Бөөр таны биед ямар үүрэг гүйцэтгэдэг вэ?

Хүйтэн, сэрүүний улирал хаяанд ирлээ. Харин та бөөр давсгаа хайрлаж, гамнах тухай бодож байна уу. Хахир хүйтэн өвлийн улирал эд, эрхтнийг чинь “уруу татаж” элдэв өвчин үүсгэх шалтгаан болдог гэдгийг мартаагүй биз дээ.

“Эрүүл амьдрал” булангийн энэ удаагийн зочноор бид Улсын клиникийн төв эмнэлгийн Дотрын эмгэг судлалын их эмч Д.Содгэрэлийг урьсан юм. Тэрээр танд бөөр тань ямархуу “ааш, зан”-тай, түүнийг хэрхэн хайрлаж хамгаалах тухай дараах зөвлөгөөг өгч байна.

ШҮД, АМНЫ ХӨНДИЙН ҮРЭВСЭЛ Ч БӨӨРИЙГ ӨВЧЛҮҮЛНЭ

Бөөр бол шош хэлбэртэй хос эрхтэн юм. Хүний биеийн эрхтнүүдээс хамгийн нарийн бүтэцтэй бөгөөд үйл ажиллагааны хувьд чухал үүрэг гүйцэтгэдэг. Биеийн хэвийн үйл ажиллагааны нөхцлийг хангахад бөөрний үүрэг роль нь маш их. Тийм болохоор амин чухал эрхтнүүдийн нэг гэж хэлж болно. Тиймээс та эрүүл мэнддээ анхаарал хандуулж, бөөрөө хайрлаж, хамгаалах нь хамгийн чухал юм.

Аливаа өвчнийг бүрэн төгс эмчлэхийн тулд мэргэжлийн эмчийн зөвлөгөө авч эмчилгээгээ дутуу орхилгүй, бүрэн хийлгэх нь зүйтэй. Энэ нь ямар ч өвчнөөс урьдчилан сэргийлэх бас нэг арга болдог. Таны биед ямар нэг үрэвслийн голомт байгаа бол бөөр түүнээс чинь болж өвчилдөг гэдгийг үргэлж санах хэрэгтэй. Шүд, амны хөндий, хамар, залгиур хоолойны үрэвсэл, бэлэг эрхтэн, хувийн ариун цэврийг сайн сахиж өтгөн,хаталт болон эмэгтэйчүүдийн үрэвсэлт өвчин, хатиг, буглаа, экзем болон бусад үрэвсэл биед байснаас дархлаа суларч өвчлөлийн эх суурийг тавьдаг.

Тиймээс та аль ч улиралд цаг агаарын нөхцөл байдалдаа тохируулан хувцаслах, ажлын байрны нөхцөл, амьдралын хэв маягийг зөв баримтлах нь чухал юм.

ЭМЧИЛГЭЭГЭЭ ДУТУУ ХИЙЛГЭВЭЛ БӨӨРНИЙ ӨВЧИН АРХАГШДАГ

Бөөрний өвчлөл нь бактерийн болон бактерийн бус үрэвслээс үүсдэг. Тиймээс нэг удаа эмчлүүлээд дараагийн шатны эмчилгээг эмчийн дурьдсан хугацаанд заавал хийлгэх шаардлагатай. Эмчилгээг богино хугацаанд хийлгэж, тасалдуулснаас болж өвчин архагшдаг тул бүрэн төгс эмчилгээг заавал хийлгэх шаардлагатай юм.

Мөн хатуулаг ихтэй ус хэрэглэх, их давс хэрэглэх нь бөөрний өвчинд нөлөөлдөг. Хатуулаг ихтэй ус бөөрний чулуужилтанд нөлөөлдөг. Та жимсний шүүс, цай зэргийг бүлээнээр нь аль болох ахиухан уух хэрэгтэй. Шингэн их ууснаар шээсийг шингэрүүлж, давсагны үрэвссэн хананд шээсний үзүүлэх үйлчилгээг багасгаж, мөн хорт бодисуудыг угааж гаргах үйлчилгээ үзүүлдэг.

Архи, спиртийн төрлийн бүтээгдэхүүн, хурц хоол амтлагч, утаж даршилсан зүйлсээс давсагны хананыг цочроох нөлөө үзүүлдэг тул та эдгээр зүйлээс татгалзаарай.

ХӨДӨЛГӨӨНИЙ ХОМСДОЛ Ч БӨӨРӨНД МУУГААР НӨЛӨӨЛНӨ

Өдөрт авах ёстой энергийн онцлог, улирлын хэмнэлээс хамаарч заавал авах ёстой калорыг хүн хоол хүнсээр дамжуулан авах ёстой байдаг. Манайд ихэнхдээ хоолны чанарын дутагдлаас өвчин үүсэх магадлал өндөр байдаг. Витамин нь бие махбодийн тэсвэрт байдлыг тогтворжуулж, бие махбодид явагдах бичил эргэлтийг зохицуулахад оролцдог.

Витамин А, Е, С, В бүлгийн витаминууд болон төмөр, цинк, магни, марганец, иод агуулсан бэлдмэл болон хоолны нэмэгдэл бүтээгдэхүүнүүдийг хүйтэн сэрүүний улиралд хэрэглэх нь хамгийн үр дүнтэй, урьдчилан сэргийлэх арга болдог.

Гэхдээ дээрх бэлдмэлийг та нэг сараас илүүгүй хэрэглэнэ. Хөдөлгөөний хомсдол уг өвчнийг үүсгэх бас нэгэн суурь үндэс болдгийг анхаарч тогтмол дасгал хөдөлгөөн хийх нь чухал.

Б.Туул


URL:

Сэтгэгдэл бичих