Хөдөөд тэмүүлж буй хөгжлийн “жолоо”-г зөв залах нь чухал

post_17_lНэг үе монгол нутагт хот руу тэмүүлсэн нүүдэл их байлаа. Бараг л айл саахалт, баг, сумаараа хотын зүг ачаалсан билээ. Энэ их нүүдэл чухамдаа хөгжлийн ялгавартай байдлаас үүдэлтэй гэдэг нь маргах аргагүй үнэн юм. Хөгжил хаана байна, тийшээ хөсөг нүүдлийн цуваа эргэдгээс хойш тэдгээр хүнийг буруутгах аргагүй. Хөдөөд ажлын байр алга. Тийм байхад л залуусыг их, дээд сургуулиа төгсөөд хотод “шингэдэг” гэж шүүмжилдэг. Хүн амьдрахын тулд ажиллах ёстой. Гар хөдөлгөж байж ам тосдох нь хүн төрөлхтний бичигдээгүй хууль.

Нийслэлийн хүн амын хэт төвлөрөл, утаа униар, дэд бүтэц, нийгмийн үйлчилгээний хомсдол энэ шилжилт хөдөлгөөний үр дагавар гэдэг нь ч нэгэнт тодорхой болсон. Нэг үгээр хэлбэл, хотын даац хэтэрсэн болохоор энд олон асуудал урган гарсан. Утаа, тоосжилт, хуурайшилтыг жинхэнэ утгаар нь хот “үйлдвэрлэж” байна. Машины дуу чимээ, бензин, дизелийн тортог гээд хүний эрүүл мэндэд халтай бүхэн нийслэлд бий боллоо.

Аймгийн төвүүдийг дорвитойхон хөгжүүлсэн байхад уг нь энэ мэт олон асуудал шийдэгдчих учиртай. Аймаг бүр “Нарантуул” шиг томоохон худалдааны төвтэй, тэнд зарагдах бараа, бүтээгдэхүүний үнэ нийслэлийнхтэй ижил байвал хотыг зорих хүмүүс аяндаа цөөрөх нь дамжиггүй. Мөн хөдөөд эмнэлгийн үйлчилгээ гаргуун сайн байх шаардлагатай. Бас тэнд сургууль, цэцэрлэг хангалттай байвал зохилтой. Энэ бүхнийг дагаад ажлын байр ч нэмэгдээд ирнэ.

Сүүлийн үед залуус хөдөө амьдрахыг илүүд үзэх болжээ. Утаа урагт нөлөөлж байна гэх айдас бий учраас Улаанбаатараас зугтаах сонирхол олон хүнд байгаа нь нууц биш. Олон эмэгтэй цэвэр агаар бараадан хүүхдээ өсгөж байна. Ер нь ажаад байхад дээр өгүүлсэн их нүүдлийн цуваа эргэх шинжтэй болчихжээ. Гэхдээ хөдөөг хөгжүүлсэн тохиолдолд л гэдгийг санах хэрэгтэй.

Монгол нутаг өргөн уудам, алслагдсан сум суурин олон, дэд бүтцийн хөгжил харьцангуй сул гэхчилэн бэрхшээл бишгүй бий ч энэ бүхнийг өнөөдөр шийдэхгүй бол маргааш шийдэхийн тулд улам л их ажил ундарна. Зөвхөн аймгийн төв ч бус сумын төвийг орхигдуулахгүй хөгжилд хөтлөх хэрэгтэй байна. Зах зээлийн нийгэмд шилжсэнээс хойш хөгжлийн бодлогоос гээгдэж хоцорсон газар бол сум. Халаалт дулаан, халуун ус, цахилгаан эрчим хүч гээд асуудал энд ар араасаа хөвөрч байдаг нь амьдралын жирийн дүр зураг. Сумдад дүн өвлийн хүйтэнд сургууль, эмнэлэг нь хөлдөж, гал түлж хичээллэж, хүн төрүүлсэн тохиолдол байсаар л байна.

Хүн ам хаана суурин амьдарч байна, тэнд хэр хэмжээндээ таарсан дэд бүтэц зайлшгүй хэрэг болдог. Тэгэхээр сумын төвүүдийг нэгдсэн халаалт, дулаанаар хангаж, бохирын шугамтай болгох ажлыг нэн түрүүнд хийх хэрэгтэй юм. Хэрэв ингэж дөнгөвөл тэнд амьдарч буй хүмүүс хотынхноос дутахгүй амьдралын ая тухыг хүртэх боломж бүрдэнэ. Үнэн чанартаа хүн таатай амьдрах тэр л нөхцөл хөдөөд үгүйлэгдээд байгаа тул орон нутаг эзгүйрээд байгаа хэрэг. Ер нь хөдөөгийн хүн амд чиглэсэн багц бодлогууд хэрэгтэй байна. Монгол Улс бүсчилсэн хөгжлийн үзэл баримтлалтай болсноос хойш багагүй хугацаа өнгөрсөн. Гэсэн ч энэ бүсчилсэн хөгжил манцуйдаа нойрссон хэвээр байгаа юм. Энэ үзэл баримтлал биелэлээ  олсон бол манай оронд эдүгээ хөдөөд тэмүүлсэн хөгжил давамгайлах байлаа. Даанч тэгсэнгүй. Гэлээ гэхдээ одоо бас хожимдоогүй байна. Хөгжлийн жигд байдлыг хангах, өргөн уудам нутаг дэвсгэрээ эзэнгүйрүүлэхгүй байх чухал зүйл нь хөдөөд чиглэсэн бодлого яах аргагүй мөн.

Мал аж ахуй, газар тариаланг голлох аж ахуйгаа болгосон манай орны хувьд хөдөөгийн хөгжлийг орхигдуулж огт болохгүй. Харин ч энэ салбараа дагуулж ажлын байр олноор бий болгох хэрэгтэй. Хүний хэрэгцээ цөм бүрэн газар л амьдрал хэвийн үргэлжилнэ. Тэгэхээр хөдөөд тэмүүлж буй хөгжлийн “жолоо”-г зөв залах нь чухал юм.

mnb.mn


URL:

Tags:

Сэтгэгдэл бичих