Шударга, хэлсэнээсээ хэзээ ч буцдаггүй байх нь эр хүнийг чимдэг хамгийн эрхэм чанар

527-14376325051e522525d2f468723f3e99b8a96bb304bigМонгол Улсын харцага Б.Одгэрэлийг “Залуус”-ынхаа хойморт урьж ярицсанаа уншигч Танд хүргэе
-Юуны өмнө төрийнхөө их баяр наадмаар амжилттай сайхан барилдаж улсын харцага цол хүртсэнд уншигчдынхаа өмнөөс баяр хүргэе… .
-Баярлалаа. Би 2009 онд аймгийн хурц арслан болсон. Тэр цагаас хойш улсын цолонд хүрэхийг эрмэлзэж, бэлтгэл сургуулилтаа базааж байлаа. Өнөө жил төрийнхөө их баяр наадмаар 6 давж, улсын харцага цол хүртсэндээ баяртай байна. Улсын цолонд хүрнэ гэдэг уйгагүй бэлтгэл сургуулилт, хүч хөдөлмөр, тэсвэр хатуужлын нэг илрэл гэж ойлгож байна.
-Улсын харцага хэмээх эрхэм хүндтэй цолны болзлыг хангачихаад Төрийнхөө тугийг тойроод дэвж явах тэр агшинд ямар мэдрэмж төрж байв?
-Тав даваад их баярласан даа. Урьд нь 2011 оны наадмаар дөрөв давж, тавын даваанд өвдөг шороодож байлаа. Мөн хоёр, гурвын даваанд олон удаа өвдөг шороодсон. Тийм учраас улсын цолонд хүрчих юмсан гэж үнэхээр их мөрөөдөж, хичээсэн. Мэдээж тэр босго нь тавын даваа, энэ өндөр босгыг давж, Улсын начны болзол хангачихаад учиргүй их баярласан.
Энэ даваанд Булганы өсөх идэр начин Энхбаттай барилдсан. Өмнө нь бид гурван удаа таарч барилдаж байлаа, тийм болохоор бие биенээ мэдэрч сайхан уран барилдаж чадсан. Харин зургаагийн даваанд ёстой л хар багаасаа чөлөөт бөхөөр хамтдаа хичээллэж, нэг жинд барилдаж явсан үеийнхээ сайхан арслантай тунаж барилдсан.
Ганзориг бид хоёр хоёулаа аймгийн арслан болоод л заал танхимын барилдаануудад түрүү үзүүр, дунд шөвөг, доод даваануудад ч их олон таарч барилдсан даа. Өнөө жил төрийнхөө наадамд тунаж барилдан, найзаараа зургаа давж, улсын харцага болох хувьтай байжээ.
-Ингэхэд хэзээнээс эхлэн Үндэсний бөхөөр хичээллэсэн бэ?
-Анх 2000 онд Дархан спорт хорооны дасгалжуулагч Баярсайхан багшийнхаа удирдлагад чөлөөт бөхөөр хичээллэж эхэлсэн. Тэр үеэс л мөн үндэснийхээ бөхөд хорхойсч тууштай хичээллэсэн дээ.
-Бөх удам дагадаг гэдэг юм билээ. Таны хувьд…
-Миний хувьд удам гээд байх зүйл байхгүй ээ, өөрийнхөө хүсэл сонирхолд хөтлөгдөөд л барилдаж эхэлсэн. Тухайн үед манай ангийн хүүхэд одоо чөлөөт бөхийн ОУХМ Амархүү шүү дээ, тэр маань бөхийн чөлөөт барилдаанаар хичээллэдэг байсан юм. Найз минь намайг нэг өдөр “Чи бэлтгэл хийгээд үзээч” гээд дагуулаад явлаа, би ч дагаж очоод найзынхаа бэлтгэл хийхийг хараад хэсэг зүгээр суув. Тэгсэн Баярсайхан багш миний дэргэд ирээд “Чи барилдаж үзмээр байна уу?” гэж асуудаг юм байна. Би ч тэгье гээд л барилдсан. Ингээд л 2000 оны 9 дүгээр сарын 5-ны өдөр багшдаа шавь орж, бөхийн эрдэмд суралцаж эхэлсэн дээ.
