“Сарангэрэлийн сайн ах” нь ажилтнаа тэтгэдэг “Сайн сайд” байжээ

b3324553042c600d029d4f6ddb46b37bШинэчлэлийн Засгийн газарт Хууль зүйн сайдаар Х.Тэмүүжин томилогдсон цагаас эхлэн шударга, үнэний “нар” гийж, тус яамны нэр дээр хаа хамаагүй “томчууд”-ын хүүхдүүд сурч боловсорсон байх жишээний “нууц гэм зэм”-үүдийг ухаж төнхөж эхлэх нь гэсэн мессеж өгсөн юм. Үнэхээр ч ХЗДХЯ-ны нэрээр гадаадын их, дээд сургуулиудад төгсөгчдийн жагсаалт, ялангуяа хэний хэн байхыг анзаарч арай дэндүү авирлаж байжээ гэлцэж байв.

Гэтэл Х.Тэмүүжин өөрөө тус салбарын сайдаар ажиллаад жил гаруйнхны дараа жинхэнэ шидийн хүчийг олж “Яагаад би энэ яамыг толгойлж байхдаа өөртөө ашигтай үйлдэл хийж болохгүй гэж” хэмээн сэтгэж эхэлсэн бололтой. Ингэхдээ хуульчийн хувьд өөрийн амьдралдаа гэнэт RESTART хийж болохгүйг тэр мэднэ. Тиймээс Хууль зүйн яамны “өөртөө хамгийн их хэрэгтэй” хүмүүсийн эрх чөлөөг гартаа атгахыг хүсэв. Тэр “Эрх чөлөөг нь атгая гэвэл эдийн засгийг нь атга” гэж хэлэх дуртай. Ингээд холбогдох хуулиудыг “судалж”, Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1.5 дахь заалт, Хууль зүйн яамны албан хаагчдын ажиллах нөхцөл, нийгмийн баталгааг хангах хөтөлбөрийн 4.4.1 дэх заалт, Хууль зүйн яамны Хөдөлмөрийн дотоод журмын 3.1.8дахь заалтыг тус тус үндэслэн тус яамны харьяа ШШГЕГ-аас Нийслэлийн Баянзүрх дүүргийн 25 дугаар хорооны нутаг дэвсгэрт баригдсан 180 айлын орон сууцыг яг бялуу шиг зүсэж гарчээ.

Энэ “бялуу”-г хүртсэн хүмүүст бусдаас ялгагдах ямар боломж байсан бэ гэвэл 1метр квадратыг нь 900 мянган төгрөгөөр бус түүний 30 хувийг л төлж орон сууцаа авах асар том боломжийг хүртсэн байдаг. Жишээ нь 45 сая төгрөгийн байрыг 15 сая орчим төгрөгөөр авсан хүн баяр хөөртэй, бас өртэй хоцорч таарна биз. Гэхдээ сайддаа. Сайд мундагдаж, тушаал гаргаж, төсөвт өртгөөс хавьгүй хямд байр өгсөн болохоор сэтгэлзүй, ажил үүргийн хувьд хараат болохгүй гэж үү. Ингэж хардах эрх чөлөө сэтгүүлчид байгаа гэж найдъя.

Дараагийн тушаал нь 2014 оны 8 дугаар сарын 13-ны Б/50 тоот бөгөөд ШШГЕГ-ын даргаар С.Баяндалайг томилогдон очоод байх үед мөн л нэр бүхий албан хаагчдын нэр, оршин суух байрных нь байршил, квадрат метрыг нарийн тусган мөн л метр квадрат талбайг 900 мянган төгрөгийн 30 хувиар бодож олго гэсэн байдаг. Өөрөөр хэлбэл зөвхөн Хууль зүйн яамны ажилтнууд, тэр тусмаа Х.Тэмүүжин сайдын тушаалд заасан, хавсралтад нэр нь багтсан бол метр квадратыг нь 300 мянган төгрөгөөр бодож, түүнийгээ тушаасан нь байраа аваад байж. Тушаагаагүй нь аваагүй бөгөөд гэрээ байгуулаагүй юм билээ.

Орон сууц хуваарилахтай холбоотой хоёр тушаал Х.Тэмүүжин сайдын үед гарсан байдаг юм. Эхнийх нь 2013 оны 12 дугаар сарын 5-ны Б/37тушаалд “Эдгээр орон сууцыг хавсралтад дурдсан албан хаагчдын өмчлөлд шилжүүлэх арга хэмжээг хууль тогтоомжийн дагуу зохион байгуулахыг тухайн үеийн ШШГЕГ-ын дарга, хурандаа Д.Ядамдоржид даалгажээ. Мөн дээрх орон сууцны квадрат метр болон орц, давхрыг заасан таван байрыг тус яамны албан хаагчдад албаны зориулалтаар ашиглуулахаар тушаасан байв.

