Ч.Сайханбилэгийг “савлуулсан” 10 хоног

527-141655214710815925_10152423905087539_1001906076_nЕрөнхий сайд Ч.Сайханбилэг өөрийн суудлаа ганхуулахгүй байхын тулд улс төрийн шийдвэр гаргаж Засгийн газрын зарим гишүүдээ “гол гаргасан”.

Үйл явц өнгөрсөн долоо хоногт албан ёсоор эхэлсэн. Ерөнхийлөгч зөвшилцлийн бичгийнх нь хариуг “дэмжихгүй” гэсэн. Харин Ч.Сайханбилэг зөвшилцсөн болохоос зөвшөөрүүлэх гээгүй хэмээгээд тэр даруйд нь Их хурлын даргад Засгийн газрын зарим гишүүдийг огцруулах тогтоолын төслийг өргөн барьсан.

Хэдхэн хоногийн өмнө “Би сайд нараа явуулахгүй” хэмээж байсан хүн алга урвуулахын төдийд л өөрчлөгдөх нь тэр.

Ингээд байнгын хороодоор сайд нарыг хэлэлцээд явуулсан. Ерөнхий сайд урд орой нь Засгийн газрын гишүүдтэйгээ үдэлтийн зоог бариад асуудлыг нэг тийш болгосон.

Маргааш нь тэрээр чуулган хурал дээр “Би сайд нараа муу ажиллаа гэж огцруулаагүй. Энэ бол цэвэр улс төрийн шийдвэр байлаа”, “Үндсэн хуульд өөрчлөлт оруулъя” гэх зэргээр “матрын нулимс” унаган байж МАН-ын зургаан сайдыг огцруулсан. Харин Их хурлын дарга “Сайд нар муу ажилласан. Тиймээс огцруулж байгаа” гэж Ерөнхий сайдаа загнасаар асуудлыг шийдвэрлэв.

Ерөнхий сайд сая нэг юм амьсгаа авлаа гэж бодоод одоо байгаа сайдууддаа эзэнгүй болсон яамдыг хариуцуулсан. Гэвч С.Эрдэнэ тэргүүтэй “халуурагчид” үүрэг гүйцэтгэхээр авсан яамныхаа ажилчдыг халж, солин ёстой л бантанг нь хутгаж, Ч.Сайханбилэгийнхээ нүүрийг түлж эхэллээ. Үүрээ эвдүүлсэн шоргоолж шиг Хөдөлмөрийн яамныхан шинэ дарга нараа эсэргүүцэж, тэмцлийн хурц хэлбэрт шилжих дээрээ хүртэл тулав.

Дараа нь Эдийн засгийн ил тод байдлын тухай хуулийг баталж авилгачдыг өршөөх нь гэж баахан “баалууллаа”. Ядаж байхад уг хуулийн төслийг Засгийн газраас өргөн барьсан. Гэхдээ уг хуулийг бүр өмнөх засгийн үед санаачлаад өргөнө барихад бэлтгэсэн байсан. Батлагдсан өдөр нь л Ч.Сайханбилэгийн засгийн үед таарчихлаа.

Үүний дараа жинхэнэ тэсрэлт боллоо. Юун нөгөө сайд нарыг огцруулах асуудал. Засгийн газраас өргөн барьсан Өршөөлийн хуулийг чуулганаар хаалттай хэлэлцэж баталж орхив.

“Өршөөлийн хууль батлуулж авилгалчдыг өөхшүүллээ” хэмээн Ерөнхий сайд маань бас баахан зэмлүүллээ. Өршөөлийн хуулийн шуурганаар “Гэмт хэрэгтэн” гэж “цоллуулж” явсан Н.Энхбаяр эх орондоо ирж бүлгийнхээ хуралд гар бие оролцлоо. Түүнийг засгийг эмхлэх ажилд нам нь тавьлаа.Мөн эх сурвалжууд түүнийг Шадар сайдын суудалд суухаар тохироо хийсэн гэж мэдээлж байгаа. Үнэн эсэхийг нь өнөөдөр л харна. Учир нь ээлжит бус чуулганы хугацаа өнөөдөр албан ёсоор дуусна.

Улс төрийн хүрээнийхэний таамаглаж буйгаар шинэ сайдуудыг өнөөдөр эцэслэн батлана. Гадуур явж байсан олон таамагууд өнөөдөр эцэс болно. Хэрэв тэгвэл Ч.Сайханбилэг Ерөнхий сайдын “савалгаатай” 10 хоног үүгээр дуусна. АН-ын бүлгээс өгсөн үүрэг даалгаврын дагуу шинэ сайдууд парламент дотроос тодорхой ёстой. Тиймээс энэ парламентээс сайд хийж үзсэн хүний тоо 30 болж, сайдын түргэвчилсэн дамжааныхан бүл нэмнэ.

Харин түүний суудал “ганхаж” жинхэнээсээ савлуулах өдөр хэзээ бол гэдэг л сонин байна.

Г.Ган /Zaluu.com/

 


URL:

Сэтгэгдэл бичих