайдаа хэдийнэ аав, ээж болчихдог байсан. Гэтэл өнөөдөр 30 гарсан хойноо гэрлэж байна. үүнээс шалтгаалж эмэгтэйчүүд хүүхэд төрүүлэх боломжоо алдаад байгаа юм. Жишээлбэл, 30-аас доош насандаа ээж болсон хүн нас ахиад ирэхээрээ хүүхэд төрүүлэх боломжгүй болдог. Ийм тохиолдол нийт эмэгтэйчүүдийн 15 хувийг эзэлдэг. Энэ нь үргүйдэл үүсэх нэг хэлбэр. Тэгэхээр үргүйдлийг зөвхөн үрэвслээс шалтгаалдаг гэж ойлгож болохгүй. үрийн хоолой битүүрэх, савны гадуурхи жирэмслэлт, өндгөвчний ажиллагаа доголдох зэрэг олон хүчин зүйлээс хамаардаг. Өмнө нь умайн төрлийн ямар нэгэн хагалгаа хийлгэсэн тохиолдолд хүүхэдтэй болох боломжгүй гэсэн ойлголт түгээмэл байсан. Харин одоо өөрөө төрүүлэх бололцоогүй байсан ч хүүхэдтэй болох боломжтой болж. Энэ нь шинжлэх ухаанд үргүйдлийг эмчлэх хамгийн дээд хэлбэр.

-Энэ талаар зөвлөгөө авах хүсэлтэй хүмүүс танай эмнэлгээс өөр хаана хандаж болох вэ?

-Одоогоор хуруу шилний хүүхэд тогтоох ажлыг “Ануухай” эмнэлэгт л хийж байгаа. Өөр аль ч эмнэлэгт энэ ажиллагааг бие даасан төвшинд хийх боломж бүрдээгүй. Учир нь тэдэнд үр хөврөлийн лаборатори буюу эмбриологийн лаборатори байхгүй. үр тогтоох нарийн ажлыг гүйцэтгэхэд мэргэжлийн боловсон хүчин, техник технологио сайн эзэмшсэн эмч нар хэрэгтэй. Манай эмнэлгийн эмч, эмбриологичид Сөүлийн их сургуульд мэргэжил дээшлүүлж АНУ, Солонгосоос тусгай лаборатори оруулж ирсэн. Бид үйл ажиллагаагаа 2009 оны есдүгээр сард эхэлсэн.

-Хуруу шилний аргаар манай улсад хэчнээн хүүхэд мэндлээд байна вэ?

-Одоогоор 12 хүүхдийг хуруу шилний аргаар төрүүлээд байна. Сүүлийн хүүхэд өнгөрсөн сарын 27-нд төрсөн. Харин хамгийн түрүүнд мэндэлсэн хүүхэд одоо ой гаруйтай. Энэ бол бидний амжилт. Нэг ч атугай гэр бүлд аз жаргал бэлэглэсэндээ бид баяртай байдаг.

-Ямар хүн хуруу шилний хүүхэд тогтоох арга хэрэглэж болдоггүй вэ?

-Хуруу шилний хүүхэдтэй ч болж чаддаггүй хүмүүс бий. Эр, эм бэлгийн эс нь ялгарахгүйн улмаас ийм тохиолдол гардаг. Ингэхээр донорын тухай ярих хэрэгтэй болно. Ер нь саваа авахуулсан хүн ч хуруу шилний аргаар хүүхэдтэй болж болно. Яагаад гэвэл тэр хүнд өндгөн эс ялгарч байгаа. Ганцхан донорын асуудал л байгаа юм. Одоохондоо энэ талаар хориглосон хууль тогтоомж гараагүй.

-Генээр тухайн хүний сайн, муу зан чанар удамшдаг гэдэг. Донороос эс авах нь сөрөг нөлөөтэй юу?

-Эс биологийн чанараараа ямар байна, тэр янзаараа л хүүхдэд дамжина. Түүнээс сайн, мууг нь авна гэсэн ойлголт байхгүй. Тийм учраас бид донороос шинжилгээ авч өвчтэй эсэхийг нь шалгадаг.

-Хуруу шилний үр тогтоолтоор ихэр хүүхэд төрөх магадлал өндөр гэж сонссон. Энэ үнэн үү?

-Бид хуруу шилний хүүхэд хийхдээ нэг өндгөн эс хийдэггүй. Харин боломжийг өндөрсгөхийн тулд 2-3 эс хийдэг. Ийм учраас ихэрлэх магадлал өндөр. Гэхдээ гурван ихэр төрөх нь ховор. Бие сайтай хүмүүс хоёр ихэр хүүхэд төрүүлэх боломжтой. Одоогоор мэндэлсэн 12 хүүхдийн дөрөв нь ихэр.

-Үр тогтоох аргаар хүүхэдтэй болоход ямар үнэ ханштай вэ?

-6.2-8 сая төгрөгөөр хуруу шилний үр тогтоох хагалгаа хийдэг. 30-аас дээш насныхан ихэвчлэн ханддаг. Учир нь энэ үед санхүүгийн байдал тогтсон байдаг. үүнийг манай эрүүл мэндийн даатгалын тусламжтай зохицуулаад өгөх юм бол өмнө нь эмчилгээнд хамрагдаж өөрөөрөө төрөх боломжтой болно. Даатгалын мөнгийг зориулах ёстой хүнд нь зарцуулах хэрэгтэй байна.

-Манай улсад эсийн банк байхгүй. Энэ чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг ганц эмнэлгийн хувьд Та бүхэн энэ талаар ямар бодолтой явдаг вэ?

-Олон улсад эсийн банк бий. Манай улсад саяхнаас үр тогтоох арга хэрэглэж эхэлсэн учраас одоохондоо эсийн банкгүй ч хожим байгуулах шаардлагатай гэж боддог. Миний бодлоор онцгой байдлын ажилтан, аврагчид эсийн донортой байх хэрэгтэй. Мөн цэрэгт явах хүмүүсийн эсийг ч гэсэн хадгалах ёстой.

-Хуруу шилний аргаар төрсөн хүүхдийг бурхны бэлэг гэж ойлгох уу, шинжлэх ухааны бүтээл гэж бодох уу?

-Бурхнаас өгсөн хишиг гэж ойлгох хэрэгтэй. Эмч нар зөвхөн нэгдэх бололцоог нь л олгодог. Эрэгтэй, эмэгтэй хүүхэд гарах эсэх нь урьдын адил нууцлагдмал хэвээрээ шүү дээ. Нэг эр бэлгийн эсэн дотор дор хаяж сая бэлгийн эс байдаг. Энэ олон эсийн нэг нь эвсэлд ордог. Тэгэхээр хүн болно гэдэг аз юм. Өөрөөр хэлбэл, хуруу шилний хүүхэд ээж, аавынхаа эрэл хайгуулын дүнд бий болж байгаа.

Б.Сэлэнгэ

Эх сурвалж: “Улаанбааатар таймс”


URL:

Сэтгэгдэл бичих