Бэлгэвч шиг хэрэглээ болгосон их хааны минь нэр

527-144064285110419508_757044684366606_7457317348287954190_nМонголд зочилсон өвөрмонгол малчид Чингис хааны хөшөөний өмнө хуугаараа сунаж мөргөцгөөнө. Дахин дахин мөргөх нь Бурханд аврал одуулан мөргөх лугаа адил.
Үнэхээр ч ар, өвөр, баруун зүүн, халимаг, буриад хийгээд ер дэлхийгээр буй бүхий л монголчууд бидний хувьд Чингис хаан маань бурханаас ялгаа үгүй. Монгол гэдэг үндэстний эцэг. Үндэстний эцэг байна гэдэг ямар их яруу алдар, суу билэг болохыг тайлбарлах шаардлагагүй. Зөвхөн Монгол үндэстний эцэг байгаад зогсохгүй нийт хүн төрөлхтний бахархал болсон хүн билээ, бидний эцэг..
Гэтэл өдөр бүр шахам Ордны өмнүүр ажилдаа 5 жилийн турш алхахдаа тийн мөргөн сүсэлж буй Монгол Улсын иргэнтэй би л хувьд таарсангүй. Хэрвээ бидний хэн нэгэн тэдгээр өвөрлөгчид шиг сунан сунан мөргөж байх аваас бид лав түүгээр бахархахаас илүүгээр тасгаасаа зугтаачихсан Шар хадны нэгэн явна гэж бодох магадлал өндөр. Бодит байдал тийм л байна.
Шүтэж, хайрлаж, дээдэлнэ гэдэг хэлбэрдэхийн нэр биш билээ. Бид Чингис хаанаа сэтгэл зүрхээрээ мэдэрнэ гэж ер үгүй, хий хоосон л цээжээ дэлдэж хийрхэх юм. Бараг хүн тоотой болгон нь Чингисийн алтан ураг болно, бараг шовгор болгоноо Чингис уул гэж нэрлэх шахаж байх шив дээ. Чингис нэргүй юм бараг алга болох нь.
Хот, дүүрэг, талбай, зочид буудал, нисэх буудал, архины шил, 00, дов, сондуул хүртэл… Монгол хүн эрхэмийн эрхэм дээдийгээ ингэж хаа сайгүй, үнэ цэнэгүйгээр БЭЛГЭВЧ шиг хэрэглээд байдаггүй л юмсан, уг нь. Тэртэй тэргүй бид улс үндэстэн маань бүгдээрээ, Монгол орны маань алга дарам газар хүртэл Чингис хаанаараа овоглодог байхад, хэн нэгэн үгүй, тийм биш гээд байгаа юм шиг таарсан болгондоо Чингис нэр өгч далжигнаж байх хэрэг юусан билээ. Арай ч гэмээр…
Архи л гэхэд Алтан Чингис, Хар Чингис, Морьтой Чингис, Том Чингис, Жижиг Чингис гэх мэт… Тэгээд тэр архиа уугаад согтоцгооно, халсан үедээ Би Чингисийн монгол гэж орилно, тэр муу, энэ муу гэж бусад руу томорно, нэлээд халаад ирхээрээ заамдалцана, зодолдоно. Тэгээд дараа нь гахай нохой шиг шалбааг шалчиг дотор хөрвөөж хэвтэх. Өнөөх Их хааныхаа нэртэй, хөрөгтэй архиныхаа шилэнд хог цэр нусаа хийнэ, хог новштойгоо хамт хог дээр хаяна.
Хуучин цагт Чингис хааны нэрийг ч хэлэхээс цээрлэдэг, тэгээд газар нутгийг нь хүртэл ӨНДӨР ХААН гэдэг өргөмж сайхан нэрээр нэрлэдэг ухаант дээдсийн тэр их ухаан, сэтгэлийн үртэс нь ч өнөөгийн үр хойчид үлдсэнгүй юу даа гэж халагламаар.
Солонгос, япон, казах, хятадууд их хааны нэрийг их хэрэглээд байна, бид хэрэглэхгүй бол болохоо байлаа гэх шалтаг гаргах нь бас байна. Тэд ИХ ХААНЫ маань нэрийг ихээр хэрэглэж, ашиглаж байгаа нь ч үнэн. Гэхдээ харийнхан хэрхэх нь тэдний хэрэг. Тэд хичнээн хэрэглээд, хичээгээд Чингисийн Монгол болчихгүй.
