Б.Хонгор: “Соёл-Эрдэнэ”-ийн дуу бүхэн “амь”-тай гэж боддог

25438f528499a9cboriginalТав, зургаахан настайдаа аавыгаа даган урлагийн тайзнаа гарч, олны танил болсон дуучин Б.Хонгорыг энэ удаагийн ярилцлагын зочноор урилаа. “Соёл-Эрдэнэ” хамтлагийн хамгийн залуухан гишүүн нь болж байсан дуучин өдгөө аавынхаа үргэлжлэл болон уран бүтээлийг нь амилуулж явна.

 

-“Соёл-Эрдэнэ” хамтлагийнхан“Алдрын од”-ын эзэн боллоо. Энэхүү тэмдэглэлт үйл явдалд зориулан хийсэн залуу уран бүтээлчдийн тоглолтод та оролцож аавынхаа дууг амилуулсан. Нийслэлийнхээ төв талбайд хүмүүсийн сэтгэлд зүрхэнд хоногшсон дуунуудыг дуулж байхад ямар мэдрэмж төрсөн бэ?

 

-Ярилцлагын өмнө тайлбар хиймээр байна. Саяхан нийслэлийн төв талбайд болсон тоглолтын талаарх мэдээллийг уншихад хүмүүс буруу ойлголттой байгаа юм шиг санагдлаа. Залуу уран бүтээлчдийн зохион байгуулсан тоглолт бол “Соёл-Эрдэнэ” хамтлагийн бие даасан тоглолт биш. Харин ах нарыгаа “Алдрын од”-ын эзэн болсонд нь баяр хүргэсэн залуу уран бүтээлчдийн хүндэтгэлийн тоглолт юм. “Соёл-Эрдэнэ” хамтлагийнхан 1970 оноос бэлтгэл хийж, дараа жил нь албан ёсоор байгуулагдсан. Тиймээс “Соёл-Эрдэнэ” хамтлагийг байгуулсны 45 жилийн ойн тоглолт 2016 онд болно.

 

-Тоглолтын дараа залуу дуучдын дуулах ур чадварын талаар шүүмжлэл их гарлаа. Дуучид бэлтгэлээ дутуу хийснээс үзэгчдийн сэтгэлд хүртэл тоглолтоо үзүүлж чадсангүй юү?

 

-Энэ тоглолтыг маш богино хугацаанд зохион байгуулсан. Тоглолтын дараа бидэнд талархал илэрхийлж, ах нар маань уран бүтээлийнхээ хэсгээс үзэгчдэдээ толилуулсан. “Алдрын од”-ын тоглолтыг телевизээр шууд дамжуулсан. Монголын телевизүүдийн цацалтын чанарын хувьд бусад улс оронтой харьцуулахад эхлэлийн төвшинд байгаа нь харагддаг. Зураачид уран бүтээлийнхээ хар зургийг гаргасны дараа өнгө будгаа хийдэг. Тэгж байж бүтээл нь илүү амьтай болно. Телевизийн уран бүтээл ч гэсэн үүнтэй ажил ажиллагаатай байдаг. Гэтэл жишиж тайлбарлахад “Алдрын од”-ын тоглолтын хувьд өнгө будаггүй, хар зургийг нь телевизүүд шууд цацчихсан. Энэ утгаараа “Соёл-Эрдэнэ” хамтлагийнханд зориулан зохион байгуулсан тоглолтын талаар шүүмж их гарлаа. Түүнээс болж, залуу дуучдыг янз бүрээр бичиж, хэлсэн. Тоглолтод оролцсон залууст бэлтгэл хийх хугацаа бага байсныг ойлгох хэрэгтэй. Хөгжимчид ч гэсэн маш богино хугацаанд тоглолтод бэлтгэсэн юм шүү.

 

-Хийж бүтээсэн хүн л шүүмжлүүлдэг. Харин ямар ч зүйл хийгээгүй хүн сайн муу үг сонсохгүй шүү дээ. Тиймээс манай залуу дуучид шүүмжлэлийг зөвөөр хүлээж авна гэдэгт итгэлтэй байна.

