Бид кибер халдлагын эсрэг бэлэн үү

Өнгөрсөн долоо хоногт МҮОНТ-ийн вэб сайт гадны хакеруудын кибер халдагын бай болжээ. Мөнөөх хакерууд өөрсдийн лого болон таних тэмдгээ үлдээчихэж. Гэхдээ айхтар хор хохирол учруулаагүй бололтой. Бодвол ганц нэг хакерийн зугаагаа гаргасан үйлдэл биз. Гэсэн ч халдага л бол халдлага. Энэ мэт халдлага хаа сайгүй өдөрт хэдэн зуугаараа гардаг бөгөөд тэр тоолонгоор хохирлын мөнгөн дүн өсч байдаг. Сүүлийн жилүүдэд өндөр хөгжилтэй орнууд кибер дайралт нь хохиролтой болохыг сануулж үүний эсрэг тусгай байгууллагуудыг хэдийнэ байгуулаад эхэлсэн. Хойд Солонгосчууд хүртэл кибер халдлагад бүрэн бэлтгэгдсэн 500 гаруй хакерийг дэлхий даяар тараан байрлуулсан гэдэг юм билээ. Харин иймэрхүү халдагад манай улс хэр зэрэг бэлтгэлтэй, ажиллах мэргэжилтэн нь ямар түвшинд байдаг юм бол. Ямартай дэлхийн чиг хандлага, программ хангамжийн хөгжлөөс хоцроогүй байх.

Цусгүй дайн гэж нэрлэгдэх болсон хакеруудын довтолгоон амжилттай болж чадвал бүхэл бүтэн улсын сан хөмрөгийг агшин зуурт байхгүй болгох аюултай. Гол аюул нь хэн гэгч этгээд хаанаас халдаж байгааг нь олж тогтооход хэцүү төдийгүй технологи хөгжихийн хэрээр хакеруудын арга барил улам бүр нарийсч байгаа аж.

Саяхан нэгэн хакер фээсбүүк сайт руу олон сая спам явуулсан хэргээр баригдаж. Гэхдээ хэргийг нь бараг л нотлох боломжгүй байгаа бололтой. Бас хакерийн өөр нэг бүлэглэл мөн энэ сайт руу халдахаар заналхийлж, өдөр хоногоо хүртэл зарлаж. Дэлхийн хэмжээний том вэбүүдийн хамгаалалт дээд зэргийн байх нь гарцаагүй. Манай байгууллагууд энэ тал дээр анхаарч, мэргэжилтнүүдээ бэлэн болгож байхад нэг их буруудахгүй болов уу. Гайгүй биз гэж бодож явтал нэг л өдөр байгууллагын чинь данс халдлагад өртчихсөн байхыг үгүйсгэхгүй. Наанадаж л хамгаалалтын программаа сайжруулж, хөгжилтэй орнуудтай энэ тал дээр зэрэгцэж л явахыг хичээх хэрэгтэй биз ээ.

Я.БАЯРБААТАР


URL:

Tags:

Сэтгэгдэл бичих