Тэдэнд Чингис хааны нэр зүгээр л бизнес, реклам төдий. Бидэн адил дээдлэн эрхэмлэж, хүндэтгэн шүтэх нь хаа билээ. Шүтэх аваас сайн л биз. Тэглээ гээд бид муу болчихгүй, харин ч бидний үнэ цэнэ нэмэгдэнэ. Тийм атал бид Чингис хаанд хандаж буй харийнхны түвшинд арчаагаа алдан унаж яанам.
Нөгөө талаар тэдэнтэй хааны нэрийг реклам, бизнесийн түвшинд булаалдан өрсөлдөнө гэдэг угаасаа боломж ч, утга учир ч бага зүйл. Африкууд хүртэл нэг л өдөр Чингисээр өвчлөөд эхлэвэл хэн ч боль гэх боломж үгүй.
Тэр ч бүү хэл зарим үндэстэний зарим эрдэмтэн, зүтгэлтний зүгээс Чингис хааныг өөрийн үндэс угсаа нэгтэн болгох гэсэн санаархал, оролдлого ч их гарах болсон. “Чингис манайх” гэж хэн чанга хашгирсанаар, хамаг юмандаа Чингис нэр аваачаад наачихсанаар Чингис хааныг өмчилчихдөг ч юм биш.
Хамгийн гол нь бид Чингис хааны ёс зүй, зарчимаас нь танин мэдэж, ядахдаа нэг хоёрыг нь ч атугай ахуй явдалдаа чанд мөрдөж, төр улсынхаа нуруу бодлогод хэрэглээ болгох нь чухал юм… С.Молор-Эрдэнэ доктор “Чингисийн этик хэрэгтэй” гээд нэг ном бичсэн дээ.
Үнэхээр бидэнд дээшилж дэвжихэд Чингис гэдэг нэр зүүгээд, Чингис гэдэг ундаа залгилаад, Чингис гэдэг талбайгаар таваргаж явах нь төдий л нэмэргүй, нэмэргүй бүү хэл бүр онигоо ч болох тал руугаа. Харин Чингис хааны ёсзүйгээс суралцаж, тэсвэр тэвчээрийг мэдэрч, ялан дийлж чадаж байсан тэр ухаан, билгээс нь урам, санаа авч чадвал биднийг хэн ч хүлээн зөвшөөрч хүндэтгэх болно.
“Чингис хааны нэрийг хятадууд ашиглаад байна” хэмээн сандарч гүйлдэх нь үр дүн багатай, түүнээс бид төдийлөн цочиж сандрах хэрэггүй юм. Харин ЧИНГИС ХААНЫ ЁС ЗҮЙ, ЗАРЧИМААР хятадууд амжилт гаргаж байна гэвэл тэр бидний хувьд жинхэнэ эмгэнэл болно. Тэгэхээр нэрийг нь хаа хамаагүй газар наахаасаа өмнө Их хааныхаа замнал мөрийг нь эргэцүүлэн тунгааж, түүн лугаа адил хүсэн тэмүүлж чаддаг байх хэрэгтэй санагдана.
Их хааныхаа нэрээр архи гаргаж хэдэн бор төгрөг олно гэдэг, түүнээ энд тэнд улс оронд үзүүлж, харуулж гайхуулж явна бол арай ч дэндүү ядарч туйлдаж дорд орсны шинж биш гэж үү. Хүн аргаа барахаараа л сайн эцгийнхээ нэрийг худалдаж иддэг.
Америкт хэдэн жил болохдоо Вашингтон гэдэг нэртэй архи, барбикю байхтай би л лав таарсангүй. Вашингтон нэртэй хот суурин нийслэлээс нь гадна нэлээн хэд бий. Рейгений нэртэй онгоцны буудал ч бий. Жефферсон, эсвэл Грантын нэртэй гудамж бараг хот бүхэнд бий. Манайх шиг хот нь ч, онгоцны буудал нь ч, талбай нь ч, архи нь ч зөвхөн ганцхан үндэснийхээ эцгийн нэртэй бус. Тэр бүрд Америкийн түүхийн маш олон зүгэлтнүүдийн нэр, дурсгалтай байдаг. Тэр хэмжээгээрээ Америкийн түүхийг том, баялаг, америкчуудын сэтгэлгээг цараатай болгон харагдуулдаг.
Туркууд Ата Туркийгээ үндэсний эцэг хэмээн өргөмжилдөг. Хүндлэл бишрэл өндөр. Гэвч манайх шиг юм бүхнээ Ата Туркийнхээ нэрийг наагаад байдаггүй.
