Арслангаас айхгүй үхэр

Цахим харилцааны “Youtube” сайт дээр ийм гарчигтай нэгэн бичвэр байдаг. Африкийн хээр талд, голын хөвөөнд амгалан тавиун бэлчих үхэр сүрэг рүү олон арслан уулгалан дайрах нь амьдралын хэвшил.

Үхэр, арслан хоёр сүрэглэж явдгаараа адилхан ч сүрэг сүрэгтэйгээ дайтна гэж үгүй. Хэдэн арслан баг болж, бас ч үгүй хэрдээ хэрхэн дайрч довтлохоо тохирч, бэлтгэлээ базаасны дараа ганц нэг үхэр рүү онилон таслан хөөж дайрдаг заншилтай. Идэгч, идэгдэгчийн хооронд амь амьдралын төлөө ийм нэг сонин харьцаа, тоглоомын дүрэм тогтсоны учир махчид хоолоор дутаж зутралгүй, гэдэс цатгалан, сэтгэл амгалан амь зуух ажгуу.

Гэтэл яасныг бүү мэд, нэг өдөр үхэр сүрэг арай л өөр болсон харагдана. Арслангийн хурц саварт базуулсан тугалын амь тэмцсэн хөөрхийлөлтэй дуу тэдний өр зүрхийг урснаас уу, эсвэл төрөл нэгнийх нь ариун цус, бүлээн амиар зэрлэг араатнууд хэрхэн хооллохыг харсаар тэвчээрийн хүлээс нь алдарсан уу, бүү мэд, үхэр сүрэг амь тавин зутгахаа гэнэт больж, арслангийн сүргийн өөдөөс нэгэнтээ хэрэн зогсжээ.

Арслангууд юман чинээ үл тооно. Нээрээ ч эд хэзээ байхдаа тэдэнд аюул занал учруулж байсан билээ. Бидний хоол, идэхдээ л иднэ гэдэг бардам санаа, ихэрхэг шунал олон арслангийн нүд болгоноос тодорхой харагдана.

Үхэр сүрэг яах ийхээ зөвлөж байна уу гэлтэй бөөгнөн нягтарна. Энэ ч бас аргагүй биз гэж бодогдоно. Угаасаа барааг нь харуут амь тавих шахан зугтдаг, өмнөөс нь эгцлэн харж ч чаддаггүй эрлэг дайсантайгаа нүүр тулж, “нударга зөрүүлэх” гэж байгаа болохоор өөр яах билээ.

Бусдыгаа манлайлж алхсан нэг бух гэнэт ухасхийн нэг арсланг сэжинэ. Ихэрхэг санаалан тоохгүй байсан арслан цочсон, өвдсөндөө год хийн дутаана. Бусад долоо орчим арслан амь тавих шахан орилох тугалын дээр овооролдоно.

“Эд бас айдаг байжээ”, “Маньд эднийг айлгах зэвсэг байгаа юм байна” гэж үхрүүд ухааран гэнэт зоригжино. Мөөрөлдөн бие биенээ ч зоригжуулна. Өөр бас нэг бух ухасхийн тугалын дээр тонгойх арсланг мөргөн дээш өлгөн шиднэ.

Байдал ихэрхүү арслангуудын санаанаас даанч гадуур өрнөсөн гэсэн үг. Өндөрт шидэгдэж, үнхэлцэг нь хагарах шахталаа айсан арслан амь зулбан мөрөө буруулна. Идэш нь идэш биш, ирт мэс болсныг мэдсэн бусад арслан ч тал тал тийш бутран чавхдаж, зугтаж амжина.

Хөөрхий тугал амь гарна. Анхны тэмцэл, эхний ялалтын эрчээрээ үхэр сүрэг арай зайдуу харж зогсох хоёр арслангч хөөн дутаалгана. Үхэр сүрэг махан тэжээлтэн биш болохоор арсланг барьж идээгүй нь тодорхой. Тэдэнд идэж үл барах өвс ногоо бий болохоор тэгэх хэрэг ч юу билээ. Гэхдээ үхэрт арслангийн хоол болохгүй байж болох боломж байгаа юм байна. Амь тавин ухаан зулаггүй дутааж биш, эргэж хараад, эгнээд хэрэн зогсоход л хоол болохгүй байж болно гэдгийг үхэр гуай ухаарсан байгаасай гэж хүн би залбирна.

Бас толгой дээр чинь арслангийн араа шүднээс арав дахин урт, зуу дахин хүчтэй эвэр хэмээх этгээд нэгэн зэвсэг буй гэдгийг мэдэрсэн байгаасай хэмээн бодно. Нэг бичвэрийн тухай ярьж байгаа болохоор бид нэг удаагийн явдал болгон өгүүлж байгаагаас биш үхэл амьдрал сүлэлдсэн амьтны бусармаг хорвоод ийм тэмцэл, ийм ялалт жирийн л үзэгдэл байх. Гэвч өлгөн бодох аваас бодол бодлын сэжүүр гарах бололтой.

Хүмүүний ертөнцөд ч ухаанаараа, зоригоороо, хиймориороо буурай нь хүчтэй хэмээгчдийг ялдагийг буурал түүхийн хуудас өгүүлэх нь олон. Нэг удаа ялаад зогсохгүй эзэрхийлэл, тамлалаас салсан нь ч олон. Эс тийм бол энэ хорвоо догшин араатны бүрэн эзэрхийлэлд аль хэзээний орчихсон байж таарна.

Б.Түмэн-Өлзий
Эх сурважл: “Зууны мэдээ”


URL:

Сэтгэгдэл бичих