Эрдэмтэд хүний бодлыг уншиж сурчээ

Эрдэмтэд тархины идэвхижлийг судалсны дүнд тухайн хүний юу хийх гэж байгааг урьдчилан мэдэж чаддаг болжээ. Ингэснээр эмч, тагнуулын албаныхан, цагдаа нарын өнө эртний мөрөөдөл биелсэн ажээ.

Британийн “The Daily Mail” сонинд бичсэнээр “одоохондоо хүний юу хийх гэж байгааг хэдэн минутын өмнөөс мэдэж болно, алсдаа хүний бодлыг уншдаг шинэ бүтээл нь улам боловсронгуй” болно гэжээ. Жишээлбэл, гэмт хэрэгтнүүд буудалцааны үеэр юу төлөвлөж буйг цагдаа нар мэдэж авах нь тун чухал юм гэж эрдэмтэд тайлбарлажээ.

Мөн “энэ бол хүний тархи яаж ажилладгийг, мөн үйлдлүүдээ хэрхэн төлөвлөдгийг ойлгоход маш том алхам болсон” гэж Баруун Онтариогийн Их сургуулийн шилдэг эрдэмтдийн нэг Жейсон Галливан ярьсан байна. Эрдэмтэд судалгаа хийх явцдаа сайн дураараа туршилтад оролцсон хүмүүсээр ямар нэгэн биетийн дээрээс барих, дороос барих, эсвэл түүнд хүрэх гэсэн энгийн гурван үйлдлийн аль нэгийг нь хийлгэж, энэ үеэр тархины үйл ажиллагааг нь “сканердаж” авчээ.

Тэд тархины янз бүрийн хэсгээс өгч байгаа дохиог судалсны үндсэн дээр туршилтад оролцогсдын хийхээр завдаж байгаа үйлдлийг өндөр нарийвчлалтайгаар урьдчилан тогтоосон байна.

Цэрэг, цагдаагийнхнаас гадна эрдэмтэд шинэ бүтээлээр анагаах ухааны ирээдүйг урьдчилан хэлэх боломжтой болох гэнэ. Хэрвээ бид тархины дохионы тусламжтайгаар хүний хүслийг урьдчилан мэдэж чаддаг болбол хиймэл эрхтний тусламжтайгаар хөгжлийн бэрхшээлтэй хүмүүс, түүний дотор тархи нугасны гэмтэлтэй хүмүүсийн үе мөчний хөдөлгөөнийг залуурдах боломжтой болох аж.

Н.Сүрэн


URL:

Сэтгэгдэл бичих