-Гарыг тань ганзаганд, хөлийг тань дөрөөнд хүргэсэн багшийнхаа тухай дурдахгүй юу?
-Тухайн үеийн Дархан спорт хорооны дасгалжуулагч одоо “Хасу мега старс” кулбын дасгалжуулагч Баярсайхан багш минь миний бөх болох гарааг эхлүүлсэн хүн. Бэлтгэл сургуулилтыг маш чамбай хийлгэнэ, цаг маш сайн барина. Ер нь тэгсгээд өнгөрөөх цаг гэж огт байдаггүй, хором бүрийг үр дүнтэй өнгөрүүлдэг, жаахан ч гэсэн юм сургачих юмсан гэсэн чин сэтгэлтэй тийм л сайн багш даа миний багш.
-Анх зодоглосон наадам, анхны даваа, унаа болгон тань дурсамж хадгалан үлдсэн байх…
-Тийм ээ. Үндэснийхээ бөхөөр хичээллэж эхэлж байх үед өсвөр, залуучуудын улсын аварга шалгаруулах барилдаан гэж болдог байсан юм. Тэр тэмцээнүүдэд оролцсоноор л барилдааны гараагаа эхлүүлж байлаа. Хэдийгээр түрүүлээгүй ч долоо, есдүгээр байрт шалгарч, тэдгээр амжилтдаа их урамшиж, илүү хичээдэг байсан.
-Таныг маш олон наадам хүлээж байгаа. Бас бөхөд хайртай олон мянган үзэгч танаас илүү их амжилт хүсэх нь гарцаагүй шүү дээ…
-Тийм ээ. Нутгийнхаа сайхан аварга Эрхэмбаяр, Өсөх-Ирээдүй харцага, өөр олон сайхан ах нараасаа суралцаж, тэднээсээ үлгэр дуурайлал авч бэлтгэл сургуулилтаа чамбай сайн хийнэ. Тэр хэмжээгээрээ бөхөд хайртай түмнийхээ итгэлийг дааж, илүү их амжилт үзүүлэхийг хичээнэ.
Миний хувьд 2004 оноос л улсын харцага Өсөх-Ирээдүй ахыгаа дагаж, ахаасаа суралцан, ах шигээ сайхан харцага болох юмсан гэж бодож, хичээж мөрөөдөж явсан. Төрсөн ахаас минь ялгаагүй намайг дагуулж, зааж зөвлөж явдаг ахдаа маш их баярлаж явдаг юм.
-Төрсөн нутаг ус, бага насны тань дурсамжаас хуваалцья?
-Би 1985 онд Сэлэнгэ аймгийн Жавхлант суманд төрсөн. Долоон хүүхэдтэй өнөр өтгөн айлын 5 дахь хүү нь. Дөрвөн сайхан эгч, эрэгтэй, эмэгтэй хоёр дүүтэй. Би Жавхлант сумандаа 8 дугаар анги, Дархан-Уул аймгийн 9 дүгээр сургууль, “Их шавь” биеийн тамирын дээд сургуулийг дүүргэсэн.
Малчин айлын хүүхдүүд бага насаа хэрхэн өнгөрүүлдэг билээ тэр л жишгээр бага насаа үдсэн. Аав минь аймгийн алдарт уяач Бат-Очир гэж сайхан буурал бий. Аав минь уяач учраас хурдны морь унах, хурга ишиг, хонь хариулах, унага, тугал татах гэх мэт ажилд тусалж зуны амралтаа өнгөрүүлдэг байсан даа.
-Уяач аавын хүү унаач байсан нь лавтай…
-Сумын наадамд олон жил, олон ч хурдны морь унасан, тэр хэрээрээ олон удаа түрүү, айраг авсан.
-Тэгвэл одоо хэр сайн уяач вэ? Ер нь хурдны моринд хэр хорхойсдог вэ?
