Хан-Уул дүүрэгг дахиад л маргаан дэгдлээ

Сүүлийн хэдэн жил тамга тэмдэг, сандал суудалтайгаа зууралдсан Хан-Уул дүүрэгт дахиад л маргаан дэгджээ. Өчигдөр тус дүүргийн VI хорооны иргэд Засаг даргын Тамгын газрын байраа гороолж өнжлөө. Учир нь эл хорооны Засаг дарга С.Цэцгээг улсын тамга тэмдэг алга болгож, үрэгдүүлсэн гэх үндэслэлээр дүүргийн шүүхээс нэг жилийн хорих ял оноож, наймдугаар сарын 5-наас эхлэн хорьсон аж.

Тиймээс энэ шийдвэрийг эсэргүүцсэн тус дүүргийн иргэд ийнхүү байрны өмнө цуглаж, эсэргүүцэл илэрхийлсэн нь энэ юм. Тэдний эхний алхам нь дүүргийн Засаг дарга Ж.Ганхуяг болон Иргэдийн хурлын төлөөлөгч О.Батхуяг нарт шаардах бичиг хүргүүлсэн явдал байв. Хэрвээ товлосон хугацаанд шаардах бичигт хариу ирүүлэхгүй бол суулт хүртэл зарлах тухайгаа хэлж байсан.

Ямартай ч шаардах бичигт “Нам хоорондын ашиг сонирхлын зөрчлийн улмаас ажил үүргээ зохих журмын дагуу гүйцэтгэж байсан энгийн иргэнийг гүтгэж, цагдан хорьсон энэ явдлаа даруй зогсоохыг шаардаж байна” гэжээ.

Харин жагсагчдын дундаас дүүргийн Засаг даргынхаа буруутай үйлдлийг баримт тоочин дэлгэх хүн цөөнгүй байсан юм. Тухайлбал, Ж.Ганухуяг нь дүүргийн Засаг дарга болсноосоо хойш намын гишүүнчлэлээс болж, нэлээд хэдэн албан тушаалтныг ажлаас нь халсан аж. Тэдний хэлж буйгаар тус дүүргийн Нийгмийн даатгалын хэлтсийн дарга Г.Бат-Эрдэнэ, Боловсролын хэлтсийн дарга Ц.Отгончимэг, 10 дугаар сургуулийн захирал Д.Энхтайван гэхчлэн төрийн олон албан хаагчийг ажлаас нь халсан гэнэ.

Түүгээр зогсохгүй түүний энэ бүх үйлдэл нь хууль зөрчсөн болохыг шүүхээр тогтоожээ. Тиймээс Ц.Отгончимэг, Г.Бат-Эрдэнэ нар ажилдаа буцаж оржээ. Харин Д.Энхтайван нь гурван шатны шүүхэд ялж, ажилдаа орох шийдвэр гарсан боловч Засаг “ноён”-ы зүгээс хаалт хийсээр өдийг хүрсэн гэв.

Түрчлэн нэг, хоёр, гуравдугаар хорооны иргэд ярихдаа инженерийн шугам сүлжээтэй газарт зөвхөн нийслэлийн Засаг дарга газар олголт хийх эрхтэй байдаг. Гэтэл дүүргийн Засаг дарга Ж.Ганхуяг албан тушаалын эрх мэдлээ хэтрүүлэн дээрх хороонуудын нутаг дэвсгэрт зохион байгуулалтын төлөвлөгөөнд ороогүй хэд хэдэн газарт өөрийн дураар газар олголт хийсэн гэнэ.

Ямартай ч энэ өдөр бухимдсан иргэдийн жагсаал дүүргийн Засаг даргадаа хандсанаар дуусгавар болсон юм.

О.Мөрөн
Эх сурвалж: “Нийгмийн толь”


URL:

Tags:

Сэтгэгдэл бичих