 

-“Алдрын од”-ын тоглолт залуу уран бүтээлчдийн хувьд гэнэтийн шалгалт боллоо. Тиймээс энэ удаагийн тоглолт тэдэнд уран бүтээл туурвих эрч хүч, урам өгөх болов уу хэмээн бодож байна.

 

-Хүмүүс зарим дууг анхны хувилбараар нь илүү хүлээж аваад сурчихсан байдаг. Тиймээс залуу дуучдын зарим дууг өөрчилсөн байдал үзэгчдийн сэтгэлд хүрээгүй болов уу?

 

-Тийм. Би аавынхаа дуунуудыг багаасаа дуулсан. Гэтэл яг хуучны хэв маягаар нь дуулахыг хүмүүс хүсээд, хүлээгээд байдаг нь мэдрэгддэг. Нөгөө л сонсох дуртай дуугаа, анх олны сонорт хүрсэн хувилбараар нь сонсохоор нэхдэг. Тиймээс би хүмүүсийн хүсч хүлээгээд байгаа уран бүтээлийг нь хүргэх юмсан, хэсэгхэн хугацаанд ч болов дурсамжит цаг хугацаанд нь аваачихыг хүсдэг. Яагаад ч юм, хуучны дуунууд өөрийн гэсэн“сүнс”-тэй байдаг юм шиг санагддаг л даа. Тэгэхээр “Соёл-Эрдэнэ” хамтлагийн дуунуудыг “амь”-тай гэж боддог.

 

-“Соёл-Эрдэнэ” хамтлагийнханд “Алдрын од”-ыг гардуулах мөчид та тэнд байсан. Тухайн үед таны сэтгэл өег байсан ч аавыгаа үнэхээр үгүйлсэн байх?

 

-Яг“Алдрын од”-ыг гардуулах ёслолын ажиллагааны үеэр Соёлын төв өргөөний дээр солонго татаж байсан. Тэр үед надад үнэхээр сонин мэдрэмж төрсөн. “Соёл-Эрдэнэ” хамтлагийн зарим уран бүтээлч одоо тэнгэрийн оронд байгаа. Магадгүй тэр хүмүүс баярласнаа солонго татуулж илгээсэн юм шиг санагдсан. Тэр өдөр тэдгээр хүмүүсийн насан туршдаа зүтгэсэн хөдөлмөрийг Монголын төр засаг үнэлсэн учраас үйл явдалд очсон бүх хүн баярлаж талархаж хүлээж авсан болов уу.

 

-“Никитон” хамтлагийн дуучин Б.Батчулуун та хоёр хамт зогсч байгаа харагдсан.

 

-Ер нь“Соёл-Эрдэнэ” хамтлагаас төрөн гарсан уран бүтээлчид, үр хүүхдүүд нь одоо ч гэсэн урлагт хүчин зүтгээд явж байна. Манай Батчулуун, Халиун, Наранбаатар ахын охин байна. Тэд өөр мэргэжил эзэмшсэн ч урлагт хүчин зүтгэсээр явна. Галсанбат ахын хүү, Нандинцэцэг эгчийн хүүхдүүд гээд бид тэднийхээ нэр хүндийг цааш нь өргөж авч явахын төлөө хичээж байна.

 

-“Соёл-Эрдэнэ” хамтлагийн хамгийн залуухан гишүүн болж байсан таныг урлагийн хүн болоход аавын тань нөлөө их байв уу?