-Уяач аавын дэргэд өссөн болохоор бас айлын том хүү учраас аав шигээ мундаг уяач болох юмсан гэж бодож, ааваасаа суралцаж байгаа. Ахуй соёл, өөрийн гэсэн адуун сүрэг бий. Анх 2004 онд азарга, соёолон хоёр гардаж уяад сумынхаа наадамд түрүүлгэж байсан. Хурдны морь уяж сойн, Төрийнхөө наадамд торгон жолоо өргүүлнэ гэдэг монгол эрчүүдийн хийморийн нэг илэрхийлэл гэж ойлгодог.
-Улсын цолонд хүрсэн залуу бөхийн хувьд Та Монгол эр хүний, тэр тусмаа монгол бөхийн жудаг ямар байх ёстой гэж боддог вэ?
-Хамгийн шударга бөгөөд хэлсэн үгнээсээ хэзээ ч буцдаггүй байх нь л эр хүнийг чимдэг хамгийн эрхэм чанар гэж ойлгодог. Харин монгол бөхийн
ёс жудаг ямар байх ёстойг нутгийнхаа бөх Эрхэмбаяр аваргаар төсөөлж, тэр хүнээс суралцаж явдаг юм.
-Зэвсэгт хүчнээр овоглогдож, офицерын эгнээнд хэзээ элссэн бэ?
-Анх 2007 онд аймгийн арслан болсон, тэр жилээ Зэвсэгг хүчний “Алдар” спорт хорооны тамирчин болж байлаа. Ер нь цэргийн болон тамирчин хүнд ижил талууд их бий л дээ. Тэвчээр хатуужил, эр зориг, эх оронч үзэл гээд л…
Миний хувьд Зэвсэгт хүчнээр овоглогдож яваадаа урамтай байдаг. Бас байнга тусалж дэмждэг “Алдар” спорт хороо болон Зэвсэгт хүчний 337 дугаар ангийн удирдлага, хамт олондоо баярлаж талархаж явдаг юм. Өнөө жилийн баяр наадмаар урамтай сайхан барилдсаныг минь үнэлж Зэвсэгт хүчний удирдлагаас ахлах дэслэгч цолоор шагнасанд баяртай байна.
Улсын цолтой бөхийн, ахлах дэслэгч цолтой офицерын хувиар хаана ч явсан биеэ зөв авч яваарай гэдэг үгийг “Алдар” спорт хорооны орлогч дарга, хурандаа Д.Цог-Эрдэнэ Та бүхэнд яг л аав шиг нь сургаж байхыг сонссон…
-Тийм ээ. Бидний зовлон жаргалыг мэдэрч, бидэнтэй хамгийн ойр байж чаддаг, үнэхээр л аав, ах, найз шиг минь байж чаддаг мундаг хүн дээ манай орлогч.
-Хүсэл мөрөөдөл, зорилгынхоо талаар тодотгооч?
-Хүний хүсэл мөрөөдөлд хязгаар байдаггүй. Миний хувьд хүсэж мөрөөдсөн зүйлийнхээ нэгээхэн хэсэгт хүрлээ. Цол дагаж маш их хариуцлага нэмэгдэж байгаа. Тийм учраас эхний ээлжинд цолондоо эзэн байж, цолныхоо хэмжээнд сайхан барилдахын, дараагийн амжилтуудад хүрэхийн тулд хичээх болно.
-Ямар ч тамирчны амжилтын цаана ар гэр байдаг шүү дээ…
-Тийм ээ, хань минь их эмч мэргэжилтэй Сэргэлэн гэж бүсгүй бий. Бид нэг охинтой. Миний ажлыг, спортыг маш сайн ойлгож, намайг дэмжиж, арын албыг дааж чаддаг ханьдаа болон Зэвсэгт хүчний “Алдар” спорт хороо, Зэвсэгт хүчний 337 дугаар ангийн бие бүрэлдэхүүн, нутгийн зон олон, надад тусалж, намайг дэмждэг бүхий л хүмүүстээ баярлалаа гэж хэлье. Та бүхнийхээ итгэлийг дааж, улам их амжилт үзүүлэхийн төлөө хичээнэ гэдгээ амлая.
Цаг гарган ярилцсанд баярлалаа. Танд амжилт хүсье!
Ахлах дэслэгч Д.МЭНДБАЯР
Эх сурвалж: “Соёмбо” сонин

URL:

Сэтгэгдэл бичих