Сүхбаатарын талбайн нэрийг өөрчилсөн нь зөв эсэх талаар санал асуулга явуулна

Сүхбаатарын талбайг “Чингисийнх” болгож өөрчлөх шийдвэрийг 2013 оны долдугаар сард НИТХ гаргаж байлаа. Хэдийгээр тухайн үед иргэдийн эсэргүүцэлтэй тулгарч байсан ч эрх баригчид хүч түрэмгийлэн энэ шийдвэрээ баталгаажуулсан.
d64bc9c1-2f10-4d5b-9ece-c67f2e07ad9cТэгвэл их жанжин Д.Сүхбаатарын үр хүүхдүүд төв талбайн нэрийг “Чингисийнх” хэмээн тодотгосон нь зөв үү, буруу юү гэдгийг албан тушаалтнуудаас биш ард түмнээсээ асуухаар болсон байна.
Тодруулбал даваа, мягмар гаригийн 11.00-17.00 цагийн хооронд талбайн нэрийг өөрчилсөн талаар иргэдийн үзэл бодлыг сонсч, гарын үсэг цуглуулах ажээ.

Талбайн нэрийг зориудаар өөрчилсөн нь их жанжин Д.Сүхбаатарын түүхэнд гүйцэтгэсэн үүргийг бүдгэрүүлэх гэсэн зорилготой гэж дүгнэх хүн цөөнгүй.
Иргэдийнхээ саналыг хотын дарга өчүүхэн төдий ч хайхарч үзэхгүй байгаа учраас их жанжин Д.Сүхбаатарын үр хүүхдүүд төр засагт үгээ хэлж, үзэл бодлоо илэрхийлэхээр шийдсэн нь энэ болов уу.

Жанжин Д.Сүхбаатарын байгуулсан гавъяаг Монголчууд бид мартах нь утга учиргүй. 1921 оны үндэсний ардчилсан хувьсгалын үр дүнд ардын хэмжээт цаазат Засгийн газар байгуулагдсан түүхтэй. Морин дэл дээр сэлэм эргүүлж, исгэрэх сумны эсрэг давхиж явж хувьсгал хийсэн хүмүүстэй энх цагийн баатар Үүлийг харьцуулшгүй.
Тиймээс өөрийгөө “партизан”, “ардчиллын алтан хараайцай” гэж нэрлэх дуртай улстөрчдийн ухвар мөчид шийдвэрийг ус балгасан мэт чимээгүй хараад суух нь зүйд нийцэхгүй нь тун тодорхой.

Их жанжин бага балчир наснаасаа бичиг номд шамдан идэр насандаа Хүрээ, хиагтын их замын өртөөнд улаач хийж байгаад 1912-1919 онд цэргийн албанд мордож, эх орны тусгаар тогтнол, ард түмнийхээ амар амгалан амьдралын төлөө эрэлхэг гавъяа байгуулсан нь түүхийн хуудаснаа тодхон үлдсэн.
Түүний эрэлхэг зориг, гавъяаг үнэлж, Богд хааны зарлигаар 1912 онд тавдугаар зэргийн цагаан шилэн жинс, тогосын отго, 1915 онд дөрөвдүгээр зэрэг, 1917 онд Баргын нутагт хятадын цэрэгтэй амжилттай байлдсан гавъяаг алдаршуулж, гутгаар зэрэг, 1919 онд хууль шаштир хэвлэх газарт сайн ажилласан лам, ардыг хөхиүлэн шагнахдаа Д.Сүхбаатарт дэд зэрэг, 1921 онд бүх цэргийн жанжин Д.Сүхбаатарт гурван нүдэт тогосын отго, зоригт баатар цолоор шагнаж байжээ.

Хэдий энэ цагийн “партизан”-ууд түүний гавьяа зүтгэлийг бүдгэрүүлэхийг оролдож байгаа ч тэр нь талаар болно гэдэгт олон хүн итгэлтэй байна.
“Хэрвээ өнгөрсөн үе рүүгээ гар буу шагайвал ирээдүй үе чинь чамруу их буугаар буудна” гэж үг бий. Зарим “партизан” улстөрчид Д.Сүхбаатарын Монголын түүхэнд гүйцэтгэсэн гавъяаг баллуурдахаар оролдож байгаа нь өнгөрсөн үе рүүгээ гар буу шагайж буйгаас өөрцгүй нь мэдээж.


URL:

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд FACT.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.