Хэн нь буруутай вэ

7hkjsfs08mq0dfsh7knd7fohi2Байгуулагдаад хагас жил болж байгаа Шийдлийн Засгийн газарт хамтарсан улс төрийн хүчний зарим нь танхимаас хөөгдөх дээрээ тулаад байна. Улс төрийн хүчнүүдтэй байгуулсан гэрээний хэрэгжилтийг дүгнэхийг АН-ын Гүйцэтгэх зөвлөл УИХ дахь намын бүлэгтээ үүрэгдсэн. Энэ дагуу УИХ дахь АН-ын бүлгийн хуралдаанаар хэлэлцэхэд МАН-тай байгуулсан гэрээний дүгнэлт хангалтгүй гэсэн үнэлгээ авсан байна лээ. Үүнийг УИХ дахь АН-ын бүлгийн дарга Б.Гарамгайбаатарын МАН-ын бүлгийн дарга С.Бямбацогтод явуулсан мэдэгдэлд тодорхой дурдсан байна. Мэдэгдэлд “АН-ын Засгийн газраас өргөн барьж мэдүүлсэн хууль, тогтоолын төсөлд танай бүлэг олон удаа санал тавьж ажилласан хэдий ч тодорхой үр дүнд хүрээгүй. Энэ удаагийн ээлжит чуулган завсарлахад бага хугацаа үлдэж байгаа учир төлөвлөсөн хууль, тогтоолын төслийг УИХ цаг алдалгүй хэлэлцэх нь Монголын ард түмний ашигт нийцнэ. Иймд гэрээний хэрэгжилтэд анхаарч, төлөвлөсөн хууль тогтоолын төслүүдийг хэлэлцэн батлахад саад учруулахгүй, хамтран ажиллахыг мэдэгдэж байна”хэмээн АН-ын бүлгийн дарга уламжилсан байна лээ.

 

Ийн хамтарсан Засгийн газрын гол суурийг бүрдүүлж байгаа МАН-тай байгуулсан гэрээг эрх баригчид хангалтгүй гэсэн дүгнэлт гаргасан. Энэ нь АН дахь зарим нөхдийн “загатнасан газар маажих шиг” баярт мэдээлэл болжээ. УИХ дахь АН-ын бүлгийн дүгнэлтийг Гүйцэтгэх зөвлөл нь хуралдаж хэрхэхээ шийдвэрлэдэг. Гэтэл Гүйцэтгэх зөвлөлийн шийдвэр гаргаагүй, бүлэг нь байр сууриа илэрхийлэхтэй зэрэгцэн намынхаа  удирдлагуудтай тэрсэлддэг АН-ын шинэчлэлийн хөдөлгөөнийнхөн яаран хэвлэлийн хурал зарлаж, “МАН-ыг Засгаас гаргах ёстой” чангаар дуугарч, “хазайсан дээр нь түлхэнэ” гэгч боллоо. Улмаар “Дүр эсгэсэн хамтралаа яаралтай зогсоож, АН ачаагаа үүрээд урагшлах нь зөв!” хэмээн АН-ын Гүйцэтгэх зөвлөлдөө шаардлага хүргүүлээд  байна.

 

Харин УИХ дахь МАН-ын бүлэг эрх баригчдад хандан мэдэгдлийн хариуг нь өгчээ. Тэд гэрээгээ зөрчсөн гэдгийг үгүйсгэж, гэрээний биелэлт хангалтгүй байгаа нь АН-аас өөрсдөөс нь хамааралтай болохыг онцолжээ.

 

УИХ дахь МАН-ын бүлэг хуралдаж, “Харилцан итгэлцэл, хамтын ажиллагааны гэрээ”-ний зүйл заалт бүрээр нь хэлэлцсэн байна. Тус намын бүлэг төлөвлөсөн хууль тогтоолын төслийг хэлэлцэхэд саад учруулах нь бүү хэл, хаврын чуулганаар хэлэлцэхээр төлөвлөсөн хууль, тогтоомжийн төслүүдийн боловсруулалт, хэлэлцүүлгийн шуурхай байдлыг байнга сануулж ажилласан байна. Үүгээр зогсохгүй хамгийн сүүлд ажлын тав хоногийн өмнө УИХ-ын даргад энэ тухай шаардлагыг хүргүүлж байснаар баталгаажуулжээ. Хамтын ажиллагааны гэрээнд тусгагдсан “Эдийн засгийн хүндрэлээс гарах арга хэмжээний хөтөлбөр”-ийг МАН санаачлан боловсруулж, хэрэгжилтийн явц, үр дүнг тооцож ажиллахыг холбогдох албан тушаалтнуудад үүрэг болгосон байна.

 

Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлт оруулах ажлын хэсгийг Н.Батбаяр, Сонгуулийн тухай хуулийн ажлын хэсгийг Р.Бурмаа, Улс төрийн намын тухай хуулийн төсөл боловсруулах ажлын хэсгийг С.Баярцогт нар ахалж байгаа. Хэрвээ гэрээнд тусгагдсан эдгээр хууль, тогтоолын төслийн явц хангалтгүй гэж дүгнэгдсэн бол ажлын хэсэг ахалж байгаа АН-ын бүлгийн гишүүдэд хамааралтай. Тиймээс ч өөрсдийнхөө гишүүдтэй хариуцлага тооц гэсэнтэй агуулгыг албан бичигтээ дурджээ.

