Айлчлал “будаа” болж, Сү.Батболд булайгаа чирэв

Англи улс ойрын хоёр гурван жилдээ Монголд айлчлалын урилга өгөх нь юу л бол-

Ерөнхий сайд С.Батболд энэ сарын 27-ноос Их Британи Умард Ирландын нэгдсэн вант улсад бараа бологчдоо дагуулан айлчлахаар товлоод байв. Гэтэл ирэх оны нэгдүгээр сар хүртэл хойшлогдсон гэх хуурай мэдээлэл тарсан ч албан ёсоор бол манай Ерөнхий сайдыг хүлээж авахгүй гэдгээ Их Британи улсаас мэдэгджээ. Ийм мэдэгдэх бичгийг өнгөрөгч даваа гарагийн орой Монголын Засгийн газарт ирүүлсэн тухай эх сурвалж мэдээлж байна.

Гадаад харилцааны яамны Төрийн нарийн бичгийн дарга Д.Цогтбаатарыг Б.Хурцын шүүх хуралд Монгол Улсаа төлөөлөн оролцохоор Лондон хотыг зорьсон гээд байсан нь худлаа төдийгүй Англи улсад очиж Ерөнхий сайдын айлчлалын бэлтгэлийг хангуулах, манай Ерөнхий сайдыг хүлээж аваач гэж гуйлгуулахаар илгээсэн гэдэг. Тэгэхээр Д.Цогтбаатар ч амаа алгадуулчихаад буцаад ирж байгаа гэсэн үг. Хөөрхий Гадаад харилцааны яамныхан энэхүү айлчлалыг бэлтгэх гэж хэчнээн мөнгө цаг үрээ бол.

Их Британи манай Ерөнхий сайдыг хүлээж авахгүй гэсэн гол шалтгаан нь их гүрнийг басамжлан доромжилсон Монголын Засгийн газрын үйлдэлтэй холбоотой гэдгийг ч хэлсэн бололтой юм. Юутай ч Дамирангийн Энхбатыг Батын Хурц гэдэг хүнээр хулгайлуулах тушаал өгч гүйцэтгүүлсэн Монголын Засгийн газар энэ бүхэнд буруутай гэдгийг Их Британийн дээрх мэдэгдэл нотлоодохлоо.

Өөрийнх нь улсад зах зээлийн эдийн засгаар боловсорсон, туурга тусгаар Монгол Улсын Ерөнхий сайд С.Батболд өөрийг нь хүлээж авахад татгалзахгүй гэсэн бат итгэлтэй байсан ч тэрбээр булайгаа чирэх нь энэ. Айлчлалыг хойшлуулсан, Монгол Улсын Ерөнхий сайдыг хүлээж авах боломжгүй гэсэн
нь зөвхөн ИБУИНВУ ч юм уу, Монгол Улсын асуудал бус Европын холбоонд ч нөлөөлөхүйц явдал боллоо.

Ерөнхий сайдыг дагалдан явах гэж байсан бүх хүмүүст Шенгений виз өгөөгүйг бодоход Европын холбооны улсуудад хүртэл энэ хэрэг явдал нөлөөлсөн нь илт. Европын холбоонд алдсан нэр хүндээ хэрхэн олж авах вэ гэдэг дээр С.Батболд, түүний танхим толгойгоо ажиллуулах хэрэгтэй болох нь. Өөрөөр хэлбэл, нүдний булай болсноо хэрхэн тайлбарлах нь сонин байна.

Монгол Улс Америк, Орос улстай стратегийн түншлэлийн гэрээ байгуулсан. Гуравдагч орон нь Герман болох байсан ч Б.Хурцын асуудлаас болоод тэд шууд татгалзчихаад байгаа юм билээ. Харин Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж саяхан Япон улсад айлчлахдаа тус улстай стратегийн түншлэлийн гэрээ байгуулах бэлтгэлийг хийж, хамтарсан мэдэгдэл гаргаж, 2012 оноос бүх түвшинд, урт хугацаанд хамтарч ажиллахаар тохиролцож гавьяа байгуулчихлаа.

Энэ бүхнээс гадна Англи улс Б.Хурцын ар гэрийнхэнд удаан хугацааны виз олгохоос татгалзсан гэсэн мэдээлэл бий. Бас Монгол дахь Элчин сайдаа ч эргүүлэн татсан. Энэ бүхэн чинь Их Британи их гүрэн, их гүрнийг басамжилбал ингэдэг юм гэдгээ хэлээд байгаа хэрэг биш гэж үү.

Монгол Улсын Ерөнхий сайд С.Батболдын айлчлал хойшилсноор манай улсын нэр хүнд дэлхийн улс орнуудад ямар хэмжээнд орчихоод байгааг харуулсан хэрэг боллоо. Д.Энхбатыг баривчлуулахаар Б.Хурцыг явуулсан, улсынхаа нууц албаны ажилтныг гадаадынханд барьж өгсөн, эцэстээ төрийн өндөр дээд хэмжээний айлчлалаа хойшлуулсан, олон улсад Монголын нэр хүнд унасан гээд энэ бүхэн Н.Энхбаярын Засгийн газраас эхтэй. Энэ хэрэг явдал даамжирсаар С.Батболдын Засгийн газартай золгож, эцэстээ ойрын хоёр гурван жилдээ Монголын төр, засгийн тэргүүнүүд манай хилээр бүү алхаарай гэдэг хатуухан сануулгыг өгчихөж байгаа ч юм билүү.

Нэг үгээр хэлбэл, энэ бүх хэрэг явдал МАХН-ын үе үеийн дарга, удирдлагуудын увайгүй, өөрийн орны хууль, хүний эрх эрх чөлөө байтугай олон улсын хэм хэмжээ, дүрэм журмыг уландаа гишгэдэг, улс төрийн наад захын соёлгүй, өчүүхэн хувийн эрх ашгаа боддогийг харууллаа.

Улсын эрх ашгийг хувийнхаас доогуур тавьж ирсэн МАХН, МАН-ын дарга байсан болоод байгаа Н.Энхбаяр, С.Батболд нар Монгол Улсын нэр хүндийг хэдийд яаж аврахыг нь харж л байя.

Монголын түүхэнд ийм булай явдал байсан болов уу. Улс, нам дотроо хийдэг бусармаг явдлаа дэлхийн хэмжээнд баригдахгүй гэж бодоод хийсэн юм биш биз дээ. Саваагүй нохой саранд хуцна гэгч болов шив, ху намынхан.

Б.Оюунгэрэл


URL:

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд FACT.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.