Харин Орост Кутузов, Распутин гэх мэт нэртэй хатуу архи бий. Кутузов нартай бид Их хаанаа хэрхэн харьцуулах. Нөгөөтэйгүүр тэд бол өөр үндэстнүүд, соёл, уламжлал, сэтгэлгээ ялгаатай. Харин бид бэлгэ, бэлгэдлийг эрхэмлэдэг дорнын ард түмэн. Хятадад “Күнзийн нутгийн архи” гэсэн архи л буйгаас бус “Күнз” нэртэй архи байхыг би мэдэхгүй юм. Бас Күнз нэртэй хот, буудал, алчуур байхыг ч мэдэхгүй юм.
Еврей нар угийн айхтар улс. Давид, эсвэл Соломон нэртэй барбикю, архи еврей нарт байхгүй. Тэр ч бүү хэл хот ч үгүй, харин мөргөлийн сүм бол бий. Манай хийрхэгчидээс ялгаатай нь энэ. Хэрвээ надад хэн нэгэн еврей Соломон нэртэй архи авчирч бэлэглэвэл би түүнийг лавтай жинхэнэ еврей мөн гэдэгт их эргэлзэнэ ээ…
Яагаад гэвэл түүнд жинхэнэ еврей хүнд байх дотоод итгэл үнэмшил, бахархал, үнэт зүйл алга байгаа учраас тэр. Эрхэмлэн зулай дээрээ байлгах учиртай зүйлээ энгийн хэрэглээтэйгээ хольж хутгадаг бол тэр хэн ч бус зүгээр л нэг өчүүхэн амьтан.
Харин архийг нь бол ууна, гэхдээ дотроо Еврей нарыг шоолж бас өрөвдөж суугаад ууна. Яг л тийм адил Чингис хааныхаа хөрөг, зурагтай архийг маань хараад гадныхан биднийг ихэд өрөвдөж, гайхдаг байх даа. Гэхдээ мэдээж хэрэг жаахан сэхээтэйнүүд нь шүү дээ, люмпэнгүүд нь бол сайхан архи байна л гээд гударч орхих биз.
… “Хөөе тэр ХАР ЧИНГИС авьяа. 05-ынхаас нь. 10 000 төгрөг билүү, май” гэх мэт үгсийг Монголын хаана ч очсон сонсоно. Хичнээн ч хямдхан байдаг юм. Амны алдас, явдлын алдас, сэтгэлийн алдас, бодлын алдас, хувь төөргийн алдас гээч юм нь бүгдээрээ нэг дор зэрэгцэнэ гэдэг энэ л байдаг байх даа.
Юу эрхэм, юу үнэ цэнэтэй, юуг хоймроо залдаг, юуг хатавчиндаа тавьдаг гэдгээ хэзээ ялгаж салгах сөгөөтэй болох улс вэ, бид чинь.
Чингис хааныг харьцуулахын аргагүй Сүхбаатартай өрсөлдүүлж мунхаглана. Буянт Ухаа гэж их сайхан нэр байлаа, уг нь. Байчихаад Чингис болгочих. ӨНДӨР ХААН гэж сайхан нэртэй хот байлаа. Байчихаад Чингис хот болгочихож, хаан ч үгүй шүү. Сүхбаатарын талбай гэж сайхан талбай байлаа.
Байчихаад Чингисийн талбай болгочихож. Нэр усыг хуугаар нь сольчихоор Ардчилсан хувьсгалыг гүйцээгээд төгс хийчихэж байгаа нь тэр юм байлгүй дээ. Будаач будаач гэхээр сахлаа будав гэдэг шиг л… Ингэхэд Чингис хаанаас өөр юу ч үгүй Монгол уу даа гэмээр.
Ичмээр юм, Чингис нисэх буудалд буугаад, Чингис таксигаар яваад, Чингис зочид буудалд тухлаад, Чингисийн өргөн чөлөөгөөр алхаж, Чингисийн талбайд очиж, Чингисийн хөшөөг үзээд, Чингис архи тулгаад, Чингис хотод зочлоод, Чингис шорлог идээд, Чингис 00-оор хошногоо арчаад буцаж байгаа гадаадынхны өмнөөс нүүр байтугай юм улайна даа.
Чингис хааны нэрийг хэрэглэх тухай хууль журам гэж уг нь баймаар санагдах, ухаарч ойлгохгүй бол журамлаж ойлгуулах хэрэгтэй мэт.
Ам дүүрэхгүй шахам архинд, Алгын чинээхэн талбайд, Атгын дайтай толгойд бүү хэл Алтан дэлхийн хэмжээний нэр юмсан уг нь. ЧИНГИС ХААН…
Б.Номинчимэд

URL:

Сэтгэгдэл бичих