 

-Сүүлийн үеийн мэдээллээс уншихад хүүхэд таван нас хүртлээ өөрийнхөө үндсэн төлөвшлийг олж авдаг гэсэн. Миний хувьд ч гэсэн яг тийм зүйл болсон юм шиг санагддаг. Соёлын төв өргөө, “Соёл-Эрдэнэ”, филармонийн бэлтгэлийн өрөөнд миний хүүхэд нас өнгөрсөн. Тоглолт хийхэд нь тайзны ард, эсвэл үзэгчид дунд суудаг. Тэр бүгдээс л би урлагийн анхан шатны мэдлэгийг олж авсан. Тиймээс би хүүгээ урлагтай ойр байлгах гэсэн үүднээс студидээ авчирч, дууны бичлэгийг хэрхэн хийдэг, дуучид бэлтгэлээ яаж базаадгийг харуулах дуртай. Би хүүгээ бас л урлагийн хүн болох байх гэж боддог. Урлаг миний хувьд гэгээлэг, сайхан ертөнц. Аавыг минь өнгөрсний дараа “Соёл-Эрдэнэ” хамтлагийн ах нар намайг өөрийнхөө хүүхэд шиг өдий болтол бөөцийлсөн. Би“Соёл-Эрдэнэ” хамтлагийн гишүүнээр ажилладаг. Тэндээсээ цалин аваад, нийгмийн даатгалаа төлүүлээд олон жил болж байна даа. Хэдийгээр аав минь хажууд байхгүй ч хамтлагийн ах нар сургаалаа хайрлаж, зааж сургадаг.

 

-Хэдийгээр та урлагийнхантай ойр өссөн ч өөр мэргэжил сонгосон. Одоо мэргэжлээрээ ажиллаж байна уу, эсвэл сонирхлоо дагаад урлагийн замаа хөөж явна уу?

 

-Би гэр бүлтэй болоод удаагүй байна. Тиймээс эхлээд гэр бүлийнхээ амьдралыг цэгцлэх хэрэгтэй гэж боддог. “Гэрээ засаад төрөө зас” гэсэн үг бий. Ер нь урлагийн хүмүүс нийгмийн зүтгэлтэн юм шиг санагддаг. Хүссэн хүн бүр урлагийн салбарт ажилладаггүй. Энэ бол “Соёл-Эрдэнэ” хамтлагийн надад өгсөн хүмүүжил. Тиймээс эхний ээлжинд өөрийнхөө төлөвшил, бие хүн болоход илүү анхаарсан. Одоо гэр бүлдээ санаа тавих хэрэгтэй гэж бодож байна.

 

-Та анхнаасаа урлагаар явсан бол өдийд хаана байх байсан бол. Энэ талаар бодож байв уу?

 

-Би бас тэгж боддог л юм. Гэхдээ манай ээж намайг хуульч мэргэжилтэй болгосон. Хуульч болсноороо би нийгмийн ухааны талаар илүү ойлголттой болсон. Тийм болохоор би сайн дуулах нь чухал биш. Түүнээс илүү ирээдүйтэй залуу дуучдыг дэмжих хэрэгтэй. Сайн уран бүтээл гаргах нь миний үүрэг юм болов уу. Магадгүй би аав шигээ сайн дуучин болж чадахгүй ч юм бил үү. Аав минь жинхэнэ урлагийн хүн шүү дээ. Гэхдээ би аавынхаа дуунуудыг дуулж, үйл хэргийг нь үргэлжлүүлэх үүрэгтэй. Манайх “White arch” студитэй. Энэ студиэрээ дамжуулан хүсэл мөрөөдлөө биелүүлэхээр ажиллаж байна.

 

-Ямар нэгэн арга хэмжээн дээр таныг зарлахдаа, тантай танилцахдаа хүмүүс үргэлж Баяраагийн Хонгор хэмээн дууддаг. Ингэж тантай хамт аавын тань алдрыг дууддаг болохоор магадгүй илүү хариуцлагатай байхыг өөрийн эрхгүй шаарддаг болов уу?

