Прокурор, шүүх хараат бусаа харуулна

89fdce3478f81ae4originalЕрөнхий сайдын ахлах зөвлөх асан Л.Гансүх нарын дөрвөн хүнд холбогдох хэргийг АТГ мөрдөн байцааж дуусаад Нийслэлийн прокурорт шилжүүлжээ. АТГ-ын мөрдөн шалгах хэлтэс Л.Гансүх нарыг гурван тэрбум гаруй төгрөгийн хохирол учруулсан гэж үзэж буй юм. Энэ хэрэг хэвлэл мэдээллээр жил гаруй дуулиантсан тул Л.Гансүх нар ямар хэрэгт сэрдэгдсэн, түүнийг нь АТГ барин тавин нотлож чадаагүйг иргэд бараг цээжилсэн гэхэд хэтрэхгүй. Тэднийг таван зүйлээр буруутгасан. Ерөөсөө эрх баригчид маань хүнийг хилсдүүлж, улстөрийн зорилгоор замаасаа зайлуулахдаа гаргууд гэдгийг өнөөдөр хэн ч сайтар мэддэг болсон.

 

Эдүгээ АТГ, УЕП хоёрын алинд мөрдөн шалгах алба харъяалагдах нь зохимжтой вэ гэж маргаж буй энэ эгзэгтэй үед Л.Гансүх нарын хэргийг прокурор, шүүх нийгэмд ямар ч эргэлзээ сэжиг үлээхгүйгээр цэвэрхэн, итгэл үнэмшилтэй шийдэх нь маш чухал болоод байна. Ямар шийдвэр гарах нь жилээс жилд, өдрөөс өдөрт хүчжиж буй гэгээрсэн массын хүлээлт болоод буй. Энэ хэргийг хэрхэн зөв шударга шийдвэрлэхээс өдгөө нэр хүнд нь сайнгүй болсон хуулийн байгууллагын нүүр царай харагдах ёстой гэцгээж байна.

Л.Гансүхийг Засгийн газраас ямар ч шийдвэр гараагүй байхад албан тушаалаа ашиглан нүүрс жижиглэнгээр худалдах ажлыг зохион байгуулсан гэж буруутгадаг. Гэтэл Засгийн газраас нүүрсний үнийг хямдруулан барих шийдвэр гаргаж, үүний дагуу “Нүүрс” хөтөлбөрийг хэрэгжүүлэхээр болсон. Ерөнхий сайд энэ асуудлаар Эрчим хүчний сайдад үүрэг өгсний дагуу IХ сарын 26-ны өдөр “Ажлын хэсэг томилох тухай” 13 тоот тушаал гарчээ. Энэ ажлын хэсэгт Эрчим хүчний яамны төлөөлөл, Багануурын уурхайн удирдлагууд болон “Багануур Илч” компаний удирдлагууд багтсан байдаг.

 

Багануур ХК нэг тонн нүүрснийхээ үнийг 39 мянган төгрөгөөр тогтоосон байхад 27500 төгрөгөөр тооцож аваад жижиглэнгээр борлуулахдаа 80 мянган төгрөгөөр худалдаж, үнийн зөрүүнээс их хэмжээний мөнгө Л.Гансүхийг завшсан гэж ялалдаг. Шигшсэн нүүрс 39 мянга, шигшээгүй нь 27500 мянга гэдгийг зориуд ялгаж тооцолгүй үнийн дээрх зөрүүнээс 2 тэрбум гаруй төгрөг завшсан гэж мушигсан нь баримтаар нотлогдоогүй.

 

Багануур ХК-аас ачуулсан нүүрс, борлуулсан нүүрсний хоорондох хэмжээний зөрүүгээс мөнгө завшсан гэж түүнийг буруутгадаг. Нүүрсний хэмжээг тооцохдоо шуудайлж, жинлэсний дараах цэвэр жингээр тооцно гэж гэрээн дээр заасан байна. Мөн үүн дээр вагоны жингийн стандарт алдагдал гэж байдаг бөгөөд үүнийг тооцох тогтсон аргачлалтай аж. Тийм стандарт алдагдал болон шигшүүрээс ялгарсан чулуу, үйрмэгийн хэмжээг хасаад цэвэр шуудайлсан нүүрсний жингээр эцсийн тооцоог хийдэг байжээ. Үлдсэн нунтаг нүүрсийг Багануурын уурхайн охин компани болох “Багануур илч” компани 20500 төгрөгөөр худалдан авч, уурын зууханд зардаг байв. Гэтэл аудитор Ш.Ичинхорлоо гэрээнд тодорхой заасан хэмжих зарчим, стандарт алдагдал, “Багануур илч” ХХК-ийн зарсан нунтаг нүүрс

 

зэргийг тооцохгүйгээр эхний болон эцсийн жин хэмжээний хооронд гарсан зөрүүгээр тэрбум гаруй төгрөгөөр Багануур ХК-ийг хохироосон гэх дүгнэлт хийсэн байна. Энэ нь Л.Гансүхэд огт хамааралгүй бөгөөд компаниудын хооронд байгуулсан ãýðýýíèé асуудал юм.

 

Л.Гансүх нар Багануур ХК-иас шатахууны зардал нэрээр их хэмжээний мөнгө луйвардсан гэдэг. MGLSB компани “Багануур” ХК-иас экскаватор, бусад техникийн түлшийг үйл ажиллагаандаа хэрэглэн хоорондын тооцоогоор төлөөд явж байсныг 399,3 сая төгрөгийн хохирол учруулсан мэтээр дүгнэсэн байна. Гэтэл энэ төлбөр хийгдсэн нь санхүүгийн баримтаар бүрэн тогтоогдсон байдаг.

 

Л.Гансүхийн төрсөн охин MGLSB компанийг байгуулсан нь тогтоогдсон гэдэг. MGLSB компани 2009 онд М.Сүхбаатар гэх ганц эзэмшигчтэйгээр байгуулагдсаныг Улсын бүртгэлийн газраас гаргаж өгсөн лавлагаанд тодорхой баталгаажуулжээ. Л.Гансүхийн охин Г.Цэрэнжагдан тус компанийг байгуулах үед болон хожим ч эзэмшигчээр нэмэгдэж ороогүй нь тогтоогдсон байна. Түүгээр ч барахгүй 2012-2014 онуудад Монголд байгаагүй ажээ.

 

Нийгэм ийм л мэдээлэлтэй, ийм л ойлголттой байгаа. Прокурор, шүүхийн мэргэн ухаан хэрхэн шийдэхийг харах агшин айсуй. Ач холбогдол нь Л.Гансүх нарт байгаа юм биш. Монголын хуулийн байгуулага шударга шүүж, жинхэнэ үнэн мөнийг тунгааж сурахад хамаг үнэ цэнэ нь оршном. Буруутай аваас бурууг нь хүндрүүлэлгүй, зөв аваас зөвийг нь дөвийлгөлгүй шүүхийг олон нийт хүсэж байна. Иймэрхүү “захиалгын” гэх хэргүүд шийдэгдэхгүй дэндүү уддагаас төр засгаа дээдлэх нь байтугай тоох нэг ч иргэнгүй болох ойрхон байна шүү.

 

 

А.Гал

Үнэн.мн


URL:

Сэтгэгдэл бичих