МАН-ын хувь заяа дээсэн дөрөөн дээр дэнжигнэж байна

“Болчимгүй, учир мэдэхгүй, дур зоргоороо авирлагч” хэмээн цоллуулдаг У.Хүрэлсүх МАН-ын дарга болно гэсэн яриа чих дэлсэх нь чимэггүй гэж. Хэрэв зээ түүнийг МАН-ын дарга болчихвол “ах” нам булшлагдах нь гарцаагүй агаад улс төрийн тавцангаас бүрмөсөн арчигдахгүй гэх баталгаа байхгүй.
Өнөөдөр МАН-ын дотоод дахь хагарал хурцдаж, хил хязгаарыг мэдэхээ больжээ. Ууган нэрээ сэргээсэн МАН, бууриа сахиж үлдсэн МАХН-ынхан гэсэн хоёр хэсэгт хуваагдаж байсан бол өдгөө дахин бутарч, Сү.Батболдын фракц, У.Хүрэлсүхийнхэн гэж хоёр болсон дуулдана. Тэдний зөрчилдөөнийг Сонгуулийн тухай хуулиас үүдэлтэй гэх ч эртний маргаан сэдэрсэн явдал гэж үзэх хүн олон байна.
Сонгууль ойртсон энэхүү бачим хугацаанд тус намын дотоодоосоо өтөн, “идээ бээр” нь дахин сад тавих цаг тун удахгүй агаад хувь заяа нь бүрхэг болсон нь сөргөлдөгч хүчнүүдэд таатай мэдээлэл гэдгийг онцлохгүй байх аргагүй.
Ямартай ч УИХ дахь намын бүлгийн дарга нараасаа эхлээд хурган дарга нараа шинэчилсэн нь намын даргаас үл хамаарсан генсек У.Хүрэлсүхийн үйлдэл гэнэ. Тэрээр У.Хүрэлсүх С.Батболдоос өөр хүн шүү гэж сануулсан дохио болсныг эх сурвалж мэдээлжээ.
Намын даргад хаягласан хатуухан үгтэй ил захидлаас үүдэлтэй маргаан мөн л У.Хүрэлсүхийг С.Батболдоос бүр ч их ялгаж өгсөн гэнэ.
Ерөнхий сайд, намын дарга хоёрыг салгах нь зүйтэй гэх асуудлыг ч МАН-ынхан хурцаар тавих болж, түүнийг ажил хэрэг болгохоор МАН-ын хэсэг нөхөд идэвхийлэн зүтгэж буй сурагтай. Тэдний төлөвлөгөө биелвэл Ерөнхий сайдаар С.Батболд үлдэж, намын даргаар У.Хүрэлсүх сонгогдох бололтой. У.Хүрэлсүх намын дарга болвол МАН-ыг улс төрийн давцангаас арчигдах эмгэнэлт хувь тавилан угтаж байгааг учир мэдэх хүмүүс өгүүлж байна.

Д.Туяа


URL:

Tags:

Сэтгэгдэл бичих