Энэ бүхний дэргэдүүр “шударга үнэний эрэлчид” дуугүй л хараад суусан уу гэвэл үгүй л дээ. Яамны дотор ажилтнуудын эв нэгдэл, “тэрний, энэний” хүн гэх хов жив энүүхэнд болж байсан. Мөн хуулийн фирм, уул уурхай гээд олон чиглэлээр хувийн бизнесээ өргөжүүлж яваа О.Алтангэрэлд орон сууц онцгой хямдралтайгаар өгсөн нь бэлэглэснээс ялгаагүй. Үүний оронд тус салбарт насаараа зүтгэж яваа жирийн цагдаад өгсөн бол хэн ч барьцахгүй байхсан гэхчлэн маргаан тасрахаа больсон гэнэ. Мөн албан шугамаар гэвэл энэ оны 1 дүгээр сарын 7-нд ШШГЕГ-ын дарга, бригадын генерал Б.Билэгт 01/59 тоот албан бичгээр Хууль зүйн сайд Д.Дорлигжавт хандан уг асуудлыг тавьсан байдаг. Энэ бол “Шийдлийн Засгийн газрын” эхний өдрүүдэд өрнөсөн явдал. Б.Билэгт ШШГЕГ-ын даргын хувьд тус байгууллагынхны хүч хөдөлмөр, төсвийн хөрөнгөөр барьсан орон сууцыг арай л гоомой аргаар “тараажээ” гэдгийг мэдэгдээд “Дээрх орон сууцны хуваарийг цуцлуулах асуудлыг шийдвэрлэж өгнө үү” хэмээн хүсчээ.

 

Үнэхээр ч ШШГЕГ-ын албан хаагчдын орон сууцны асуудлыг шийдвэрлэхэд баримтлах журамд “Тус байгууллагад 8-аас дээш жил үр бүтээлтэй, тогтвор суурьшилтай ажилласан байх, хувийн орон сууцгүй байх, эхнэр буюу нөхөр нь төрөөс болон байгууллагаасаа орон сууц авч байгаагүй байх гэхчлэн шалгуур заасан аж. Гэтэл Хууль зүйн сайдын 2012 оны наймдугаар сарын 9-ний А/147 тушаалаар ШШГЕГ-аас БЗД-ийн 25 дугаар хорооны нутаг дэвсгэр дээр барьж байгаа 180 айлын сууцаас тус яамны нэр бүхий 16 албан хаагчид 2-3 өрөө байрыг бусдаасаа гурав дахин хөнгөлөлттэй үнээр олгох болж. Үүнээс хойш Х.Тэмүүжин сайдын нийт гурван тушаалаар 7 хүнд, ШШГЕГ-ын даргын тушаалаар 2 хүнд, үүний нэг нь нэгэн сэтгүүлч байх жишээтэй. Мөн ямар нэг шийдвэргүйгээр нэг хүнд, ХЗЯ-ны ажилтан гэдгээр нийт 30 хүнд хөнгөлөлттэй үнээр байр өгсний дотор “тус салбарт найман жил үр бүтээлтэй, тогтвор суурьшилтай ажилласан байх, хувийн орон сууцгүй байх” гэдэг заалтууд бол тас зөрчигдсөн байдаг.

Хэрэв Хууль зүйн сайд Д.Дорлигжав өмнөх сайдын шийдвэрийг цуцалж орон сууц олгох журмын шаардлагыг хангаж байгаа эсэхийг анхааралдаа авах, шалгуур хангаагүй бол орон сууцны хуваарийг хавсаргасан тэдгээр тушаалыг цуцлахгүй бол тогтоосон хууль тогтоомж, журам зөрчигдөөд зогсохгүй төсвийн хөрөнгөөр барьсан барилгаар сайд асаны тойрон хүрээлэгчдийг тойлж асраад, тал засаад өнгөрч байгаа асуудал бүх баримттайгаа түүхийн архивт үлдэх болж байна. Энэ бол төсвийн хөрөнгийг зарцуулахад хэрхэн ханддагийн баталгаа төдийгүй нийгмийн асуудлыг нь шийдэх, амьдрах орон байрыг нь маш хямд өгөхийн цаана хэрэгцээтэй хэмээн онилсон хүмүүсээ өөрөөсөө хамааралтай болгох маш чухал механизм. Ийм механизмыг төсвийн хөрөнгөөр бүрдүүлж авчихаад огцорсон ч түүнээс хамааралтай хэвээрээ амьдарна. Зөвхөн тухайн албан хаагч биш түүний гэр бүлийнхэн хүртэл хамааралтай болж “Сарангэрэлийн сайн ах бол ажилтнаа тэтгэдэг Сайн сайд” гэсэн “дурсамжтай” хоцрохгүй гэж үү. Ямартай ч Шийдлийн Засгийн газрын үед хэн ч анхаарч арга хэмжээ аваагүй энэ асуудлыг шалгах ноцтой шалтгаан бий. Учир нь төсвийн хөрөнгөөр барьсан орон сууцыг шалгуур хангаагүй хүмүүст, тэр тусмаа “Тэмүүжингийн хүмүүс” эрс хөнгөлөлттэйгээр эзэмших ёсгүй. Т.Батцогт

 

www.Jirgee.mn


URL:

Сэтгэгдэл бичих