 

Эдийн засгийн ил тод байдлын тухай хуулийн төслийг талууд хамтарсан ажлын хэсэг байгуулж боловсруулахаар гэрээндээ тусгасан байж. Гэтэл Засгийн газраас өргөн мэдүүлсэн хуулийн төсөлд тусгагдсан авлига, хээл хахуультай холбоотой хэсгүүдийг хасаад, баялаг бүтээгчдэд эдийн засгийн өршөөл үзүүлэх, шүүх прокурорт хэрэг нь хянагдаж байгаа жирийн иргэд, хуулийн этгээдийг энэ хуульд хамааруулах нь зүйтэй гэсэн МАН-ын бүлгийн шаардлагыг огтхон ч хүлээж аваагүй  аж.

 

Түүнчлэн “Оюутолгой”, Тавантолгой”-н гэрээг ил тод, нээлттэй хэлэлцэхээр гэрээнд туссан байжээ. Харамсалтай нь Оюутолгой”-н гэрээг УИХ-д танилцуулалгүй Дубайд гарын үсэг зурсан нь АН-ыг буруутгах үндэслэл болсон байна. Цаашлаад “Тавантолгой”-н гэрээний төсөл АН-ын дотоод зөрчлөөс болж өнөөг хүртэл УИХ-аар хэлэлцэгдэхгүй гацсаныг онцолжээ. Үүгээр зогсохгүй “Гацууртын ордыг ашиглах төслийг АН-ынхан өөрсдөө унагасан.Тиймээс УИХ-ын дарга энэ талаар “Засгийн газрын хохь нь” гэж чуулганы индрээс хэлсэн нь намын гишүүддээ хандсан, өөрсдийнхөө бурууг хүлээн зөвшөөрсөн хэрэг” хэмээн тодотгосон байх юм.

 

“АН, МАН-ын хооронд байгуулсан “Харилцан итгэлцэл, хамтын ажиллагааны гэрээ” нь Монгол улсын нийтлэг эрх ашиг, Үндсэн хуулийн үзэл баримтлалын хүрээнд үйлчлэх ёстойгоос бус хууль бус үйлдлийг хамтын ажиллагааны гэрээгээр халхавч хийн шийдвэрлэхийг МАН-ын бүлэг дэмжихгүй” гэдгээ мэдэгджээ.

 

Ийнхүү МАН-аас болж “хангалтгүй” дүгнэлт авсан гэрээний талаар хариу мэдэгдлийг АН-д хүргүүлээд байна.Өөрөөр хэлбэл, АН-ын бүлгийн дарга Б.Гарамгайбаатарын хоёр гуравхан өгүүлбэртэй, ерөнхий мэдэгдэлд МАН-ын бүлгийн дарга С.Бямбацогт гэрээн дэх заалтыг 7 үндэслэлээр хариу тайлбар хийсэн хоёр хуудас мэдэгдэлээр хариу илгээжээ.

 

УИХ дахь МАН-ын бүлгийн гаргасан мэдэгдлээс харахад гэрээний биелэлтийг хангалтгүй үнэлгээнд хүргэсэн буруутан нь МАН бус АН-д тохогдох нь. Парламентад олон суудалтай АН-ын дотоод зөрчил Засгийн газрын өргөн барьсан хууль тогтоомжийг хүчгүйдүүлэн унагаж байгааг, гэрээнд тусгагдсан хэлэлцэгдэхээр төлөвлөсөн хуулийн төслүүдийн боловсруулалт хангалтгүй нь ажлын хэсэг ахалж байгаа АН-ын гишүүдэд хамааралтай  МАН онцлон дурдсан  байна.

 

АН-ын дотоод зөрчил, алдаа нь  өрсөлдөгч хүчинд нь дараагийн тоглолтоо хийх боломж олголоо.  Ер нь ах намд “уснаас хуурай гарах” туршлага бий. МАН-ын бүлгийн дээрх мэдэгдлээр АН өөрсдийн гишүүд, сайд нартайгаа хариуцлага тооцох нь ээ. Харин АН алдаагаа оноо болгож чадах уу?

 

УИХ-ын дарга хугацаа сунгаж хуралдаж байгаа хаврын чуулганыг өндөрлүүлээд наадмын дараа залгуулан ээлжит бус чуулган зарлахаар болсон. Ээлжит бус чуулганаар гэрээнд тусгагдсан хуулийн төсөл, Тавантолгойн гэрээ, Гацууртын ордын төслийг ч хэлэлцэн шийдвэрлэж магадгүй гэсэн мессэж явж байна лээ. Ямартай ч парламент дахь улс төрийн хүчнүүд сонгуулийн жил дөхөхийн хэрээр буруугаа бие биенээсээ хайж эхэллээ.

 

Н.Энх

shuud.mn


URL:

Сэтгэгдэл бичих