 

-Ер нь ямар ч зүйлд хүн хариуцлагатай байх хэрэгтэй. Тэр хариуцлагаас магадгүй өнөөдрийн Хонгор бүтсэн байх. Тэгээгүй байсан бол Хонгор ямар ч байх билээ, хэлж мэдэхгүй юм. Аавгүй, хэлж зөвлөөд зандрах хүн байхгүй, яаж задарч амьдрах байсныг би хэлж мэдэхгүй. 1990 оны үед ээжтэйгээ автобусанд хамт суугаад явахад эргэн тойрны хүмүүс хараад, шивэр авир гээд дарамттай байсан. Түүнээс болоод ч тэр үү оюутан байхдаа “Би ганцаараа эрх чөлөөтэй амьдарна” гэсэн дуу хүртэл хийж байв. Би хэдэн жилийн өмнө Тайваньд сурч байгаад ирсэн. Хэн ч танихгүй тийм газар хэсэг амьдрахад надад сайхан байсан. Түүнээс хойш би“Ямар хүмүүсийн төлөө амьдарч байгаа биш” гэж бодоод энгийн амьдрах хэв маягийг сонгосон.

 

-Та юунаас эрч хүч авдаг вэ?

 

-Яг одоо хүүгээсээ л их эрч хүч авч байна. Өөрийнхөө мэдрээгүй, аавтай байх мэдрэмжийг би хүүдээ өгч байгаа.

 

-Хүү тань одоо хэдэн ой хүрч байна?

 

-Хүү минь гурван ой хүрэх гэж байна.

 

-Таны аав хэдийгээр эрт бурхан болсон ч ээж тань ухаантай хүн юм. Таны мэргэжлийг сонгосноор нийгэм, амьдралыг ойлгоход илүү хялбар болсон юм биш үү?

 

-Тэр үед зах зээлийн нийгэм байсан. Картаар бараа авдаг, дэлгүүрийн лангуу хоосон байх үед өрх толгойлсон ганц бие эмэгтэй хүүхдүүдтэйгээ үлдсэн. Бас аавыг амь насаа алдахад ээжийг буруутай хэмээн ярьж, цагдаа шүүхийн байгууллагаар явдаг байв. Сэтгэлийн тэр их дарамт, өнөө маргаашаа гэсэн амьдралын хатуу тэмцэлд эмэгтэй хүнээс гарамгүй ноён нуруугаар тэр бүхнийг даван туулсан даа, ээж минь. Би ээжийгээ хатан мэт хүндэлдэг. Ээж минь багш мэргэжилтэй. Миний эмээ бас багш хүн байдаг.

 

-Ээжийнхээ ачийг багахан ч атугай хариулж чадсан болов уу?

 

-Үр хүүхэд нь сайн явахад л эцэг эхчүүд баярладаг гэдэг. Тийм болохоор миний өдий зэрэгтэй сайхан амьдарч байгаа нь ээжийнхээ ачийг хариулж буй нэг хэлбэр юм болов уу. Нэг удаа ээждээ“Хүү нь таньдаа” гэсэн дуу зохиож бэлэглэж байсан. Энэ дууг сонсоод ээж минь нулимс унагасныг санаж байна. Тэр мөч миний сэтгэлээс хэзээ ч салдаггүй юм.

 

-Та хөгжим тоглодог уу?

 

-Өөрийнхөө хэмжээнд гитар тоглодог. -“Ододтой бүжиглэе” шоу нэвтрүүлэгт оролцож байхыг харсан. Хүүхэд байхдаа бүжиглэдэг байв уу. Их эвсэлтэй харагдаж байсан шүү? -Бүжиглэх дуртай. Бүжгээс хүн их эрч хүч авдаг. Ер нь урлагийн хүн эрч хүчээр буцалж явдаг.

 

-“White arch” студийнхээ талаар танилцуулна уу?

 

-Студиэ“Цагаан хаалга” гэж нэрлэсэн нь учиртай. Энэ газар хуучин Цагаан хаалга байсан. Монголоос явж байгаа болон ирж байгаа хүмүүс Цагаан хаалгаар орж, гардаг. Саяхан манай студид Буриад улсын сүлд дууллын хөгжмийг бичсэн. Мөн “Никитон”, “Lemons” хамтлагийн цомгийн дууг бичсэн дээ. АНУ-ын“Netflix” компанийн хийж буй “Марко Поло” киноны монгол дуу оруулалтыг манай студид хийсэн.

 

-Ярилцсанд баярлалаа.


URL:

Сэтгэгдэл бичих