Өлсгөлөн, захидал, гэрээслэл зэрэг башир аргад хууртагдахаас залхахгүй байна уу?

06ee766a3d4982a95a9225900e933e3fМонголын нэр бүхий хүмүүс, албан тушаалтнууд шорон оронд орж, цагдан хоригдоод эхэлмэгцээ л өлсгөлөн зарладаг болсон нь бичигдээгүй хууль гэлтэй. Хэнийг хохироох гээд байгаа нь мэдэгдэхгүй хуурай болон нойтон өлсгөлөн зарлаж, гэрээслэл бичиж, захидал илгээдэг нь жирийн иргэдээс төдийлөн гардаггүй “арга заль”.

Өөрийг нь гэм буруутай хэмээн хуулийн байгууллагаас үзэж цагдан хорих явцад тэд тохиролцсон аятай өлсгөлөн зарлаж, харин гэрийнхэн нь хийгээд өмгөөлөгчдөөс нь биеийн байдал муу байна гэж бөөн үймээн шуугиан тарьдаг. Гэтэл тэдэнтэй яг адилхан ял зэмтэй жирийн иргэд хүлээх хариуцлагаа үүрч, гэм нүглээ барагдуулаад явж байдаг.
Ер нь  сүүлийн үед авилга, албан тушаалын гэмт хэрэгт холбогдсон албан тушаалтнууд хоригдохоороо гарах гэж бөөн юм болдог нь ёс болоод тогтчих шиг. Үүнийг гуравдахь Ерөнхийлөгч Н.Энхбаяр бүр дэвэргэж, хурцалж өгсөн ч  гэж учир мэдэх хүмүүс хэлдэг.

 

Тэрбээр янз бүрийн хэлбрээр эсэргүүцэл зарлаж өлсгөлөн, өвдөлт аль альнаар нь түрүү барьсаар суллагдаж байсан түүхтэй.

 

Мөн улс төрийн томоохон өлсгөлөнгүүдээс нэрлэвэл О.Магнай нарын хүмүүсийг дурдахгүй байхын аргагүй. 2008 оны долоодугаар сарын 1-нд таван хүн амиа алдах эхлэлийг тавьж, жаг¬саал цуглаан зохион бай¬гуулсан гэдэг үндэс¬лэлээр УИХ-ын гишүүн Ж.Бат¬зандан, ШӨХТГ-ын дарга О.Магнай, УИХ-ын гишүүн асан Б.Жар¬гал¬сайхан нар “зандалчлах” хэмээх зүйл ангиар яллагдаж байв. Шоронд ороод хэдэн сар болсон тэмцэгчид эцэстээ хуу¬рай өлсгөлөн зарлаж, эмнэлэгт хүргэгдэж байлаа.

 

2011 оны зургаадугаар сарын 29. Уул уурхайн компаниуд руу буудсан хэргээр хоригдсон “Гал үндэстэн” холбооны Удирдах зөвлөлийн гишүүн Ц.Мөнхбаяр, Ц.Энхбаяр, Г.Болдбаатар, өмгөөлөгч Г.Дашдэмбэрэл нар өлсгөлөн зарлав. Өөрсдийг нь хууль бусаар хорьсон, гадны хөрөнгө оруулагчид, уул уурхайн компаниуд ард түмнийг мөлжиж байна хэмээн үзэж энэ алхамыг сонгож байсан.

 

2012 оны тавдугаар сарын 31. “Глоб кредит”-ийн захирал асан Ж.Мэндбаяр. Зургаан жилийн өмнө “Глоб кредит” хадгаламж зээлийн хоршооны дарга Ж.Мэндбаярт шүүхээс 10 жилийн ял оноосон. ШШГЕГ-ын харьяа Багануур дахь 427 дугаар хорих ангид ял эдэлж байсан тэрбээр дэглэм бууруулахыг шаардаж өлсгөлөн зарласан юм.

 

2012 оны зургаадугаар сарын 3-нд  Ашигт малтмалын газрын дарга асан Д.Батхуяг албаны эрх мэдлээ хэтрүүлэн “урт нэртэй” хуулийг зөрчин нэлээд олон лиценз олгосон хэрэгт буруутгагдаж  хоригдсон. Харин Д.Батхуяг суллахыг шаардан өлсгөлөн зарласан.

 

Тэгвэл эдгээрийн  араас мөн ч олон хүн өлсгөлөн зарлаж, ял зэмээ хүлээхгүй олон ч хүнийг сандаргаад авлаа. Тухайлбал, “Эрдэнэс Тавантолгой” компанийн ерөнхий захирал асан Я.Батсуурь хоригдоод байхдаа мөн л өлсгөлөн зарлаж байсан.

 

Улмаар УИХ-ын дэд дарга Р.Гончигдорж, Нийслэлийн мэр Э.Бат-Үүл нарын намынхаа журмын нөхдөд захидал бичиж тэд нь бүлэг дээрээ асуудлыг ярин байж даалтанд гаргасан.
Мөн Ерөнхий сайд асан Н.Алтанхуягийн ахлах зөвлөх нь асан Л.Гансүх бас л өлсгөлөн зарлаж, захидал бичсээр урьдчилан хорих төвөөс суллагдаж байлаа.
Ийнхүү өлсгөлөн зарлаж буй улс төрийн хүрээнийхний тоо улам бүр нэмэгдэж байна. Нэрлээд байвал нэр бүхий бүх хүмүүс ч багтаж мэдэх юм.

 

Тэгвэл тэднийг өдгөө ард түмэн төр засгийг шантаажилж, бусдыг айлгаж сүрдүүлэх арга замыг ашиглаж байна хэмээн үзэж байна. Харин өмөөрөх хүн төдийлөн олон биш байгааг дурдах нь зүйтэй биз ээ.

 

Энэ мэтээр өлсгөлөн зарлаж буй этгээдүүдийг харж үзэж, сүрдүүлэгт нь төр засаг байнга шахуу автаж байгаа нь энэ нийгмийн эмгэнэл гэлтэй.

Д.Дуулим

http://www.24tsag.mn


URL:

Сэтгэгдэл бичих